Хэнтийн хоёр суманд дөрвөн баавгай устгажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Баавгай уулнаас бууж, малчны хот, гэрт халдаж буйтай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны ажлын хэсэг Хэнтий аймгийн Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдад энэ сарын 6-9-ны хооронд ажилласан байна. Тус ажлын хэсгийнхэн Хэнтий аймгийн Засаг даргын 2019 оны А/510 захирамжаар байгуулагдсан Шуурхай багийн хамт сумдын ажлын хэсгийнхэнтэй газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэн, хамтран ажиллажээ.

Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн мэдээллээр Батширээт, Баян-Адрага сумдын Онон, Хурх, Барх багуудад есдүгээр сарын 12-ноос хойш баавгай айлын хотонд орж мал барих, гэр байшин сүйтгэн эд материалын хохирол учруулж, ард иргэдийг айдаст автуулж байгаа тул  хүний амь насанд онц аюултай нөхцөл үүсэхээс урьдчилсан сэргийлж  дөрвөн баавгайг устгасан байна.

Хэнтий аймгийн хойд талын хөвчийн сумдад энэ намар баавгайн  дайралтаас болж үүссэн хохирол ойролцоогоор 60 орчим сая төгрөг болоод байгаа ажээ.

БОАЖЯ-ны ажлын хэсгийнхнийг орон нутагт ажиллах үеэр Батширээт сумын Турагтханы энгэрт байх малчин Д-ийнхээс дуудлага ирж ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан тэр хавийн айлуудаар орж, тухай нөхцөлд хэрхэн ажиллах, мэдээлэх талаар зөвлөмж өгсөн байна.

Баавгайг унтуулан зөөвөрлөх, дайжуулах зорилгоор ажлын хэсгийнхэн баавгайд отолт хийж ажиллажээ.  Олон удаа айлын хотонд орж хүний амь насанд аюул учруулах эрсдэл үүссэн тохиолдолд сумын ажлын хэсгээс хуулийн заалт, төвөөс өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу баавгайг аюулгүй болгон тоо толгойг зохицуулах,  хойшлуулшгүй арга хэмжээ авах чиглэлийг БОАЖЯ-наас томилогдсон ажлын хэсэг сумдын удирдлагуудад өгчээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(139.5.219.16) 2019 оны 11 сарын 15

Алж хороогоод байхаар хоол тэжээл бэлдэж өгмөөр юм даа

0  |  0
Top