Өнөөгийн Монгол орны нутагт оршин амьдарч ирсэн хүмүүсийн оюун санаа, сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлд бугын тухай ойлголт шинэ чулууны үеэс төлөвшин бий болсон бөгөөд хүрлийн эрин үеэс буга нь нэгэн төрлийн шүтээн амьтан болжээ. Үүний гол баталгаа нь Монгол болон түүний хөрш зэргэлдээ зарим нутагт тархсан 1500 орчим буган хөшөө, олон тооны хадны зураг, археологийн малтлагаас гарсан бугын дүрст эд өлгийн зүйлсээр нотлогдож байна. Монголчуудын хад чулуунаа сийлэн үлдээсэн дүрслэлүүдээс бугын дүрслэл өөрийн эрхгүй зураачийн анхаарлыг татаж, энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Балчир бага цагаасаа буга хэмээх ид шидийн гэмээр амьтны тухай үлгэр домгийг ном зохиолоос уншин танилцаж, хадны зургийн гайхамшигт дүрслэлийг нүдээрээ харан, гараараа мэдрэх тэр агшинд эртний анчин-эгэл зураачдын сэтгэлгээний цараагаар бүтсэн чулуун зургийг өөрийн уран бүтээлдээ шингээн дүрслэх хүсэл эрмэлзлэлийг өвөрлөж ирсэн зураач бүсгүй энэ оны хавар “Дээд үүд” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэсэн билээ. Өвөрмөц содон шийдэл, зөөлөн дулаан өнгөөр бүтээлээ шагладаг зураач бүсгүйг П.Байгал гэдэг. Өдгөө Соёл урлагийн их сургуулийн харьяа Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн дунд сургуулийн Дүрслэх урлаг, онол түүхийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй. Түүний бүтээлээ амилуулдаг зөөлөн шаргал өнгөтэй навчис бударсан намрын өдрөөр уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таны “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураачаар ажиллаж байсан Б.Пүрэвсүхийн охин гэдгийг олон хүн мэднэ. Аавынхаа тухай дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Аав минь үг дуу цөөтэй, дөлгөөхөн хүн байсан. Хүүхдүүдээ загнана гэж байхгүй. Хааяа нэг ээж рүү хандаад алив чи нэг хэлээч гэж байгаа л харагддаг. Бид өөрсдөө л хичээлдээ явна, эрхэлж нялхрах юм байхгүй, бусдын л адил зөнгөөрөө л хүн болцгоосон доо. Нийгэм нь ч айдасгүй байж. Одоо хүүхдийг 10 нас хүртэл нь хүргэж өгнө, авна гээд асуудал их болж дээ. Хүний өссөн орчноос хэн болох нь шалтгаалдаг болохоор миний хувьд дүрслэх урлагийг ойлгох, мэдрэх, таашаах бүхий л зүйлсээ гэр бүлээсээ олж авсан. Сургуульд ороод төгссөнөөр л уран бүтээлч болчихлоо гэж шууд хэлж бас боломгүй юм.
-Тэгэхээр зураач болоход дан авьяасаас өөр олон хүчин зүйл нөлөөлөх нь ээ?
-Миний хувьд зураачдын амьдрал өрнөж буй тогоон дотор орж, тэдний өрнүүлсэн дүрслэх урлагийн тухай яриа, мэтгэлцээн, шүүмжийг сонсож, эхэлсэн цагаас сургуульд орж мэргэжлийг нь эзэмших, уран бүтээлээ туурвих бүхий л шатанд боловсорсоор ирсэн. Тэгж зураачдын ертөнцөөр амьсгалж байж л зураач болох дөр суудаг шиг. Хөнгөн хялбараар бодож болохгүй. Дан авьяас байлаа гээд мэргэжлийн онолыг нь сурч, гоо зүй, философи, урлагийн түүхийг нь судалж байж уран бүтээлч болж, төлөвшдөг.
