Соёлтой үйлчилсэн худалдагчийг нэг сая төгрөгөөр урамшуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Залууст ээлтэй үйлчилгээ аян"-ыг зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2019.10.17/ Нарантуул худалдааны төвд зохион байгууллаа.

Энэхүү аян нь:

  • Эерэг хандлагад уриалах,
  • Үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх,
  • Угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх,
  • Ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой юм.

Мөн аяны хүрээнд “Нарантуул” худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн дунд дээрх зорилгыг биелүүлсэн хувь хүнийг шалгаруулан нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болжээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О. Сэлэнгэ “Иргэн бүрийн эерэг хандлага, эелдэг харилцаа нь эрүүл нийгмийг бүтээж, амжилтад хүрэх  үндэс. Цаашид үйлчилгээгээрээ манлайлан ажилласан хувь хүн, албан байгууллагыг урамшуулах, нийтэд сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулна. Өнөөдрийн арга хэмжээний үеэр залуучуудад зориулсан явуулын автобусны үйлчилгээгээр дамжуулан эрхзүй болон сэтгэлзүйн зөвлөгөө, нийгмийн даатгалын мэдээллийг худалдаа эрхлэгчид болон  худалдааны төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд өгч ажиллалаа. Мөн “Нарантуул” худалдааны төвд худалдаа эрхэлж  найрсаг үйлчилгээг нэвтрүүлэхэд хамт олноо манлайлан ажиллаж байгаа хоёр иргэнийг урамшуулна. Цаашид  “Залууст ээлтэй үйлчилгээ аян”-ыг орон даяар өрнүүлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн  томоохон худалдааны төвүүдэд болон жижиг худалдааны цэгүүдийг хамруулан тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга  Н.Мандуул “Олон Улсын хэмжээнд Залуучуудын хөгжлийн сарыг “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж, нийгмийн салбар тэр дундаа  Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагуудаас залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотой шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөгжлийн орчныг бүрдүүлэх “10 санаачилга 10 ажил” аяныг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төр, хувийн хэвшлийн байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Залууст ээлтэй үйлчилгээ” аяныг хэрэгжүүлэхээр зорьж, энэхүү аяны нээлтийг Танай байгууллагаас эхлүүлж байгаа нь онцлог юм. Учир нь та бүхэн, нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн харилцааны соёлыг түгээж, эерэг хандлагаар иргэдэд үйлчилж,  худалдан авагчдаа хүндэтгэх, худалдаа үйлчилгээ эрхлэгч түнш байгууллагуудад жишиг болохуйц ёс зүйтэй, үйлчилгээг нэвтрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top