Сүүлийн үед хуурамч мэдээлэл ихээр гарч, нийгмийг бужигнуулах болжээ. Иргэдийн уур бухимдал, үзэн ядалт, айдас түгшүүрийг төрүүлэх гэх мэт олон зорилготой хуурамч мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж, улмаар сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй нь нууц биш.
Тиймээс уншигч та бүхнийг буух эзэн буцах хаягтай буюу редакцын хаягаа ил тод, бүрэн бүтэн нийтэлсэн мэдээллийн сайтуудад хандан, мэдээлэл хүлээн авах, бусдад түгээж байх уриалгыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан мэргэжлийн салбараас гаргаад байна.
МСНЭ-ийн энэхүү уриалгыг сэтгүүл зүйн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг редакцууд, сэтгүүл зүйн салбараар боловсон хүчин бэлтгэдэг томоохон их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар болон судлаачид дэмжин, олон нийтэд болон салбарынхандаа танилцуулж байгаа юм.
Монгол Улсад мэдээллийн 150 гаруй сайт байдаг гэдэг судалгааг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан байдаг. Гэвч эдгээрээс өдөр тутмын үйл ажиллагаатай нь цөөн.
МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан мэргэжлийн салбараас өдөр тутмын үйл ажиллагаатай төдийгүй хаягаа ил тод, бүрэн бүтэн нийтэлсэн мэдээллийн сайтуудыг олон нийтэд мэдээлснийг онцлон танилцуулъя. Энэ тоонд 33 сайт багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )