Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драм эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Монголын үндэсний Номын сангийн шинэчлэх ажлыг зогсоох болсон тухай энэ сарын 8-ны өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн билээ.
Тэгвэл дээрх байгууллагын удирдлагууд өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ.
"ТӨВ НОМЫН САН, ТЕАТРЫН БАРИЛГЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭНГҮЙЛЭН ХҮСЭЖ БАЙНА"
Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ц.Түвшинтөгс “Монгол Улсын урлаг соёлын ууган байгууллагуудын барилга, бүтээн байгуулалтын ажлыг зогсоох гэж буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэнтэй холбогдуулан энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Ё.Баатарбилэг сайд аравдугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлээ эргэн харж, Төв номын сан, Дуурь болон Драмын театрын барилгыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Нийгэмд худал болон сөрөг мэдээлэл тарааж, ард иргэдийг төөрөгдүүлж буй асуудлыг таслан зогсоож, соёл урлагийн шинэчлэлийг зоригтой эхлүүлэх цаг болсон. 1970 оноос өмнөх эдгээр барилгуудыг газар хөдлөлтийн аюулгүй байдал, тэсвэрийн тооцоололгүйгээр хийгдсэн” гэв.
“Ё.БААТАРБИЛЭГ САЙДЫГ ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРАХ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА”
Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу “Бид ядарч байна, зовж байна, цангаж байна гэж төр засаг, олон түмэнд хэлж байгаагүй. Монгол Улсад орчин цагийн урлагийн байгууллага үүсэж хөгжөөд 100 хүрэхгүй жил болж байна. 1931 онд Улсын төв театрыг үүсгэн байгуулж байсан. Энэ үйл явцыг түүх судлаачид нүүдэлчин ардын оюуны ертөнцөд шинэ соёлыг авчирсан түүхэн үйл явц, оюуны хувьсгал болсон гэж үздэг. Ер гаруй жилийн хугацаанд төр, түмэн олныхоо ивээл дор хөгжиж ирсэн сайн сайхан зүйл олон байна. Гэвч дэлхийн хөгжлөөс хоцрогдож байгаа олон зүйл байна. Тухайлбал, манай театрын хувьд Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр гурван байгууллага хамт үйл ажиллагаа явуулж байна. Маш товчоор хэлбэл гурван өрөө байранд гурван айл байгаатай ижил байгаа. Дундаа нэг гал тогоотой, нэг плитктэй учраас зарим нь өглөө, зарим нь өдөр, зарим нь шөнө ажиллаж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар Монголын соёл урлагт дэмжлэг туслалцаа хүссэн олон асуудалд онцгой анхаарч эхэлсэнд бид маш их баярласан. Тухайлбал өнгөрсөн жилээс эхлэн урлагийн салбарын цалинг 8-35 хувь нэмэгдүүлж, олсон орлогоо 100 хувь байгууллага ажилтныхаа нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах эрхийг олгосон. Мөн барилгын ажлыг нь өргөтгөх томсгох хөрөнгө санхүүг шийдвэрлэж өгсөн. Бид дэлхийн улс орнуудаас техник тоног төхөөрөмж, барилга байшингаараа асар хол хоцорсон. Дэлхий нийт орчин үеийн техникээр бүрэн тоноглогдсон байхад бид гар ажиллагаатай хоцрогдсон төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнийг төр засаг анхаараад шинэчлэлт засварлалтын ажил эхлэх гэтэл хэсэг бүлэг хүмүүс зориудаар харлуулан муутгаж энэхүү ажлыг зогсоох гэж байгаад маш их харамсаж байна. Манай барилгын чанар маш их муудаж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болсон. Ё.Баатарбилэг сайд аравдугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлээ эргэн харж, Төв номын сан, Дуурь болон Драмын театрын барилгыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна" гэв.
