С.Батболд: Энэ удаагийн форум төр, аж ахуйн нэгж, иргэнээ нэг огтлолцолд уулзуулах зорилготой

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

НҮБ-тай хамтран хийсэн судалгаагаар автомашины хог хаягдлыг боловсруулах үйлдвэр зайлшгүй барих шаардлагатай гэж үзжээ. Манай улс жилд 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл импортоор орүүлж ирдэг гэсэн тоон мэдээлэл байна. Үүнээс 5-6 хувь нь л шинэ байдаг бол бусад нь тухайн улс орондоо ашиглалтаас хасагдсан, насжилт өндөртэй, осол аваарт орсон машинууд байдаг.  Нэгдүгээрт, энэ нь иргэдийн аюулгүй байдалтай шууд холбоотой ноцтой асуудал. Хоёрдугаарт, манай улс хуучин машины “хогийн цэг” болж байна гэхэд хилсдэхгүй. Тиймээс ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг хаа ч хамаагүй төмрийн сэг болгоод хаях уу эсвэл  байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр дахин боловсруулах арга замыг эрэлхийлэх үү гэдэг нь бидний өмнө тулгамдсан асуудал болжээ. Энэхүү асуудлыг хэлэлцэхээр аравдугаар сарын 25-ны өдөр  “Авто тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын форумыг БОАЖЯ, ЗТХЯ, “KOICA”, “Монгол авто ресайкл парк” ХХК хамтран зохион байгуулах гэж байгаа аж. Бид энэ асуудлаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.


-Манай улсад жилд импортоор орж ирж байгаа авто тээврийн хэрэгслийн талаарх мэдээллээр ярилцлагаа эхэлье. Одоогоор хичнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна вэ?

- Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд нэг сая гаруй тээврийн хэрэгсэл бүргэлтэй. Үүнээс харахад монголчуудын гуравны нэгд нэг тээврийн хэрэгсэл ногдож байна. Дэлхийн дундажтай харьцуулбал нэлээд өндөр.  Дэлхийн дунджаар  12-13 хүнд нэг тээврийн хэрэгсэл ногддог гэсэн судалгаа гарсан. Цаашид  автомашин импортоор аваад байх уу, эсвэл үүн дээр тодорхой цензур тавих уу гэсэн  шаардлага зайлшгүй тулгарч байгаа.  2017 оны тоо баримтыг дурдахад л 74125 автомашин шинээр улсын дугаар  авсан байдаг. Харин 2018 онд 98657 орж ирсэн бол 2019 он гарснаас хойш 77 980 тээврийн хэрэгсэл импортолсон дүн мэдээ байна. Импортын автомашинуудын дийлэнх нь тухайн улсдаа 8-10 жил ашиглагдаад манай улсад орж ирдэг.

-Цаашид ямар зохицуулалтууд хийх вэ?

- Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байна. Үүнд импортын тээврийн хэрэгслийн асуудлыг зохицуулсан заалтуудыг тусгаж өгсөн. Намрын чуулганаар хэлэлцэнэ. Мөн удахгүй Монгол Улсад ашиглахыг хориглосон, гэмтэлтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэхийг хориглох УИХ-ын тогтоол гарах гэж байна. Учир нь импортоор орж ирэх автомашинуудын 15-20 хувь нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн улсдаа зам тээврийн осолд орсон тэргийг тэнд нь хямдхан худалдан аваад Монголд оруулж ирдэг. Ийм төрлийн машиныг засаж янзлаад “шинэ” гэж зардаг учраас иргэдийнхээ аюулгүй байдал, зам тээврийн ослоос урдчилан сэргийлэх үүднээс дээрх тогтоолыг гаргах гэж байна.

-Импортын автомашинд тавих шаардлагыг тухайн улсын талтай ярилцаж байгаа юу?

-Бид Японы талтай энэ асуудлыг ярьж байгаа. Тус улсад техникийн дүгнэлт гаргадаг дөрвөн байгууллага бий. Энэ байгууллагуудтай хамтарч ажиллан манай улс руу орж ирэх тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийж экспортолдог байх зохицуулалт хийх гэж байна. Хэдийгээр тус улсаас орж ирдэг машинууд нь үнэлгээний хуудастай ирдэг ч манайхан түүнийг нь засаж янзлаад хуурамчаар үйлдээд байгаа юм. Тиймээс цаасаар биш мэдээллийн сангаар дамжуулах талаар ярилцсан. Цаасан сертификат байж болох ч бид сангаараа дамжуулан шалгаснаар бодит уу, үгүй юу гэдгийг тодорхойлчихно. Мөн БНСУ-ын Тээврийн аюулгүй байдлын газартай яг энэ чиглэлээр хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулсан.

