Тархиндаа байгаа оюуныг зүрхэндээ байгаа хайртай, заах арга барилаараа нийтгэж, хүүхэд хэмээх цагаан цаасан дээр хүн болох эхлэлийг бичдэг хүмүүс бол багш нар. Энэ 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нийт 39.6 мянган багш ажиллаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын баярын 53 дахь өдрийг тохиолдуулж Монгол орон даяар Оны тэргүүний багш, Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн сургуулиудыг тодрууллаа.
Улсын хэмжээнд 93 цэцэрлэг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна
Монголын багш нарын баярын 53 дахь өдрөөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд өнгөрөгч баасан гарагт 2018-2019 оны хичээлийн жилийн “Оны тэргүүний багш”-аар шалгарсан Булган аймгийн хоёрдугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Т.Уранбайгаль, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын сургуулийн бага ангийн багш Ч.Янжинлхам, Архангай аймгийн нэгдүгээр сургуулийн бага ангийн багш С.Ганчимэг, нийслэлийн Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн газар зүйн багш Л.Одмандах нарын шагналыг гардуулан өгөв. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар Улсын тэргүүний цэцэрлэгээр Увс аймгийн Улаангом сумын тавдугаар цэцэрлэг, Булган аймгийн Булган сумын хоёрдугаар цэцэрлэг, Архангай аймгийн Ихтамир сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны цэцэрлэг тус тус шалгарав.
Улсын хэмжээнд 1500-аад цэцэрлэг байдаг бөгөөд 8000 орчим багш ажилладаг. Цэцэрлэгийн багшийн мэргэжил маш их тэвчээртэй, сэтгэл зүрхтэй байхыг шаарддаг. Улсын тэргүүний шалгарсан таван цэцэрлэг нь сургалтын хөтөлбөрөө нэмэлт байдлаар боловсруулж, эрүүл мэндийг дэмжих, зөвөөр үлгэрлэх, явуулын багш нар гэрт нь очиж хичээл заах, жимс жимсгэнэ тарих, 24 цагийн бүлгээр хичээллүүлэх, өрөө танхим тохижуулах зэрэг амьдралд ойр хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Цэцэрлэгийн багш нарын ачааллыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлснээр сургалтын чанарт ахиц гарсан талаар Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Н.Оюунбат хэллээ. Цэцэрлэгийн багш нарын тулгамдсан асуудлаас дурдвал хүүхдийн гарын авлага, тоглоом, багш нарын нөөтбүүк дутагдалтай байдаг аж. Улсын төсвөөр 132 цэцэрлэг ашиглалтад оруулах байснаас энэ жил 93 цэцэрлэг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.
Багш нар цалин хөлс ярихаасаа илүү маш хариуцлагатай, чин сэтгэлдээ, ажилдаа хайртай байх нь багш хүний чанар юм
Улсын тэргүүний цэцэрлэг болсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын цэцэрлэг нь 1965 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 17 багш ажилтантай, таван бүлэгтэй, 133 хүүхэд хүмүүждэг. Сургуулийн өмнөх боловсролоор 2-5 настай хүүхдэд байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлан хамгаалах боловсролыг түлхүү олгодог. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд багш нарт хөдөө орон нутгийн нэмэгдэл, илүү цагийг олгодог болсон ба таван жил тутамд зургаан сартай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал өгч байгаа нь сайшаалтай хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Уртнасан хэлсэн бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Д.Шинэчимэг “Багш нарт тулгамдаж байгаа асуудал бол нэг багшид ноогдож байгаа хүүхдийн тоо. Багш нар цалин хөлс ярихаасаа илүү маш хариуцлагатай, чин сэтгэлдээ, ажилдаа хайртай байх нь багш хүний чанар юм. Сэлэнгэ аймгийн хувьд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 86 хувьтай. Энэ жил хувиа ахиулахаар ажиллаж, өргөтгөл хийсэн. Манай цэцэрлэг таван жилийн өмнө 105 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай байсан бол энэ хичээлийн жилд 275 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай болсон” гэв.
Сургалтын чанарын үнэлгээнд тэргүүлсэн сургуулиуд туршлагаа солилцов
Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос Үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж ирсэн бол өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын есдүгээр ангийн сурагчдыг 100 хувь хамруулан зохион байгуулж мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн. Энэхүү чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн 40 сургуульд Монголын багш нарын 53 дахь өдрөөр батламж гардууллаа. Батламж гардсан сургуулиуд харилцан туршлагаа хуваалцах ажлыг энэ өдөр зохион байгуулж батламж гардсан төрийн өмчийн топ 20 сургууль, төрийн бус өмчийн топ 20 сургууль орсноороо онцлог юм. Хөдөө орон нутгаас 14 сургууль шалгарснаас тав нь сумын сургууль байсан нь байршил орон зайнаас үл хамаараад сургуулиудад өрсөлдөх боломж, чадвар байна гэдгийг харуулсан хэрэг юм. Ерөнхий боловсролын сургуулийн 40 гаруй хувь нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд чанаргүй багш бэлтгэдэг олон сургуульд хяналт шалгалт хийх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Боловсролын Бодлогын газрын дарга Т.Ням-Очир онцоллоо.