“НОМЫН САНЧИД МААНЬ БОРОО ОРОХООР УСНЫ ГУТЛАА ӨМСӨЖ, ШАЛНЫ АЛЧУУРАА БАРИАД АРХИВ ДОТРОО АЖИЛЛАДАГ”
Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Улсын драмын эрдмийн театр 1960 оноос, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 1953, Үндэсний номын сан 1950 оноос хойш одоогийн энэ барилгадаа үйл ажиллагаагаа явуулж байна. Гурвуулаа модон каркасаар хийгдсэн. Сүүлийн 70 жилийн турш их засварын ажил, цахилгааны тоног төхөөрөмж, сантехникийн шинэчлэл огт хийгдэж байгаагүй. Анх яаж баригдсан яг тэр хэвээрээ байгаа. Гамшиг эрсдэлийн үнэлгээгээр “Ашиглалтын шаардлага хангахгүй буюу ослын байдалтай” гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт тав буюу түүнээс дээш удаа байгууллага болгон дээр очсон. Үндэсний номын сан бороо орохоор номын санчид нь усны гутлаа өмсөөд шалны алчуураа бариад архив дотроо ажилладаг.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилгууд дээр ирж танилцаад эдгээр барилгыг үнэхээр шинэчлэх цаг болсон байна. Хоёрын хооронд засвар хийсэн болоод яахав. Нэг байгууллагын хэсэгчилсэн засварын ажил 400 сая төгрөг болж байна. Хүчитгэхэд 680 сая төгрөг шаардлагатай. Жил болгон ингэж засвар хийж байхаар нэг мөсөн өргөтгөж шинээр томсгоод бариад өгье гэсэн. Ингээд нэг байгууллагад дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан. Гэвч мэргэжлийн хүмүүс нь үг дуугараагүй байхад мэргэжлийн бус хүмүүс, байгууллагууд соёлын өвийг устгах гэж байна гэж хэдэн талаас нь шүүмжилсээр байгаад засварын ажлыг зогсоох хэмжээнд хүрчихсэнд маш их харамсаж байна.
Манай барилгууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг учраас нэн даруй шинэчлэх засварлах цаг болсон. Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн манай гурван барилга дээр ирж, газар дээрээс нь сурвалжлаач ээ. Дотор нь ажиллаж байгаа хүмүүсээс үнэн бодит мэдээллийг аваасай. Үндэсний номын санд Монголын ард түмний бий болгосон оюун санааны өв соёл тусгаар тогтнол нь байгаа. Тэрхүү соёл түүхийн тусгаар тогтнол маань ямар хүнд хэцүү нөхцөлд байгааг бид хангалттай харуулсан. Үндэсний номын сангийн барилга цахилгааны ил монтажтай. Гал гарах өндөр эрсдэлтэй. Бороо орохоор түүх соёлын хосгүй өвөө живүүлчихгүйн тулд ажилтнууд нь усны гутал өмсөөд урсаад ирсэн шалбаагийг арчиж байгаа. Энэ соёлын өвөө хамгаалах аврах цаг болсон. Амь нь хэзээ мөдгүй тасрах гээд байна” гэсэн юм.