-Ашиглалтын хугацаа нь дууссан автомашинууд манайд хэр олон байна вэ?

-Хуулийн дагуу ашиглагдаж байгаа автомашин нь тээврийн хэрэгслийн үзлэгт орсны дараа хөдөлгөөнд оролцох эрхтэй болно. Одоогийн байдлаар бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 65-68 хувь нь л үзлэгт орж байгаа. Үлдсэн хувь нь яагаад орохгүй байна гэхээр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон, задаргаанд орж сэлбэгэнд зарагдсан байх жишээтэй. Иймээс 2017 оноос тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ хугацаанд үүссэн татварын өрийг иргэдээс авахгүй байх асуудлыг ТЕГ-тай ярилцаж тохирон ашиглагдахгүй, сэлбэг болон зарагдсан тээврийн хэрэгслийг хасаж эхэлсэн. Үүний үр дүнд 2017 онд 12938, 2018 онд 27687 автомашин хассан бол энэ жил 15945 нийтдээ 56570 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасчихаад байна. Үүнээс өмнө жилдээ ганц хоёр зуун тээврийн хэрэгслийг хасдаг байсан юм.

Задаргаанд оруулж, хаягдал болгож буй машинуудаас үүдэлтэйгээр агаар, хөрсний бохирдол маш их үүсдэг.  Ялгарсан хүнд элементүүд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Жишээ нь, машины акумляторын гаднах эбонет буюу хуванцар, доторх хар тугалгыг нь авч ашиглахдаа шингэнийг нь шууд хага цохиод л асгачихдаг. Үүнээс нь болж нийслэлд амьдардаг иргэд, ялангуяа хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-5 дахин их байна гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргасан. Үүнийг зохицуулахын тулд 2016 онд “Хог хаягдлын тухай хууль” батлагдаж, салбар бүр өөрсдийн хог хаягдлыг боловсруулах, устгах ажлыг зохион байгуулахаар хуульчилсан байдаг. Мөн ногоон хөгжлийн бодлогоор авто тээврийн хэрэгслийн хог хаягдлыг технологийн дагуу устгаж, боловсруулах хэрэгтэй гэсэн бодлого гарсан. Тухайн үеэс хойш бид судалгааны ажлуудыг хийсэн. НҮБ, БНСУ-ын Койка, Японы Жайкатай хар тугалгыг хэрхэн боловсруулах, хог хаягдлаа яаж цуглуулах судалгаанууд хийсэн. НҮБ-тай хамтран Монгол Улсад автомашины хог хаягдал нь боловсруулах үйлдвэр барих хэмжээнд хүрсэн үү, шаардлагатай юу гэсэн судалгаа явуулахад зайлшгүй шаардлагатай болсон гэдэг дүгнэлтийг өгсөн байгаа. Ийм дүгнэлт гарч, хууль нь ч бий болж бодлого, судалгаа ч бэлэн болчихлоо. Тиймээс боловсруулах үйлдвэр барих ажил эхэлчихсэн явж байна. Одоогийн байдлаар гурван стандарт батлуулсан.

-Тэгэхээр эрх зүйн орчин нь бүрдсэн  гэж ойлгож болох нь ээ?