-Бага балчир наснаасаа зураачийн бийр, будгийн үнэрт дасаж өссөн болохоор зураач болох дөхөмтэй байсан болов уу, яг хэдэн наснаасаа өөрийгөө зураач болно доо гэж мэдэрч эхэлсэн бэ?
-Яг тэд, эд гэсэн юм санаанд орохгүй байна. Гэр бүлийн орчин нөлөөлсөн байх. зураачийн хүүхэд зураач болох нь элбэг байдаг. Энэ нь зурах үйл явц нүднээ ил өрнөдөгтэй ч холбоотой байж магадгүй.
-Та бол багш хүн. Үе үеийн хүүхдүүдийн сэтгэхүй, хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Их өөрчлөгдөж байна шүү. Нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнуудад урлагийн түүхийн хичээл, угсаатны зүй гээд олон хичээл ордог. Тэр дунд идэвхтэй, идэвхгүй, хуурамч, хэлбэрдсэн олон янзын хүүхэд байна. Биднийг оюутан байхад интэрнет, гар утас гэж байдаггүй байлаа. Багш нарын Оросоос авчирсан урлагийн түүхийн номуудыг уншиж, хуудас бүрийг нь эргүүлж, судалж, суралцаж байлаа. Одоо бол ном уншдаг хүүхэд ховор болжээ. Хичээл дээр шууд нэг товч дараад л интэрнетээс мэдээлэл авчихаж байна. Ямар ч шүүлтүүргүй, баталгаатай эх сурвалжгүй мэдээллээр, өөрөө ч ойлгоогүй зүйлээр нүд хуурсан юм хийх хандлагатай болчихож дээ.
-Өнгөрсөн хавар нээсэн “Дээд үүд” үзэсгэлэнгээ та ээжийнхээ гэгээн дурсгалд зориулсан. Таны ээж Хөгжим, бүжгийн коллежид хуучрын багш хийж, хуучир хөгжмийн Бодьсүрэн дэг сургуулийг өвлүүлж үлдээсэн. Ээжийнхээ тухай дурсана уу?
-Аав минь 40 гаруйхан насандаа биднийг багад бурхан болсон. Ээж минь тэр цагаас хойш 30-аад жил ганцаараа таван хүүхдээ өсгөх гэж зүтгэжээ. Ээжийнхээ үүрч явсан зовлонг огтхон ч мэдэхгүй явжээ. Өөрсдөө өсөж том болоод эцэг, эх болоод ирэхээрээ л тэднийхээ зовлонг мэдэрч эхэлдэг юм байна. Хүн ер нь ээж, аавыгаа алдана гэж бодоо нь үгүй явдаг. Өнгөрсөн хойно нь л харамсал, гашуудал болдог. Эхийн ачийг хариулж барахгүй учраас амьд сэрүүнд нь л сайн, сайхан явж баярлуулах хэрэгтэй юм байна гэдгийг л ухаарсан даа.
-Ээжийн агуу хайрын энд хүрэх зүйл үгүй болохоор бүтээлээрээ ээжийгээ мөнхлөх юм сан гэж боддог уу?
-Тэгж бодож байгаагүй ээ. Хэчнээн сайхан юм хийлээ ч энд нь хүрэхгүйгээс хойш, ээж минь тэнгэрээс харж байгаа гэсэн хоосон бодлоор өөрийгөө хуураад хэрэггүй санагддаг. Амьдад нь л ойр байж, баярлуулах хэрэгтэй.
-Ээж тань хуучир хөгжмийн багш байсан. Хуучир хөгжим гуниглуун, гансарсан хөгжим шиг санагддаг. Таны бүтээлд энэ хөгжим хэр нөлөөлдөг вэ?