“ЭНЭ БАРИЛГЫГ БУДААД ТОРГООГООД БАЙХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ ГЭДГИЙГ ТА БҮХЭН ОЙЛГООД ӨГӨӨЧ”
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд “Би сүүлийн 60 жил драмын театрын барилгын шинэчлэлт өөрчлөлтийн талаар сонсож байна. 1960 онд намайг тэнд ажиллахаар ирэхэд л нэг театрын барилгад гурван өөр байгууллага байгаа нь хүрэлцэхгүй байна хэмээн үе үеийн мундгууд маань холбогдох удирдлагууддаа хэлж, гомдоллодог байсан. Нэг жарны турш яригдсан асуудал анх удаа шийдлээ олоход би маш их баяртай байсан. Гэвч ажил яг хэрэгжих мөч болоход хүмүүс шүүмжилсээр байгаад зогсоож байгаад харамсаад барахгүй байна. Драмын театрын барилгыг ослын түвшинд хүрсэн гэдгийг Монголын төдийгүй Германы мэргэжлийн байгууллага тогтоосон. Манай театрын байранд зун жүжиг үзэхэд дээрээс нь борооны дусаал гоождог. Тэр барилгын модон каркас нь илжрээд бүх тоосго нь хөгцөрч хагарч үйрсэн хэзээ мөдгүй нураад ирэхэд бэлэн байна гэдгийг тогтоочихсон. Ийм барилга дотор ажиллаж байгаа, энэ театр дотор тоглож байгаа жүжигчдийн амь үнэгүй юм гэж үү. Энэ барилгыг будаад торгоогоод байх ямар ч боломжгүй гэдгийг та бүхэн ойлгоод өгөөч. Энэ театрын барилгыг нураагаад хаячихгүй. Яг энэ загвараар нь томоор шинээр барих гэж байгаа. Манайд ирж тоглож байгаа гадаадынхан чааваас даа зайлуул гэж өрөвдөж л тоглодог. Энэ барилгыг шинэчлэх ажил зогсох ёсгүй. Боловсролын сайд шийдвэрээ эргэн харах ёстой” гэв.
“УРЛАГ БОЛ УЛС ТӨР БИШ, УЛСТӨРЖҮҮЛЭХЭЭ БОЛЬ”
Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Урлагийн бид хуцдаг замын ноход биш. Бид соёлыг түгээдэг, хүний оюун тархийг тэжээдэг. Олон хүн юу ч мэдэхгүй байж их олон үг ярилаа. Чимээгүй удаан харлаа. Одоо дуугарахаас өөр аргагүй боллоо. Сайн юм хийхэд садаа мунддаггүй гэж ямар үнэн үг вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар уран бүтээлчдийн нөхцөл байдлыг анхааралдаа авч театрыг шинэчилнэ гэдэгт маш баяртай байна. Уран бүтээлч хүмүүс бол нийгмийн баялаг. Энэ баялгаа зарим хүмүүс яагаад хог гэж үзээд байна вэ. Айл гэрийн амьдралыг мэдэхгүй байж гаднаас нь хараад ярих хэрэггүй. Театрын барилгыг театрт ажиллаж байсан хүмүүс нь л мэднэ. Дөрвөн баллын газар хөдлөлтөд тэсвэргүй театрын барилгад тоглолт болох үеэр аливаа эрсдэл болбол олон үг ярьсан хүмүүс хариуцах уу. Бүгд л алга болно. Ийм гамшиг болохоос бид сэргийлж дуугарч байгаа юм. Орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх боломжгүй, хана нь модон дан нуруутай, шороон шохойгоор хийсэн ийм барилгын таазанд олон улсын шийдэлтэй, орчин үеийн гэрэл зооход даахгүй. Ийм байхад нураахгүй яах юм. Нураагаад шинэ технологи, шинэ биет, шинэ дэвшилтэт технологи ашиглахаас өөр аргагүй. Нөгөө талаас уран бүтээлчдийн эрүүл ахуйг бодох ёстой. Урлаг бол улс төр биш. Тиймээс битгий улстөржүүл” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Tuuh soyol ov ulamjlal gej yu baidgiig tosooloh ch ugui naad mal shig darga naraa zailuulaavh. Iim darga udirdlaga gej baih uu
Барихгүй гээд бага биш. Хуучиныг ни нураалгахгүй гээд бна.сайн засдаг аргууд маш олон, тэр шинээр барихаар гэр хороолол дунд бариад гэр хороололынхоныг соелжуулачих .тэгээд сайхан ажлын нөхцөл сайжирна, гоё шинэ байранд тоглоод улсад орлого оруулж улсаар бүү тэжээлгэ . Зөвүү. хүрэлсүхийн дохиогоор бөгсийг ни бүү долоо. ,хураан гээд ягаан 400 сая төг,өөрөө 140-150 айлын газар худалдагдан авахад.илүү гаргах мөнгө шүү. Ягдаа монголын соёл урлагийг сөнөөж буй хүмүүс ч та нар шүү.