Монгол Улсын хэмжээнд жилд нэг сая орчим хаягдал дугуй гардаг. Үүнийг дахин боловсруулж шалавч, хавтан зэрэг төрөл бүрийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Инахис” компанийн захирал, биологич Н.Мөнхбаяртай ярилцлаа. Тэднийх энэ жилээс анх удаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж байгаа аж.
-Хаягдал дугуйг дахин боловсруулах ажлыг хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Манай үйлдвэр 12 жилийн өмнө байгуулагдаж, хаягдал дугуйг дахин ашиглах дэвшилтэт технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлсэн. Энэ технологи нь дэлхийд 60 жилийн түүхтэй.
-Энэ жилээс эхлүүлэн яамтай, ОББҮХ-той хамтран ажиллаж эхэлж байна уу, өмнө нь ажиллаж байсан удаа бий юу?
-Энэ жилээс яам өмнөх жилүүдээс илүү буюу анх удаа харж үзэж байна. Бид өмнөх олон сайдуудын үед энэ асуудлыг дэвшүүлдэг байсан. Харин энэ жилээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран хаягдал дугуйг битгий шатаа, битгий хая, битгий бул гэсэн төсөл дээр хамтран ажиллаж байна. Дугуй цуглуулах, татан боловсруулах дээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо дэмжлэг үзүүлж байна. Хотод 500 гаруй дугуй засвар байдаг. Одоогийн байдлаар тэдний 10 хүрэхгүйгээс нь хаягдал дугуйг нь тодорхой мөнгө төлөөд авч байна.
-Айлууд хаягдал дугуйг их түлш, шатааж харагддаг. Ер нь хаягдал дугуй нь ингэж шатаах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Гялгар уут, дугуй зэрэг нь байгальд маш удаан ялзардаг. Шатаавал түүнээсээ ч илүү хорт утаа гаргадаг. Угаарын хий, бусад хорт хий нь арьс, нүд загатнах, салслаг бүрхэвч гэмтэх, амьсгалын зам боогдох, төв мэдрэлийн системд болон хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Ил задгай дугуй шатаах нь модноос 16 дахин, нүүрснээс 13 мянга дахин хортой. Хүмүүс энэ нарийн юмыг нь мэдэхгүй ч гэсэн хортой гэдгийг нь мэдсэн хэр нь шатаагаад байдаг. Ингэж шатаахгүй байсан ч байгаль дээр 100 жил задардаг.
-Технологийн хувьд ямар шат дамжлагатай явагддаг вэ?
-Интернэт чөлөөтэй болчихсон энэ үед rubber sheet гээд хайхаар бүгд гараад ирнэ. Зарчмын хувьд бол ерөнхийдөө зүсээд тастаж бутална, шатаах ямар ч процесс байхгүй. Бутална гэдэг нь хамгийн ойлгомжтойгоор хэлэхэд гурил, элсэн чихэр, шар будаа, цагаан будаа, хөц будаа гэсэн ширхэгтэй болгож үйрмэглэнэ гэсэн үг. Ширхгээс нь хамаараад түүхий эдээ хийдэг.
-Авто машинд тодорхой хугацаанд хэрэглэгдээд, элэгдчихсэн дугуйг дахин боловсруулахаар дахин хэдэн жилийн эдэлгээ даах боломжтой вэ?
-Хэрэглээний хувьд дугуй чийгээ алдах тусам машинд явах боломжгүй болдог. Шинэ дугуй авто машинд тодорхой хугацаанд хэрэглэгдээд, унах боломжгүй болоод хаягдсаныг нь дараа бид авдаг. Шинэ дугуй автомашинд таван жил явсны дараа машинд явах боломжгүй болсон ч гэсэн чийгшил нь хараахан гараагүй байдаг учраас боломжийн түүхий эд болдог. Энэ тал дээр манай Засгийн газар ч гэсэн хэрэглэсэн дугуйг импортоор оруулж ирэхийг хориглох хэрэгтэй. Гадаадад хэрэглэгдчихсэн дугуйг оруулж ирвэл, Монголд удахгүй хог дээр хаягдана л гэсэн үг.
-Ихэвчлэн ямар газрууд танай резин хавтанг нь худалдан авч, хэрэглэж байна вэ?
-Манайх дөнгөж байгуулагдаад энэ тэндхийн үзэсгэлэн худалдаанд ороход монголчууд мэддэггүй байсан. Хэн мэдэх вэ гэхээр, гадаад явсан, үзсэн харсан хүмүүс л мэддэг байсан. Одоо бол хүмүүсийн мэдлэг,мэдээлэл сайжраад харьцангуй мэддэг болчихсон. Жигүүр Гранд, Макс, Гангар Инвест зэрэг томоохон компаниуд манайхаас хаягдал дугуйгаар хийсэн шалавчийг аваад сурчихсан. Мөн хувийн цэцэрлэгүүд их авдаг. Улсын цэцэрлэгүүд төсөв байхгүй гээд авдаггүй. Манай борлуулалтын 70 орчим хувийг хувийн цэцэрлэгүүд, сагсны талбай, бодибилдингийн талбай, гадна фассат эзэлдэг. Талбайн шалавчаас гадна явган хүний зам, вибратортай машины дор жийргэвч зэрэг 11 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зориулалтаасаа шалтгаалаад өнгө, загвар, хэмжээ нь өөр байдаг. Бодибилдингийн талбайн хувьд гэхэд хувьд 50x50 сантиметрийн хэмжээтэйг ашигладаг.
-Үйлдвэрийн хувьд өдөрт хэдэн ширхэг дугуйг эцсийн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай вэ?
-Портер дээр 80-100 ширхэг дугуй багтдаг гэж бодвол нэг цагт нэг портер дугуй устгана. Эцсийн бүтээгдэхүүний хувьд өдөрт 80-100 квадратыг бүрэн тохижуулах шалавч гардаг. Товчхондоо, өдөрт нэг цэцэрлэг тохижуулах хүчин чадалтай гэсэн үг.
Сэтгэгдэл ( 0 )