-Хуучраар ямар ч аялгууг амилуулж болно л доо. Жишээ нь “Зөгий” гээд гадаадын зохиолыг тоглоход хуучир хөгжийн гунигтай ая сонсогдохгүй. Ээж минь “Таван эгшиг” гээд хамтлаг байгуулж, дандаа “Таван Маа” тоглодог байсан учраас үзэсгэлэнгийнхээ нээлтэд “Хандармаа”, “Сүнжидмаа”, “Дүүриймаа”, “Гоолингоо” дууг шавь нараар нь тоглуулсан юм. Хуучир хөгжмийг аргадаж, хайрлаж тоглохгүй бол чихраад чихэнд чийртэй сонсогддог. Ээжээсээ би нэг аялгуу надад заагаад өг гэж гуйтал ээж багш хүн болохоор гам, нот заана гэхээр нь би залхуураад сураагүй л дээ.
-Та 2005 онд Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Салхин аялгуу” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тэр үед яг юу мэдэрч байсан бэ?
-Анхны үзэсгэлэнг гаргах үед хүнд урам зориг, дэм хэрэгтэй байдаг юм байна лээ. Анхных гэдэг утгаараа өөрийгөө голдог, зориг хүрэхгүй, халгах, сандрах, айх мэдрэмж төрнө шүү дээ. Үзэсгэлэнгийн хувьд төрөлжүүлэхгүйгээр өөрийн бүтээсэн бүхий л төрлийн бүтээлийг дэлгэж өөрийгөө ийм зураач байна шүү гэдгээ харуулахыг зорьсон. Бие даасан таван үзэсгэлэн, олон оронд 30 гаруй үзэсгэлэнг гадаад, дотоодын зураачидтай хамтарч гаргажээ.
-Үзэсгэлэн бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой. Он жил улирах тусам чансаатай, цараатай болдог байх. Залуухан, эмэгтэй зураачийн дотоод анирыг илэрхийлсэн бүтээл нь 2008 онд хийсэн “Сэтгэлийн цэцэрлэг” үзэсгэлэн юм болов уу?
-Үзэсгэлэн бүр дээр хүмүүсийн хүлээж авч буй хандлагыг хардаг. Ямар зураг дээр тогтож харж, таалж байна гэдгийг чухалчилдаг. Би анхныхаа үзэсгэлэн дээр таван цуврал цэцэг гаргасан юм. Тэр бүтээлийг хүмүүс ихэд сонирхон, хүлээж авсан болохоор дараагийн үзэсгэлэнгээ цэцгээр дагнаж гаргая гэж шийдсэн. Миний хувьд ажлын хажуугаар уран бүтээлээ туурвиж ирсэн. Тиймээс гурван жилийн зайтай үзэсгэлэн гаргахад цаг хугацааны хувьд тохиромжтой санагдсан. Тэр гурван жилийн хугацаанд Монголд ургадаг хээрийн цэцгүүдийн харьцуулсан судалгаа хийсэн. Ягаан, шар өнгийн цэцэг элбэг атлаа, цэнхэр, улаан өнгөтэй цэцэг ховор юм байна лээ. Мөн цэцгийн нэрийг чухалчилж, зурах цэцгээ сонгоод дүүрэн томоор зурсан шийдэл нь сонирхолтой болсон.
Намайг цэцэгтэй зүйрлэвэл өргөстэй цэцэг. Гаднаас нь харахад эмэгтэйлэг юм шиг хэр нь дотор хүн нь эршүүд талдаа.
-Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэдэг. Цэцэг бүхэн өөрийн араншинтай ч гэдэг. Таны хувьд бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьсон бэ? Час улаан цэцэг хээнцэр, бардам эмэгтэй шиг харагддаг даа?
-Ер нь тэгж бодоогүй юм байна шүү.
-Та өөрийгөө цэцэгтэй зүйрлэвэл?
-Өргөстэй цэцэг. Гаднаас нь харахад эмэгтэйлэг юм шиг хэр нь дотор хүн нь эршүүд талдаа. /инээв/
-Бүтээн туурвихуйн дээд үүдийг нээсэн хадны сүг зураг гэдэг бүтээлийн төрөл рүү ямар сэдлээр холбогдсон бэ?
