Жу Хэйн Нан: Төсөл хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газар маш их дэмжлэг үзүүлж байгаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

“Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн нөөцийг эргэлтэд оруулах төв” нь БНСУ-ын “Ресаикл парк” ХК болон “КОЙКА”-ын “IBS” (Inclusive Business Solution) хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.  Энэхүү хөтөлбөрийн талаар бид “КОЙКА”-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч  Жу Хэйн Нанаас товч тодрууллаа. 


-НБМҮТП-д баригдах “Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн нөөцийг эргэлтэд оруулах төв”-ийн төсөлд  “КОЙКА” оролцож байгаа гэж сонссон. Энэхүү төсөлд оролцож байгаа гол шалтгаан нь юу вэ?

-“КОЙКА” нь дэлхийн олон улс орнуудад хүмүүнлэг ёсны дэмжлэг, олон улсын байгууллагатай хамтарсан үйл ажиллагаа, олон улсын сургалт, шинэчилсэн хөгжлийн хамтын ажил зэрэг олон үйл ажиллагааг явуулж байна. Энэ удаагийн “Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн нөөцийг эргэлтэд оруулах төв”-ийн төсөл нь шинэчилсэн хөгжлийн хамтын ажил буюу “IBS” хөтөлбөрийн үйл ажиллагаа юм.  “IBS” гэдэг нь хөгжиж байгаа орны бага орлоготой давхаргын тулгамдсан нийгмийн хөгжлийн асуудлыг шийдэх тэдгээрт ажил болон бизнесийн боломж олгох, БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн бизнесийн хэрэгцээг хангах хамтын зорилго бүхий стратегийн түншлэлд үндэслэсэн үйл ажиллагаа юм.  “Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн нөөцийг эргэлтэд оруулах төв”-ийг байгуулснаар авто машинаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах болон ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг задлах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааны тогтолцоог зохион байгуулж дахин боловсруулах салбарт бүтээмжтэй, үр дүн гаргаж чадна гэж үзсэн тул бид төслийг хамтран хэрэгжүүлж байна.

-Тухайлбал ямар бодитой үр дүн хүлээж байна вэ?

-Монгол Улсын 1000 хүнд ноогдох автомашины тоо 320 хүрсэн байна. Нэг талаар давуу талтай зүйл боловч нөгөөтэйгүүр сөрөг тал ч бий.  Тухайлбал агаарын бохирдлын эх үүсвэрийн 12-оос дээш  хувь нь авто машины утаанаас ялгарч байна. Мөн улсын хэмжээнд бүртгэгдсэн авто машины 35-аас дээш хувь нь улсын хяналт болон удирдлагаас гадуур эмх замбараагүй байгаа нь нийгмийн асуудал болжээ. Эдгээр автомашин улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байгаа боловч чухам хаана ямар байдалтай байгааг мэдэх аргагүй байна. Хэрэв энэхүү автомашинууд хээр хаягдсан бол хөрс ихээр бохирдуулж  байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой. Тиймээс  энэ  асуудлыг шийдвэрлэхийн тулд авто машины импорт, борлуулалт, засвар, үзлэг оношилгоо, ашиглалтаас хасах зэрэг бүх үе дамжлагыг зохион байгуулалттай удирдлагад оруулах шаардлага тулгарч байгаа юм. Төслийг хэрэгжүүлэхэд  Монгол Улсын Засгийн газар  маш их хичээл зүтгэл гаргаж бүх талын дэмжлэг үзүүлж байна. “КОЙКА” нь энэхүү асуудлыг түргэн шийдвэрлэх үүднээс Засгийн газартай хамтарч  энэхүү хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна.

-Төслийн хүрээнд чухам яг ямар тодорхой ажлууд хийгдэх вэ?

-Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд авто машиныг  ашиглалтаас хасах,  ашиглалтаас хасагдсаныг тодорхойлох бичиг буюу гэрчилгээг зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагуудаар олгох системийг суурилуулах шаардлагатай юм. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийг ашиглалтаас хасуулах бүх үе дамжлагыг  цахим тооцоолуураар удирдах тул үйлчлүүлэгч нь улсын бүртгэлийн газарт биеэр очих шаардлагагүй. Гуравдугаарт, ашиглалтаас хасагдах тээврийн хэрэгслийг задлах, устгахад хаягдаж байгаа ашигтай материалыг шинжлэх ухаанд суурилсан технологиор аюулгүй байдлаар дахин боловсруулж, дахин ашиглаж ашигтай нөөцийг дэмий үрэхгүй болно. Хөгжингүй улс орнууд нь ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг 95-аас дээш хувиар дахин боловсруулж байна.

-Иргэд хүртэх үр өгөөж нь чухам юу вэ?

-Тус төвийн нэг цэгийн үйлчилгээнд хандсанаар ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслээ зөвхөн хог болгоод хаяхгүй. Тодорхой шалгууруудын дагуу үнэлүүлж дахин эргэлтэд оруулах боломжтой. Эндээс боловсруулан гаргах сэлбэгүүд нь дотоодын зах зээлд нийлүүлэгдэхдээ баталгаат шаардлагыг хангасан, найдвартай сэлбэгүүд байх болно. Зөвхөн ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн тодорхойлолт бичиг олгох системээр л авто машиныг ашиглалтаас хасуулах ажлыг нэг дор хийлгэж болно. Магадгүй 3-5 жилийн дотор энд тэнд хаягдсан ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслүүд бүгд үгүй болно гэсэн итгэлтэй байна. Мэдээж төсөл хэрэгжсэнээр тухайн бүс нутагт шинээр ажлын байр бий болно. Тус төвд 50 орчим ажлын байр эхний ээлжинд бий болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top