Б.Өсөхбаяр: Архангай аймагт "Шинэ наран" суурьшлын бүсийг байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяртай ярилцлаа. 


-Архангай аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэр хангаж байна вэ?-

Энэ жил газрын гарц сайтай сайхан зун боллоо. Бид өвөлжилтийн бэлтгэлийг боломжоороо хангаж байна. Нэгдүгээрт мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хадлан авах, өвс тэжээл бэлтгэх, нөөц бүрдүүлэх, ургац хураалтын ажлыг хийж байна. Газрын гарц сайтай учраас малчид өөрсдөө хэрэглэх, байгалийн хүнд үеийг туулах хэмжээний өвс, тэжээлийг бэлтгэж байна. Аймгийн өвсний нөөцөд хуучин өвс тэжээл ч бий. Гэхдээ өвс, тэжээл нөөцөд авах тендер зарласан. Манай аймаг энэ жил 10.7 мянган га-д үр тариа тариалсан. Үр тарианы болц сайн байна. Үр тариа хураалт 50 гаруй хувьтай явж байгаа.

Хоёрдугаарт, сум, суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил бий. Орон нутгийн өмчид “Ус Архангай” компани аймгийг ундны ус, усан хангамжаар хангадаг. Энэ компанийн засвар үйлчилгээ, үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах ажлыг хийж байна. Мөн “Эх голомт илч” компани нь шугам хоолойн засвар үйлчилгээнүүдийг график хугацааны дагуу хийж дууссан. Есдүгээр сарын 15-аас халаалт, дулааныг өгч эхэлсэн. Ямар нэгэн доголдол байхгүй. “Эх голомт илч” компани нь хэрэглээний нүүрсээ татан авах ажил хийж байна. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд хийж дууссан гэж үзэж болно.

-Бүтээн байгуулалтын хувьд аль салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаа вэ?

-Энэ жил манай аймагт хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Өмнөх жилийн зургаан төсөл, шинээр 44 төсөл арга хэмжээ нийлээд 125.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын онцлог бол тухайн жилдээ баригдаж дуусах, эсвэл жил дамжин хэрэгждэгээрээ онцлогтой. Дээрх төсөвлөгдсөн төсвөөс энэ жил 35.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгасан. Энэ хөрөнгө оруулалт нь улс, орон нутгийн төсвөөр болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас бүрдэж байгаа. Нийт хөрөнгө оруулалтын 50 орчим хувийг боловсролын салбарт оруулж байна. Шинээр сургууль цэцэрлэг барих, засварлах, соёлын төвүүдийн барилга он дамжин баригдаж энэ жилээс ашиглалтад орж байна. Шинээр барих барилга угсралтын 24 ажилд 20.1 тэрбум төгрөг  зарцуулж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажлуудын тендер шалгаруулалт 94 хувьтай байна. Архангай аймагт 960 хүүхдийн хичээлийн байр он дамжин баригдахаар ажил нь эхэлсэн.

Төр захиргааны болон сумдын Засаг даргын Тамгын газрын барилга байгууламжуудын хөрөнгө оруулалт хүндрэлтэй байдаг. Энэ жил хоёр сумын Засаг даргын Тамгын газрын байрыг барих ажил төсөвт тусгасан. Энэ ажлыг тодорхой графикийн дагуу гүйцэтгэж байгаа.

Энэ жил хийхээр төлөвлөсөн шугам хоолой, засмал зам, гүүрний ажил 100 хувь дуусаж, бид хүлээж аваад байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан Орхон голын гүүр, Орхон голын төгсгөлөөс Их тамир сум хүртэлх мянганы замын хэвтээ тэнхлэгийн 136 км замын ажил жаахан удаашралтай байгаа. Энэ ажил  тендер шалгаруулалтын шатанд гацсан байгаа.