-“Монголын өндөрлөгийн хүрэл зэвсгийн үед холбогдох буган дүрслэлийн судалгаа” сэдэвтэй докторын ажлаа уран бүтээлээрээ тайлагнаж, хадны зураг, Буган чулуугаар дагнаж бугыг зурж эхэлсэн. 2011 онд Хөх хотод байсан учир “Өвгөдийн шүтээн” гэсэн гурав дахь үзэсгэлэнгээ гаргасан. Миний тооцоолсноор гурван жилийн дараа 2014 онд “Дээд үүд” үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байсан боловч Сэндэн охиноо төрүүлсэн учир бас л хойшилсон.
Хадны зураг намайг тэр цаг үе рүүгээ аваачиж хамаг биеийн шар үс босдог. Хадны зургийг нүдээр үзээд, ойлгоод, мэдрээд ирэхээр улам шунан дурлуулж, уран бүтээлдээ яаж оруулбал сайхан болох уу, хүмүүст уран бүтээлээрээ яаж ойлгуулах вэ гэдгээ үргэлж боддог болчихдог
-Таны бүтээлийн жагсаалтад таван үзэсгэлэнгийн нэр байдаг л даа. “Сэндэн” бие даасан Перформанс арт үзэсгэлэн нь таны охин Сэндэн байх нь ээ?
-Перформанс арт гэдэг нь биеэр үзүүлдэг урлаг. Хүний биед бүхэл бүтэн хүн бүрэлдээд, бойжоод, төрөх үйл явц гэдэг өөрөө амьд уран бүтээлийн үзэсгэлэн. Тэр утгаараа бүтээлийнхээ жагсаалтад оруулсан. Ахаасаа 20 жилийн дараа охин маань төрсөн. Тэр үеэр ээжийн бие өвдсөн тул асрах шаардлагатай байсан. Ээж минь ч бурхан болж, “Дээд үүд” үзэсгэлэнгээ ээжийнхээ дурсгалд зориулж гаргасан даа. Энэ үед хань ижлийн түшиг маш их байсан. Уран бүтээлч хүн сайн ханьтай байхгүй л бол уран бүтээл туурвихад хэцүү шүү дээ.
-Энэхүү үзэсгэлэнд Монгол орны түүхэн газруудын хадны зургийг уран зурагт шингээж зурсан. Судалгааны ажлаар явж байхад ямар газар сэтгэлд сийлээтэй үлдсэн бэ?
-Олон газраар судалгаа хийж явахад Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Шивээтхайрхан уулын хадны зураг, Дундговь аймгийн Дэл уулын хадны зураг онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Ур хийц, өгүүлэмж, дүрс хэлбэрийн гүйцэтгэл төгс.
-Эрин галавын өмнөх байгалийн галерейг тэмтэрч, харж зогсоход юу мэдэрдэг вэ?
-Хадны зураг намайг тэр цаг үе рүүгээ аваачиж хамаг биеийн шар үс босдог. Хадны зургийг нүдээр үзээд, ойлгоод, мэдрээд ирэхээр улам шунан дурлуулж, уран бүтээлдээ яаж оруулбал сайхан болох уу, хүмүүст уран бүтээлээрээ яаж ойлгуулах вэ гэдгээ үргэлж боддог болчихдог. Хүний очиж үзээгүй түүхэн дурсгалыг уран бүтээлээр дамжуулж, үзэсгэлэнгийн танхимд авчирч, баялаг түүхтэй, бахархам орон гэдгээ мэдрүүлнэ гэдэг сайхан.
-Гадаадын улс орны энэ төрлийн түүхэн дурсгал хэр их байдаг вэ?
-Европын орны Альтамир, Фон-дэ Гом, Лясько зэрэг хад агуйн дүрс, хэлбэрийн хувьд нийтлэг дүр зурагтай хадны зургууд байдаг. Орчин үед хийсэн юм шиг өнгө, будгаар ялгасан өндөр түвшний дурсгалууд олон бий.