Монгол Улсад анх удаа суурь боловсролын түвшинд есдүгээр ангийн 33 мянган шалгуулагчдаас математик, монгол хэл, физик, англи хэл дөрвөн агуулгын хүрээнд чанарын үнэлгээний судалгаа явуулж, сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчдаас асуулга авчээ. Энэ нь чанарын үнэлгээнд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлов. Боловсролын үнэлгээний чанарын судалгаагаар шилдэг 40-д шалгарсан сургуулийн захирлууд чуулсан хэлэлцүүлэгт Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ оролцсон юм. Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт багш, удирдах ажилтанд энэ оны наймдугаар сард сургалт зохион байгуулж, сайжруулсан сургалтын хөтөлбөр есдүгээр сараас хэрэгжиж туршлага болж байгаагаараа онцлог юм. Сайжруулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй уялдуулан хичээлийн жилийн зорилгоо ”багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх”-д чиглүүлсэн билээ. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад багш нар үнэлгээ, дүгнэлт өгч, түүнд үндэслэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын сайжруулсан хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургуулийн жишгээр ухаалаг гар утасны хэрэглээг сургууль дээрээ 100 хувь хязгаарлаж, сурагчдад чөлөөт цагийг гаргаж клубийн үйл ажиллагаа явуулдаг байх нь хүүхдийг хөгжүүлэх, идэвхжүүлэх нэг арга юм.
Хэлэлцүүлгээр их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтаар хамгийн хангалтгүй үнэлгээ авсан хүмүүс багшийн мэргэжил эзэмшиж байгаа талаар мөн багшийн цалинг багшийн сургалтын чанараар нь үнэлж олгох хэрэгтэй талаар ахмад багш нар хэлж байв. Хүүхдийг зөв ёс зүйтэй хүн болгон төлөвшүүлэхэд нийгмийн идэхтэй харилцаа, хичээлээс гадуурх үйл ажиллагаа чухал бөгөөд сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо өндөр байгаа сургуулийн сургалтын чанарын үнэлгээ өндөр байгааг багш нар онцолж байв. Мөн хүсэл зорилго нэгтэй эвсэг сайхан хамт олон бий болгох, төлөвлөлт бодлогоо зөв тодорхойлж, ажлын биелэлтийг цаг тухай бүрд нь үнэлүүлэх нь сургуулийн сургалтын чанарын үнэлгээнд ахиц гаргах хөшүүрэг нь болдог ажээ. Бидний хойч үе эх хэлээ сайн мэддэг, эрүүл чийрэг биетэй хүүхдүүд байх хэрэгтэй. Ялангуяа эх хэл, уран зохиолын хичээлийг багаас нь олгож, суурь мэдлэгийг нь сайн суулгавал гадаад хэлийг суралцахад хялбар юм. Эцэг эхчүүдийн шүүмжлэлийг дагуулж байдаг ном, сурах бичгийн стандартыг сайжруулах нь сурлагын чанарт хамаардаг тул боловсронгуй сурах бичигтэй болохын төлөө эрдэмтэн багш нар ажиллах зайлшгүй шаардлагатай юм.
Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургуулийн жишгээр ухаалаг гар утасны хэрэглээг сургууль дээрээ 100 хувь хязгаарлаж, сурагчдад чөлөөт цагийг гаргаж клубийн үйл ажиллагаа явуулдаг байх нь хүүхдийг хөгжүүлэх, идэвхжүүлэх нэг арга юм. Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль нь сүүлийн 18 жил аймгийн олимпиадын аварга сургуулиар шалгарчээ. Тус сургуулийн эрхэм зорилго нь “Аз жаргалтай сургууль” бөгөөд багш нарын ажлыг бодитой үнэлж, сурагчдын сургалтын орчин таатай байх нь сургалтын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль нь 5400 хүүхэдтэй ба 2007 онд тус дүүргийн 19 ерөнхий боловсролын сургуулиас сургалтын чанараараа хойноосоо зургаадугаарт эрэмбэлэгдэж байжээ. Тус сургууль “Жишиг сургуулийг Монголд” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, зөв зохион байгуулалттай ажиллаж, мэдээлэл технологийг нэвтрүүлж, цахим орчныг бүрдүүлж, багш нарыг ажлын байран дээр чадавхжуулж, багшийн журналыг цахим хэлбэрт оруулж, багш нар электрон хичээлийг явуулснаар сурагчдын идэвх дээшилсэн талаар сургуулийн гавьяат багш Март захирал хэлж байв.
Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль нь 5400 хүүхэдтэй ба 2007 онд тус дүүргийн 19 ерөнхий боловсролын сургуулиас сургалтын чанараараа хойноосоо зургаадугаарт эрэмбэлэгдэж байжээ. Тус сургууль “Жишиг сургуулийг Монголд” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, зөв зохион байгуулалттай ажиллаж, мэдээлэл технологийг нэвтрүүлж, цахим орчныг бүрдүүлж, багш нарыг ажлын байран дээр чадавхжуулж, багшийн журналыг цахим хэлбэрт оруулж, багш нар электрон хичээлийг явуулснаар сурагчдын идэвх дээшилсэн талаар сургуулийн гавьяат багш Март захирал хэлж байв. “Шинэ үе” сургуулийн захирал, ардын багш Ү.Маам “Боловсролын хөгжлийн цөм бодлогоор манай сургууль багшийн хичээлийн технологийг сайжруулах, сургууль дээрээ сургагч багшийн баг байгуулж, аймгуудын багш нарт очиж хичээл заах туршлага явуулж багшийг хөгжүүлэх, нэг мэргэжлийн багш нарыг баг болгож, хамтарч ажиллуулсан. Ном сурах бичиг, гарын авлага бүтээдэг бүтээлч багш нарыг бий болгох нь сургалтын чанарт нөлөөлдөг” гэж сургууль бүхэн өөрийн сайн туршлагаа хуваалцсан үр өгөөжтэй уулзалт боллоо.
Сэтгэгдэл ( 0 )