Д.Ганпүрэв: Их хуураар дэлхийн сонгодгийг тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Язгуур урлагийн “Бөртэ”, “Алтай” хамтлагуудыг үүсгэн байгуулагч, хөгжмийн продюсер, Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, “Монголын их хуур, контрбасс хөгжимчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Консерватурын Язгуур урлагийн тэнхимийн эрхлэгч, хөгжим судлаач Д.Ганпүрэвтэй язгуур урлагийн тухай хийгээд Алтай ятгаас эхлээд Их хуур хүртэл уран бүтээлийн яриа дэлгэлээ.

 

-Монгол язгуур урлагийг тал бүрээс нь таниулж яваа хамтлаг бол “Алтай” хамтлаг. “Хүннүгийн гунигийн дуу”, “Тойрон бүжгийн дуу”, “Өвгөдийн захиас”, “Золгоё доо”, “Цацсан шагай”  зэрэг түүхэн бүтээлүүдээрээ олноо танигдсан тус хамтлаг өдгөө  ямархан уран бүтээл туурвиж байна вэ?

-Монголынхоо язгуур урлагийг олон улсын улсын зах зээлд таниулахын тулд миний бие амьдралынхаа 30 жилийг зориулжээ. Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад агсны дэмжлэгээр “Уянга” хамтлагийг байгуулж, тус хамтлагаа “Бөртэ” хэмээн өөрчилж, хойч үеэ бэлдэн гаргахын тулд “Алтай” хамтлагийг үүсгэн байгуулсан. “Алтай” хамтлаг “Золгоё доо” хэмээх бие даасан тоглолт хийснээсээ хойш европ болон монгол туургатнууддаа тоглолт хийж байсан бол өнгөрсөн зун анх удаа урд хөршид тоглолт хийгээд ирлээ. Тун удахгүй шинэ уран бүтээлдээ орно. Мэдээж язгуурынхаа өв соёлдоо үнэ цэнтэй байх талаас нь бодож, төлөвлөж байна. Энэ сарын 26-нд Тяньжин хотод тоглолтоор явахаар бэлтгэж байна.

-“Алтай” хэмээх хамтлаг Алтай ятгыг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Энэхүү түүхт хөгжмийн зэмсгээс гадна язгуур урлагийн ямар, ямар төрлийг сэргээн дэлгэрүүлж байна вэ?

-“Алтай” хамтлаг Алтай ятгыг улам боловсронгуй болгох үүднээс лаборатор хамтлаг гэсэн зорилготойгоор байгуулсан. Тийм учраас хамтлагийн бүтцийг уран бүтээлийн тээж ирсэн өв соёл тал дээр анхаарч бүрдүүлсэн. Одоогоос 11 жилийн өмнө Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын Өмнөхийн амнаас эртний хөгжмийн зэмсэг олдсон нь 6-8 дугаар зуун буюу 1400 жилийн өмнөх үед хамаардаг. Манай эриний өмнөх 1000 жилийн үед “Алтай ятга байсан гэдэг санал судалгааны явцад дэвшигдэж байна. Алтай ятга нь тал хээрийн нүүдэлчдийн  хөгжим бөгөөд урагшаа Түвд, барууншаа Памир, Алтайн өндөрлөгийг холбосон гурвалжилсан бүст 8-9 төрлийн таван чавхдастай ятгын археологийн олдвор олдсон. “Алтан ундрам” туулийг Төрийн туульч Э.Баатаржав хайлдаг. Энэхүү туулийн төгсгөлд

“Аяс намуун цаг ирж

Андуурийн дуу хүнгэнэв”

гэж дуусдаг. “Андуурь” гэдэг нь хөгжмийн зэмсгийн нэр байх магадлалтай бөгөөд Алтай ятга нь хүнгэнэсэн дуутай хөгжим. Энэ цаг үед олдсон нь аяс намуун цаг буюу сэргэн мандалтын үе иржээ, аялгуулах цаг нь болжээ хэмээн бэлгэшээж байна даа.