УИХ-ын гишүүдийн багцад багтаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгагдсан ажил, арга хэмжээнүүдийг нэлээн эртнээс тухайн салбар яамд аймгийн ерөнхийлөн захирагчид эрх шилжүүлсэн. Эрх шилжүүлсэнтэй уялдаад аймгийн Худалдан авах ажиллагааны газар тендерийг шуурхай зарлаж, цаг тухайд нь хийсэн. Яамдад үлдсэн, захиалагч нь тодорхой ажлууд жаахан удаашралтай, гацаад яваад байна. Зам, барилга, бүтээн байгуулалтын ажил нь зун, намрын зургаан сарын хугацаанд хийдэг ажил. Гадаа хасах хэмд хүрчихээр барилга, бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болдог. Тиймээс тендер шалгаруулалтыг эртхэн зохион байгуулаад явах нь чухал байна.

-Тендер шалгаруулалт удааширч байгаа нь юутай холбоотой вэ?

-Компаниуд ямар нэгэн аргаар сонгон шалгаруулалт, тендерт ороод бүтээн байгуулалтын ажил авчихдаг. Авсан хойноо тухайн ажлыг гүйцэтгэх техник, тоног төхөөрөмжгүй. Ний нуугүй хэлэхэд зөвхөн тамга гэрчилгээ, цүнх барьсан аж ахуй нэгжүүд маш олон болсон. Энэ нь хоёр бэрхшээлийг үүсгэдэг. Авсан тендерийн ажлаа хугацаандаа хийдэггүй, чанаргүй гүйцэтгэдэг.Араасаа нэхэл дагуул болгодог.

Хоёрдугаарт, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг тендер шалгаруулалттай холбоотойгоор гацаадаг. “Тендер шалгаруулалтыг шударга бус боллоо” гээд аль нэг компани нь АТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт хандаж гомдол гаргадаг. Маргааныг эцэслэн шийдэгдтэл АТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас тендерийн ажлыг явуулдаггүй. Тухайн маргаан нь наад тал нь сар, цаашаа хэдэн сараар үргэлжилдэг. Ийм байдлаар энэ жил Архангай аймагт 2, 3 ажлыг тендерт оролцогч компаниуд гацаасан. Цаашид чанаргүй, найдваргүй компаниудыг хар жагсаалтад оруулж, олон нийтэд зарлана гэсэн бодолтой байна. Ер нь улсын төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр чанаргүй барилгын компаниуд олширдог. Тийм учраас барилгын компаниудыг улсын хэмжээнд аттестатчилах шаардлагатай байна.

-Архангай аймагт Дулааны цахилгаан станц барина. Хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байна вэ?

-Архангай аймагт олон улсын төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж буй томоохон ажлууд бий. Түүний нэг нь Дулааны цахилгаан станц барих ажил юм. Тендерийн сонгон шалгаруулалтыг явуулаад гүйцэтгэгч компани шалгарсан. Ажил нь эхэлж байна. Ирэх 2020 оны арванхоёрдугаар сар гэхэд барьж дуусгахаар төлөвлөсөн. Дулааны цахилгаан станц баригдсанаар манай аймагт тулгамдаж байгаа дулаан хангамжийн асуудал эцэслэн шийдэгдэнэ.

Мөн Архангай аймаг нь газар нутгийн хувьд тэлж хөгжихөд жаахан хавчигдмал аймаг. Тиймээс суурьшлын бүсийг нэмэгдүүлэх хүрээнд “Шинэ наран” хороолол байгуулна. Энэ бүсэд 17, 18 мянган хүн суурьших суурьшлын бүсийг бий болгох иж бүрэн төлөвлөлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тусламжтайгаар хийж дууссан. Зураг төсөл бэлэн болсон. Эхний ээлжид хорооллын дэд бүтцийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх, нийгмийн салбарын дэд бүтцийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийтийн ахуй үйлчилгээний барилга байгууламжийг барих ажлыг улсын төсвөөр хийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top