-Автомашинаас гарч байгаа хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн процессийг журамласан журмыг боловсруулаад хэлэлцүүлээд явж байна. Энэ ажил дуусчихвал эрх зүйн орчин нь бүрдчихнэ гэсэн үг. Цаашид цаасан дээр хийсэн ажил маань хэрэгжиж эхлэхээр томоохон үйлдвэрүүд сүндэрлэнэ. Ирэх оноос бүтээн байгуулалтын ажил эхэлчих байх.  Хог хаягдлыг боловсруулах чиглэлээр үндэс сууриа тавьчихсан яваа. Тодруулбал, автомашины дугуйг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох, хаягдал тосыг боловсруулан дизель түлш, барилга замд ашиглах тосолгооны бүтээгдэхүүн хийж байна. Мөн төмрийг нь Багануур, Дарханы төмрийн үйлдвэрүүдэд ашиглаж байгаа. Цаасан материалыг боловсруулж ариун цэврийн цааснаас эхлээд янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байх жишээтэй. Боловсруулж чадахгүй байгаа хэд хэдэн зүйл бий. Олон төрлийн шингэн, шил, даавуу модны хог хаягдал. Ер нь дээрх төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг маш цөөхөн газар бий. Өндөр технологи ч ашиглаж чадахгүй, нэгдсэн зохион байгуулалтад ороогүй учраас тавьсан стандартын шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар үйлдвэрийг нь хаачихдаг явдал байна. Цаашдаа өндөр технологи ашиглан, эрчимжээд явах нь гарцаагүй.

Одоогийн хэлэлцэж байгаа журмаар хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах процессийг зохицуулна. Олон улсын гэрээ, конвенцод тусгаснаар автомашины 85 орчим хувийг дахин боловсруулах боломжтойгоор үйлдвэрлэх ёстой гэж заасан байдаг. Дэлхийн хөгжсөн улс орнууд үүнийг илүү дээшлүүлэн 98 хүртэлх хувийг дахин боловсруулж, ашиглах боломжтойгоор үйлдвэрлээд байгаа. Тэгэхээр машин гэдэг зүйл нь ашиглалтын хугацаа нь дуусахаар хог болдог ч нөгөө талдаа дахин боловсруулалтанд орох баялаг болж байгаа юм.

-БНСУ-ын талтай ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаар санамж бичиг байгуулж байсан санаж байна. Энэ хүрээнд ажлууд хийгдэж эхэлсэн үү?

-Нийслэлийн баруун болон зүүн талд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Нэгдүгээрт, Налайхын аж үйлдвэрийн паркад БНСУ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулаад эцсийн шатандаа орлоо. Энэ сарын 25-нд Авто тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх сэдэвт ОУ-ын форум зохион байгуулагдах гэж байна. Эцэслэгдвэл Солонгосын тал хөрөнгө оруулалтаа шийднэ. Аюултай хог хаягдал их гарах учир суурьшлын бүсээс гадна байгуулж байгаа хэрэг. Мөн Багануурт төмрийн томоохон үйлдвэртэй учир тийшээ тээвэрлэхэд ойр, Да хүрээ, Өгөөмөр зах, автозасвар гээд газрууд төвлөрсөн учраас сонгосон. Хоёрдугаарт, баруун захад баригдах үйлдвэрийн 30 га газрыг саяхан авсан байгаа. Үйлдвэр баригдсанаар мөн л Дарханы төмөрлөг рүү зөөх, төмөр зам нь ойр, автомашины захаа дагасан гээд олон давуу талтай юм.

-Удахгүй болох ОУ-ын форумаас ямар  шийдэл, үр дүн хүлээж байгаа вэ?

- Аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс шинэ санаачилга гаргаад ажил болгочих гээд л яваад байна. Гэтэл энд тэнд очиж уулзаад л бүдэрч унаад, янз бүрийн саадтай тулгараад байгаа. Сүүлдээ хаашаа хэнд хандахаа мэдэхээ байж арга тасардаг. Төрийн байгууллага нь баахан цаас үйлдвэрлээд л бодлого, хууль, дүрэм журам гарган, судалгаа хийх жишээтэй. Үүнээс харвал төр, аж ахуйн нэгж хоёр маань паралель шугамаар яваад байгаа юм. Тиймээс уг форумаар төр, аж ахуйн нэгж, иргэнээ нэг огтлолцолд уулзуулах зорилготой. Форумаар хэнд ямар шинэ санаа, бодол, боломж, технологи, бодлого байна гэдгийг ярилцаад харилцан ойлголцож үр дүнд нь бидний хүсээд байгаа үйлдвэр бий болоосой гэж хүсэж байна. Зарим нэгэнд нь юунд зарахаа мэдэхгүй хадгалж суугаа мөнгө байхад нөгөөд нь баахан түүхий эд, нэг хэсэгт нь технологи байгаа болохоор энэ үеэр уулзаж, нэгнээ сонсон хамтраад ажиллах боломж бүрдэнэ. Олон ажил тодорхой болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top