Их тэнгэрийн ам, Төв аймаг, Увс аймгийн Өндөрхангайн Зургаан улаан хад, Дундговь аймгийн Дэл уулнаа буй шинэ чулуун зэвсгийн үеийн хадны зурагт Тойрон бүжгийн дүр дүрслэл байдаг. Гал үүссэн цагаас эхлээд хүн төрөлхтөн галаа тойроод бүждэг байжээ. Монголчуудын дунд бүдгэрч, мартагдаж буй тойрон бүжгийг “Алтай” хамтлаг сэргээн, ард түмний дунд баясал цэнгэл, эв нэгдэл, хамтын хүчний нэгэн их өв гэдгийг түгээн дэлгэрүүлж байна. Засгийн газрын нээлттэй өдөрлөгөөр Сүхбаатарын талбай дээр “Тойрон бүжиг” хийсэн нь ард түмнийг нэг санаатай, нэг хэмтэй байлгахын тухайтад өндөр ач холбогдолтой зүйл боллоо гэж үзэж байна. Якутууд одоо ч гэсэн тойрон бүжиж байна. Энэхүү бүжиг эргэлдэн хуйларсан нэгэн хэмээрээ хүмүүсийг транс байдалд оруулж, маш том хүч хуримтлагддаг.

“Өндөр уулыг даван бүжье

Өргөн талаар наадан бүжье

Хөдөө газрыг өлцөртөл бүжье

Хавирга газрыг халцартал бүжье”

гэж Монголын нууц товчооны 57 дугаар зүйлд байдаг шүү дээ. Түүнээс эх авч 48 мөр болгож хөгжүүлсэн. Аялгууны хувьд Алтайн магтаалын хэм, хөг, экил хуур, цуурын татлагын өнгө аясаар дахин сэргээсэн. Буриадууд жил бүр “Алтаргана” наадмаа хийж “Ёохор” бүжгээ хатирдаг нь тойрон бүжгийн нэг хэлбэр.

 

-Алтай ятга олдсон бүс нутгийн ард түмэн түүхт хөгжмийн зэмсгээ хэрхэн хүлээж авч байна вэ?

-Юуны түрүүнд Алтай ятгыг “Эгшиглэн магнай” үндэсний хөгжмийн үйлдвэрийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Байгалжав анхлан урласан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Манхан болон Дуут сумаар  явж, нутгийн хүмүүст нь “Алтай” ятгыг зааж сургахад маш тааламжтай хүлээн авч, тахин дээдэлж байсан. Энэхүү ятга олдсон Жаргалант хайрхны Өмнөхийн аманд Алтай хайрхнаа тахидаг уламжлалаар 13 санг тавьж, Баян Алтайн удам дамжсан туульч Э.Баатаржав ахалж, “Алтай” ятгатай тууль хайлж, уул усанд дууг нь шингээн өргөх тахилгыг хоёр жил үйлдсэн.

-“Бөртэ” хамтлаг бол таны амьдралын нэг хэсэг. Я.Мөнх-Эрдэнэ ятгачин бол хамтлагийн салшгүй амин сүнс. Олон сайхан уран бүтээлээрээ ард түмэнд хайрлагдсан бүсгүй. Уран бүтээлээ туурвиж байна уу?

-Уран бүтээлд шуудрах гэхээр ачаалал авч, амархан ядардаг болсон. Сэтгэл зүйн хувьд уран бүтээлээ хийх юм сан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа. Өнгөрсөн жил Б.Чинбат, “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтарсан уран бүтээл  хийсэн. Бие даасан уран бүтээлээ удахгүй хийх байх.

-Үүсгэн байгуулагдаад 20 шахам жил болж байгаа “Бөртэ” хамтлагийн бусад гишүүд хаана юу хийж явна даа?

-“Бөртэ” хамтлаг Герман Улсад олон улсын фестивальд оролцоод ирсэн. Хамтлагийнхаа хөгжмийн найруулгыг хийдэг, эвэр бүрээчин, хөгжмийн зохиолч О.Чинбат маань “Эв” продакшнаараа мэргэжлийн хөгжимчдийг бэлтгэж Ази руу, тэр тусмаа Солонгос Улс руу хөгжмийн төсөл хэрэгжүүлдэг. Б.Ганхөлөг “UB drams” гэдэг бөмбөрийн хамтлагийн продюсероор ажиллаж байгаа. Бөмбөр судлаач, бөмбөрийн цуглуулгатай тэрбээр Швейцараас гаралтай “Хайнг” бөмбөрийг Монголд хөгжүүлж байна. Саяхан шинэ уран бүтээлийнхээ бие даасан цомгийг гаргасан. Дашрамд дуулгахад манай хамтлагийн 20 жилийн ой ирэх жил тохионо. Дөрвөн өөр өнгийн уран бүтээлээр 20 жилийн ойдоо бэлэг барина даа.