-Та онд Япон Улсад монгол зураачидтай аялж, Фүжи уулыг хадны зураг, далайн доорх амьдралтай холбож зурсан шийдэл нь өвөрмөц санагдсан?
-Монголоос 14 зураач явж, Фүжи уулыг үзэхийг зорьсон. Нүдээр хараагүй байхдаа догдлоогүй боловч нүүр тулаад ирэхээр үнэхээр сүрлэг уул байна лээ. Үүлнээс дээгүүр оргил нь харагдах тэрхүү уулаа япончууд үнэнхүү шүтэж дээдэлдэг юм байна лээ. Япон хүн юмаа юм болгохдоо адтай улс. Фүжи уулаа энд тэндээс нь янз бүрээр, хэдэн зуугаар нь зурчихсан байдаг. Япончуудын шүтээн уулыг монгол сэтгэлгээгээр зурвал яаж харагдах вэ гэдэг тэдэнд сонин байсан байх.
-Та гадаад улс орноор олон үзэсгэлэн гаргаж явжээ. Тэднээс юу анзаарч үлдэв?
-Ямар ч улс орны зураач нар яг ижилхэн. Өөр, өөр хэлтэй л болохоос адилхан сэтгэдэг, хувцасладаг, мэдэрдэг, таашаадаг, амьдардаг хүмүүс. Тэдний урлангийн орчин, биеэ авч яваа байдал, задгай, чөлөөтэй сэтгэлгээ яг л нэг эхээс төрсөн хүүхдүүд шиг адилхан. Орчин нөхцөл нь л өөр болохоос дотоод сэтгэл нь хүнээрээ байгаагаараа бусдаас ялгардаг. Наанаа хий хоосон хэлбэрдсэн дүртэй хэр нь цаанаа мөн чанар, хүн чанар дутмаг энэ цаг үед элдэв баггүй, байгаагаараа байгаа хүмүүс нь уран бүтээлчид ч юм шиг санагддаг
-Дотор бүрэлдэж буй бодол, бясалгал, хашхираан тань танаас хамааралгүйгээр төрж байна уу, бэлтгэл хангагдсан үедээ төрүүлж байна уу?
-Хүмүүсийн хэлдгээр онгод нь гэнэт ороод л төрөх үе байна. Гэхдээ би бүтээлээ тархиндаа өнгөтөөр зураглаж, нүдэндээ бодитоор харж, төлөвлөгөөний дагуу эскизээ гаргаж, бэлэн болсон үедээ зурж эхэлдэг. Миний бүтээл нэг бүрчлэн гүйцэтгэл, хэмжээстэй учир цаг хугацаа орно оо. 2003 онд эхэлсэн нэг бүтээлээ дуусгаагүй байж л байна. Богинохон хугацаанд бүтсэн зураг ч байна.
Бүтээлд нэр өгнө гэдэг хамгийн чухал. Нэр олохын тулд яруу, найраг, зохиолын ном уншиж өөрийгөө хөглөнө. Нэр гэдэг тухайн зургийнхаа өгүүлэмж, агуулгатай дүйх ёстой. Хүмүүс зургийг эхэлж хараад дараа нь нэрийг нь хардаг байхгүй юу. Тэгээд яагаад ийм нэр өгсөн юм бол доо гэж утга учрыг нь тайлж унших гээд удаан зогсдог. Уран зургийн үзэсгэлэнг тусгай өндөр мэдрэмжтэй хүмүүс зорьдог гэж би боддог.
-Зүүдэндээ харсан бүтээлээ зурсан тохиолдол байдаг уу?
-Байдаггүй, гэхдээ зураач нар зөн билэг өндөртэй хүмүүс. Бодож байсан зүйлс биелэх нь олон шүү.
-"Тоглохын талд" "Тэнгэрийн шат", "Хөх талын туульс", "Алтан унаганы зүүд" зэргээр та бүтээлийнхээ нэрийг онож сайхан өгсөн байдаг. Зургийнхаа нэрийг хэрхэн сонгодог вэ?
