Газрын тосны үйлдвэрийн бараа, материалыг татвараас чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулагдсан. Уг компани нь Дорноговь аймгийн Сайншанд, Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэн 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ. Үйлдвэрт шаардлагатай төмөр зам, авто зам болон цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдсэн төдийгүй үйлдвэрийн технологийн хувьд унд, ахуйн усан хангамжийг ший­дэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Төслийн менежментийн үйлчилгээний гэрээг БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанитай байгуулс­наар үйлдвэрийн зураг төсөл боловсруулах болон дараагийн шатны ажлууд хийгдэх нөхцөл бүрдсэн байна. Энэ дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилч­дын хотхоны бүтээн байгуу­лалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гааль, НӨАТ-ийн татвараас хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг ийнхүү УИХ-аар хэлэлцсэн юм.

* * *

Д.СУМЪЯАБАЗАР: МАНАЙ ГАЗРЫН ТОС САЙН ЧАНАРТАЙД ТООЦОГДДОГ

Газрын тосны үйлдвэртэй холбоотой асуудлын хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Газрын тосны үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа боловч түүхий эдийн нөөцөд анхаарахыг сануулсан. Үүний тулд газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж баталгаат нөөцийг нэмэгдүүлэх, салбарын бие даасан бодлогыг хэрэгжүүлж бие даасан агентлаг байгуулах, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу сайн засаглалын түвшинд хөгжүүлэх шаардлагатай тухай хэлж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.СОДБААТАР “Монгол Улсад анх удаа том үйлдвэр барих гэж байна. Энэ бол бүтэн хими технологийн үйлдвэрлэлийн бүс байгуулна гэсэн үг. Ажилчдын орон сууцнаас эхлээд олон асуудлыг шийдэх учиртай. Энэ удаад зөвхөн ажилчдын орон сууцны бүтээн байгуулалтад шаардагдах асуудлыг оруулж ирж байгаа юм байна. Ер нь газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдийн тээвэрлэлтийг яаж шийдсэн бэ. Нөөцийнхөө ажлыг баталгаажуулах нь чухал. Зүүнбаянд байгаа нөөцөөс авах боломж бий юу. Өгий нуурын бүс, Алтайн цаад говийн бүсэд нөөц байж болзошгүй гэж ярьдаг. Шинэ талбайгаас нөөц нэмэгдүүлэх чиглэлээр юу хийж байна вэ” хэмээн асуув. Үүнд, УУХҮ-ийн сайд Д.СУМЪЯАБАЗАР “Тээвэрлэлтийн асуудалд дамжуулах хоолой яригддаг байсан. Хажуугаар нь төмөр замын тээвэр байх нь зүйтэй гэж үзэж Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Бид авто зам, төмөр зам, дамжуулах хоолой гэсэн чиглэлээр судалгаа хийгээд Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Газрын тосны үйлдвэрт нөөц чухал. Манай газрын тосыг өтгөн, амархан царцдаг гэдэг ч сайн газрын тос. Тиймээс “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн нэр дээр ирээдүйтэй гэсэн шинэ талбай дээр судалгаа хийж байна. Нөөцийг өсгөх ёстой. Одоо байгаа 36 сая тонн нөөцөд тулгуурлаж үйлдвэрлэл явна гэж байхгүй” хэмээн хариуллаа.

* * *

2023 ОНД ГАЗРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭЭ 3 САЯ ТОННД ХҮРНЭ

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Эзэн Чингис хааны өлгий нутгийн аялал жуулчлал гурван газарт төвлөрөх ёстой. Нэг нь Чингис хаан мэндэлсэн Дадал орчим, нөгөө нь Монголын дөрвөн их хааныг өндөр сууринд суулгасан Хэрлэнгийн хөдөө арал. Гуравдахь монголчуудын шүтээн Бурхан халдун хайрхан. Гэтэл Хэрлэнгийн хөдөө арлыг газрын тосны хайгуулаар өрөмдөөд эхэлсэн. Нэг өдрийн дотор арван хэдэн км өрөмдөж байсан. Тухайн үед Засгийн газраас 72 мянган га газрыг хайгуулын талбайгаас чөлөөлнө гэсэн. Гэвч Хэрлэнгийн хөдөө аралын ихэнхийг нь хайгуулын талбайдаа үлдээсэн байна. Хэрлэн тооно уулыг, Аварга балгасыг, Дэлгэрхаан сумыг оруулсан байсан. Хэнтий аймгийн Дархан сумын нутаг мөн хайгуулын “Нялга” талбайд орчихсон байна. Яагаад Монголын төр аялал жуулчлалтай холбоотой алга дарам газрыг хадгалаад үлдэж болдоггүй юм бэ” хэмээн асуулаа.

Гишүүний асуултад УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “2011 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр улсын тусгай хамгаалалтад 71.68 км кв нутгийг авсан байдаг. Үүний дагуу “Нялга 16” талбайгаас уг талбайг хувааж олгосон. Үндсэндээ 2013 оноос “Нялга 16” талбайд хайгуулын ажил явагдаагүй. 2008-2009 онд хайгуул хийгдэж байсан. 2012 онд Төв аймгийн Баянжаргалан суманд хоёр цооног өрөмдсөн. Нэг цооног нь газрын тосны илрэлтэй байгаа. Энэ дашрамд хэлэхэд Монгол Улс 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс гадна 32.4 сая тонн боломжит, 27.1 сая тонн магадтай зэргийн нөөц байдаг. Энэ нөөцийгөө бид баталгаат зэрэгт нэмэгдүүлэх юм газрын тосны нөөц нэмэгдэнэ. Үүний тулд газрын тосны хайгуулын ажлыг нарийвчилж хийх шаардлагатай байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд иргэдийн болон иргэний хөдөлгөөний эсэргүүцлээс болоод Монгол Улсын газрын тосны хайгуулын ажил явахгүй байна. Бид одоо байгаа нөөцийнхөө хэмжээгээр 1.5 сая тонн газрын тосны үйлдвэр маань 2042 он хүртэл хангах боловч бидний хэрэглээ жилээс жилд өсөж байгаа. 2016 онтой 2018 оны газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг харьцуулбал 1.2-оос 1.9 сая тонн болж 50 гаруй хувиар өссөн. Энэ эрчээрээ өсвөл 2019 онд 2.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэхээр байгаа. 2023 онд газрын тосны үйлдвэр баригдах үед Монгол Улсын хэрэглээ 3 сая тоннд хүрсэн байна. тэгэхээр үйлдвэр ашиглалтад ороход 60-70 хувийг хангахаар байна. Тэгэхээр ард иргэд газрын тосны хайгуулын ажлыг дэмжээсэй гэж хүсэх байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Я (103.212.117.224) 2019 оны 10 сарын 21

нэмэгдэл 236 сая $ бол Сумъяабазар Баттулга Хурэлсух нарын халтаруудтай нийлж завшсан монгон дун

0  |  0
Top