-Монгол Улсын Консерватор Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуультай болсон. Язгуур урлагийн ямар, ямар төрлийг танхимын сургалтаар явуулж байна вэ?

-Язгуур урлагийн тэнхим шинээр нээж, хичээлийн хөтөлбөрт тууль, магтаал, хөөмий, Алтай ятга, дөрвөн чавхдаст хуур, цуур, хэл хуур, экил хуур, бие биелгээ зэрэг биет бус өвийн хичээлүүд орж байгаа.

-Та язгуур урлагаас гадна ямар төрөлд шавь нараа сойж байна вэ?

-2014 онд “JMUB” буюу жаз хөгжмийн олон улсын төслийг эхлүүлж, Хөгжим, бүжгийн коллежид багшилсан. Танхимын сургалтаар мэргэжлийн жаз хөгжмийн тоглоочдыг бэлтгэн гаргаж, таван хүүхэд жаз хөгжмийн их сургуульд сурч байгаа. Консерваторын хэмжээнд бакалаврын сургалттай болсон. Тун удахгүй Их хуурын хөгжимчдийн анхдугаар уралдааныг аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулах гээд ажил ихтэй л байна даа.

 

-Их хуурын үүсэл хийгээд өнөөгийн хөгжлийн талаар танилцуулна уу?

-Их хуурыг ярихаас өмнө хуур хөгжмийн олон төрлийг дурдах хэрэгтэй. Жишээ нь морин хуур нь цацал, луун, арслан, морин толгойтой байдаг. Экил хуурын хөг нь солгой хийгээд тоглох аргачлал нь өөр. Язгуурын, уламжлалт, үүсмэл гээд хөгжмийн зэмсгүүд өөр, өөр байдаг л даа. Монголын үндэсний хөгжмийн зэмсэгт ятга, морин хуур орно. Төрийн ятга, аху ятга, бар ятга, өлзийт ятга гээд 10 орчим төрлийн язгуурын хөгжмийн зэмсэг байсан. Уламжлалт хөгжмийн зэмсэгт гаднаас орж ирж үндэснийх болтлоо нутагшиж, уусаж, хувирсан хөгжмүүд байдаг. Үүнд ёочин, шанз, хуучир зэрэг орно. Үүсмэл хөгжмийн зэмсэгт их хуур, бишгүүр, эвэр бүрээ ордог.

Их хуурыг 1963 онд МАХН-ын Төв хорооны тогтоолоор, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн санаачилгаар анхлан бүтээсэн. Ардын хөгжмийн дунд гадаадын контрбасс хөгжим байх нь нүдэнд нийцгүй тусна. Тиймээс контрбасс хөгжимтэй адил монгол контрбасс бүтээх хэрэгтэй болсон гэдэг. Улмаар тухайн үеийн гарын ур чадвар сайтай хөгжмийн зэмсгийн урчуудад морин хуур шиг хэлбэртэй хоёр утастай, контрбасс хөгжимтэй ойролцоо хэмжээтэй толгойтойгоор бүтээсэн бөгөөд найрал хөгжмийн суурь өнгө нь болдог. Их хуур хөгжмийг Ардын дуу бүжгийн чуулга болон цөөхүүл хөгжмийнхөн 1987 он хүртэл тоглож байсан бөгөөд мөн онд Сайдын тушаалаар дээрх хөгжмүүдийг тэнхимийн сургалт руу оруулж мэргэшүүлж эхэлсэн. Миний хувьд их хуурын анхны мэргэжлийн хуурч. 2017 онд “Монголын их хуур, контрбасс хөгжимчдийн холбоо”-г байгуулсан.

-Их хуур хөгжмөөр ямар бүтээл тогловол тохиромжтой байдаг вэ, хөгжмийн дуугаралтын онцлог?