-Бүтээлд нэр өгнө гэдэг хамгийн чухал. Нэр олохын тулд яруу, найраг, зохиолын ном уншиж өөрийгөө хөглөнө. Нэр гэдэг тухайн зургийнхаа өгүүлэмж, агуулгатай дүйх ёстой. Хүмүүс зургийг эхэлж хараад дараа нь нэрийг нь хардаг байхгүй юу. Тэгээд яагаад ийм нэр өгсөн юм бол доо гэж утга учрыг нь тайлж унших гээд удаан зогсдог. Уран зургийн үзэсгэлэнг тусгай өндөр мэдрэмжтэй хүмүүс зорьдог гэж би боддог.
-Зураачид их хөгжимлөг хүмүүс. Таны урланд намуухан аяз эгшиглэж байна. Ямар зохиолчийн бүтээл онгодыг тань хөглөдөг вэ?
-Дорнын их найрагч Д.Нямсүрэнгийн яруу найраг жинхэнэ монгол ахуй үнэртэж, амьд байгалийн чимээ сонсогдох шиг, үнэр нь ханхлах шиг, өнгө нь тодрох шиг болдог. “Тунгалаг Тамир” романыг сонсох тусам монгол хэлний гайхамшигт баялаг сан, холч ухаан, ёс уламжлал, хүмүүний амьдралыг ухаарах шиг болдог.
-Та дараагийн гурван жилд гаргах үзэсгэлэнгээ бүтээл ямар төрлөөр туурвих вэ?
-Дараагийн бүтээлээ бодож, боловсруулаад явж байна. өөрийгөө давтахгүй, шинэлэг бүтээл байх болно.
-Та шашны тухай ямар бодолтой явдаг вэ?
-Хүмүүс шашинд хэт туйлширч, мунхаг байдлаар итгэн үнэмших хандлагатай байгаа нь буруу л даа. Бараг өглөө аль хөл дээрээ босох вэ ч гэх шиг. Хүнд итгэл үнэмшил, шүтэх шүтээн байх ёстой. Энэ нь сэтгэлд л байдаг юм байна лээ. Хүн зовлон үзэхээрээ засал ном, лам хар гээд явдаг. Хүн юу шүтэх нь эрхийн асуудал боловч, боловсрол мэдлэг, ертөнцийг үзэх үзэл дээр юу шүтэх үү гэдэг нь илэрч гардаг шиг. Бодоод байхад эцэг, эхээс илүү шүтээн байдаггүй юм байна.
-Таны бүтээлээс дорнын өнгө аяс, монгол ахуй нэвт үнэртдэг. Энэ үнэр таныг илэрхийлэх амин сүнс нь юм шиг?
-Нүүдэлчин монгол ахуй гэдэг байгаль эхтэйгээ ойр байх хамгийн сонгодог амьдрал. Монгол гэрт тэнгэр нь тооныг нь дэрлэж, уулс нь үүдээр нь багтаж ядан цэнхэртдэг. Гадаа хөл тавихад зүлэг ногоон дэвсгэртэй, гараа сунгаад голынхоо уснаас уучихдаг ийм ариун дагшин, тансаг ахуй монголоос өөр хаана ч байхгүй. Монгол хүний бүтээлд дорно дахины үнэр шингэж байж даяаршлын нийгмээс ялгарна. Жишээ нь “The Hu” хамтлагийг хар л даа. Дуу, хөгжим, хийц ур, хувцас, гадаад төрхөөрөө бүх юм нь монгол учраас дэлхийг байлдан дагуулж чадаж байна шүү дээ. Энэ бол монгол сэтгэлгээ, монгол дархлаа, Монголыг дэлхийд таниулах гайхамшигт уламжлал, соёл юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан ярилцлага байна. Байгалиа багшийнхаа лекцийг сонсох хамгийн их дуртай шүү, сонсохгүй бол алдас болох байлгүйдээ. Үнэхээр сайхан хүн шүү.
Байгалаа багш маш сонирхолтой хүн шүү.....