-Их хуур хөгжим нь морин хуур шиг уянгалаг сайхан хөг аялгуутай бөгөөд Монголын үндэсний хөгжмийн нуман болон чавхдаст хөгжмийн төрөлд хамаардаг. Хамгийн аргил дуутай, хэлбэр, төрхийн хувьд морин хууртай төстэй ч хэмжээний хувьд нумт хөгжмийн дотроосоо хамгийн том хөгжмийн зэмсэг юм. Дээрх холбоог байгуулаад их хуурт зориулсан бүтээлийн улсын анхдугаар уралдааныг хоёр жилийн өмнө зарлаад 30 гаруй бүтээлийн сантай болсон.

 -Энэхүү уралдаанд их хуур хөгжмөөр гоцлон тоглох уу?

-Их хуурыг тоглодог сайн дурын болон мэргэжлийн 100 гаруй их хуурч  байдаг. Л.Баасанхүү багшийн шавь нар их хуурын дэг сургуулийг өвлөж яваа. Найрал хөгжимтэй тоглодог учраас энэ наадмын гол зорилго нь их хуурыг гоцлон тоглуулах юм.

-Их хуурын уралдаанд гадаадын хуурчид оролцох уу?

-Өвөрмонголоос 10 гаруй их хуурч ирж оролцоно гэдгээ мэдэгдсэн. Өдгөө Өвөрмонголчууд идэвхийлэн суралцаж байгаа төдийгүй Өвөрмонголд их хуурын 10 гаруй сургалтын төв ажилладаг гэсэн шүү. Уралдаанд нийтдээ 35 их хуурч оролцох төлөвтэй. Үндэсний найрал хөгжмийн суурь болсон их хуураар дэлхийн сонгодгийг тоглоно. Мөн их хуур Буриад, Тувад дэлгэрээд байна. Гадаадын улс орнуудад ардын хөгжмийн олон уралдаан, тэмцээн зохион байгуулагддаг. Манай монголын хөгжимчид ч гэсэн эдгээр уралдаануудад оролцож амжилт гаргаж байгаа.

-Их хуурыг хөгжүүлэх тал дээр төр засгаас хэр анхаарч байна вэ?

-Даяаршлын нийгэмд  эх орныхоо үндэсний баялгийн төлөө үнэт бүтээлийг туурвих гээд уран бүтээлчид өдөр шөнөгүй зүтгэж байна. Төрийн дэмжлэггүйгээр өөрсдөө л бүгдийг зохицуулдаг. Тийм учраас соёл, урлагийн тухай үндэсний цогц хөгжлийн бодлогыг томоор төлөвлөх шаардлагатай. Төрийн удирдлагууд Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа болсон өв соёл тээгчдээ уран бүтээлчдээ дэмжих хэрэгтэй байна. Үүсмэл хөгжмийн тухайд ч гэсэн улсаасаа тогтоол гаргаад олон жил, олон хүний хөдөлмөрөөр бий болгочхоод,  арчилж, тордож, хөгжүүлэхгүй бол тэр их хүний цаг хугацаа, хөлс хүч талаар болно гэсэн үг. Их хуурын уралдааныг төрөөс санхүүжүүлсэн зүйл байхгүй. Зөвхөн холбооноосоо санаачилж,  санхүүжилтыг  “Эвсэг” кашмер ХХК хариуцаж байгаа. Урилга, анонс зэрэг хэвлэлтийн зардлыг “Нандир” ХХК ивээн тэтгэж байна.

-Тус наадам хэдэн ангилалтай болох вэ?

-Дөрвөн ангилалтай. Нэгдүгээр ангилалд 20-оос дээш насны мэргэшсэн их хуурчид том хэлбэрийн бүтээлээр уралдана. “B” ангилал нь  дунд, “С”ангилал нь бага, “F” буюу фестиваль ангилалд их хуурыг сайн дураар сурсан хуурчид оролцоно. Сүүлийн өдөр шалгарсан бүтээлээр галла тоглолт болж, шагнал гардуулна. Хийлч Дээгий гэдэг шиг цаашид их хуурыг гоцлон тоглодог уран бүтээлчид олноор төрөх байх гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top