“Монголын ард түмэн ардчилал, парламентын засаглал, хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалж үлдээрэй. Та нарын оролцоо их. Бидний алдааг битгий давтаарай. Хэвлэлийн эрх чөлөө чинь ард түмний эрх чөлөө байдаг юм шүү. Сэтгүүлчид хүчтэй байх ёстой” хэмээн гунигтайгаар хоолой зангируулан хэлэх эр бол Филиппин улсдаа 50 салбартай Сэтгүүлчдийн эрх ашиг, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалдаг ТББ-ын нарийн бичгийн дарга. Түүний Монголын сэтгүүлчдэд захьсан үг энэ. Тус байгууллага 1986 онд байгуулагдсан. Улсаа 21 жил тэргүүлсэн Фердинанд Маркосын дарангуйлал хэрээс хэтэрсэн тул хэвлэлийнхэн нь нэгдэн тэмцэж чадсанаар түүнийг огцруулсан байдаг.
Гэсэн ч харамсалтай нь 1986 оноос хойш өнөөдрийг хүртэл Филиппин улсад 190 сэтгүүлч амиа алдсан байна. Тэдгээрээс 33 нь 2009 оны сонгуулийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр 20 гаруй иргэний хамт буудуулан амь үрэгджээ.
Филиппин улсад хэвлэлийн эрх чөлөөг огт байхгүй гэх нь утгагүй ч байхгүйтэй ижил замаар явж ирснийг “Рапплер” агентагийнхан хэлж байсан юм. Засгийн газар болон ерөнхийлөгч Родриго Дутертегийн зүгээс байнгын шахалт, дарамт цаашлаад сэтгүүлчдийг “устгах” тухай ярьдаг. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байна гэж мянгантаа орилоод ч нэмэргүй.
Тэр бүү хэл тус улсын ерөнхийлөгч Родриго Дутерте хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх ёсгүй гэж үздэг нэгэн. Хэвлэлийн хурал дээрээ үүнийгээ шууд зарлачихдаг “сайн эр”. Филиппин улс дэлхийд сэтгүүлчдэд аюултай улсын жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгддэг бол Зүүн Азидаа тэргүүлдэг гэдэг албан ёсны судалгаа бий.
Филиппиний хэвлэлийнхэн нь өндөр хамгаалалт дор явж сурвалжлага бэлддэг гэдгийг хэлж байв. Тус улсын ерөнхийлөгч хар тамхитай хатуу тэмцэх мөрийн хөтөлбөртэй сонгуульд ялалт байгуулсан тул ард түмэн нь түүнд маш их итгэдэг. Тиймээс Дутерте цагдаагийнхандаа хар тамхичидтай хатуу тэмцэх сануулга өгч галт зэвсэг ашиглах эрх олгосон юм байна. Филиппиний хэвлэлийнхний хэлж буйгаар 2016 оноос хойш хар тамхитай тэмцэх тэмцлийн золиосонд 29 мянган иргэн амиа алдсан гэдгийг онцолж байв. Хэвлэл мэдээллийн цөөн хэдэн хэрэгсэл нь “Хар тамхичин байсан ч хүний эрхэнд ингэж халдаж болохгүй” гэдгийг сануулан амиа алдсан иргэдийн ар гэрт очиж сурвалжлага бэлтгэсний төлөө “хар тамхичин сэтгүүлч” хэмээн цоллож байгаад нэр бүхий сэтгүүлчийг буудан хороож байжээ.
Харин Монголд... Бид дэндүү эрх чөлөөтэй гэдгийг алхам тутамдаа мэдэрч байлаа. Хэн нэгэн сэтгүүлч Төрийн тэргүүнээс эхлээд дуртай хүнээ шүүмжилдэг. Үүнийгээ эрх чөлөө гэж ойлгодог. Харин үүрэг дээрээ ирэхээр гацдаг. Монгол Улсыг зарим тохиолдолд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэдэг. Бидний хагас эрх чөлөө Филиппиний сэтгүүлчдийн ой тойнд бүтэн эрх чөлөө мэт бууж байна. Тус улсын хэвлэлийн эрх чөлөө нь ерөнхийлөгчөө зөвхөн магтах, Засгийн газрыг үглэн дуулах эрх чөлөө байх ёстой гэдэг. Дийлэнх хэвлэл үүнтэйгээ хувь заяагаар эвлэрчээ. Гэвчиг “Рапплер” зэрэг ганц хоёрхон агентлаг үндсэн зарчмын хүрээнд ажиллахаар “адлуулж” байгаа юм билээ. Хэвлэлийн зах зээлийн тухайд манай улстай ижил зүйл байгаа нь томоохон бизнес, улс төрийн салбарынхан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшдэг. Өөрсдийн дохио зангаагаар хөдөлгөдөг.
Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний тухай алга дарам хуультай бол Филиппинд тусгайлсан хууль байдаггүй. Үндсэн хуулиараа “Хэвлэлийн эрх чөлөөнд халдахыг хориглоно” гэсэн ганц заалт бий ч амьдралд хэзээ ч хэрэгжиж байсангүй. Үндэсний хэвлэлийн зөвлөл байдаг ч худалдагдсан, ялзарсан гэдгийг сэтгүүлчид нь баталж байна. Төсвөөс хуваарилсан тав гурван төгрөгөө хувааж идээд таардаг шиг байгаа юм. Тус улсын ерөнхийлөгчийн сошиал дахь баг хүчтэй. Төрийн тэргүүнийг шүүмжилсэн сэтгүүлчийг байж болох хамгийн муу муухайгаар дайрч давшилж, нухчин дарахыг оролддог гэдгийг бодит баримтуудаар нотолж байв. Дутертегийн зөвлөхийн авлигын асуудал ил болж баримтаар гаргаж ирсэн сэтгүүлчдийг төрийн ордонд орох эрхийг нь хассан бол авлигач зөвлөх нь сенатын гишүүн болж дэвшсэн зэрэг баримтуудыг харж болохоор.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн чиг хандлага цаасан сонин унших, телевиз үзэхээс илүү цахим орчинд “амьдарч, хооллож” байгаа. Монголчууд бид “амьд харилцаа байхгүй боллоо” хэмээн үглэн дуулж байгаа нь үүнтэй холбоотой. Филиппинд ч гэсэн энэ асуудал хурцаар тулгарч байна лээ. Зөвхөн Манила хотод өдөр тутмын 100 сонин үйл ажиллагаа явуулах эрхээ авсан ч дийлэнх нь өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаггүй байна. Зөвхөн сонгуулийн өмнө идэвхжээд усанд хаясан чулуу шиг алга болно. Учир нь Монголын цаасан сонины зах зээл хумигдаж буйтай агаар нэг шалтгаантай аж. Цаасан сонинд реклам өгснөөс фэйсбүүк, твиттер, инстаграм хуудсуудаар мэдээллээ цацах нь үр дүнтэй хэмээн үзэх болсон тул сүүлийн жилүүдэд рекламны хомсдолд оржээ. Тиймээс цахим сэтгүүл зүйд шилжиж эхэлсэн гэдгээ тэд хэлж байсан.
Филиппин улс 110 сая хүн амтайгаар 75 сая нь идэвхтэй фэйсбүүк хэрэглэгч гэсэн. Тэдний 93 хувь нь гар утас ашиглан мэдээлэл авдаг тул мобайлд зориулсан формат бүхий тусгайлсан аппликейшн гаргаж мэдээллээ хүлгэж байгаа юм. Нэг хүн дор хаяж хамгийн багадаа 10 аккаунт хэрэглэдэг тул цахим сэтгүүл зүйн тусгайлсан контентуудыг бэлтгэх шаардлага байдаг аж. Филиппин нэг хүн өдөрт дунджаар дөрвөн цаг гаруй хугацааг фэйсбүүк, твиттер, инстаграмд өнгөрүүлж байгаа судалгааны дүнгээрээ дэлхийд тэргүүлдэг байна.
Тус улсын ерөнхийлөгч "сайн эр" Дутерте хэвлэлийн тэрс үзэлтэн тул өөрийг нь дэмжээгүй хэвлэлийг хашиж боох жирийн үзэгдэл. Ялангуяа түүнийг төрийн тэргүүн болсноос хойш хэвлэлүүдийн нөхцөл байдал улам хүндэрч иржээ. Өөрийг нь шүүмжилбэл "намайг унагахын тулд дайрч байна" гээд шууд “устгах” чиглэл өгдөг харгис нөхөр. Филиппин сэтгүүлчид үүнээс ангид байхын тулд хэвлэл мэдээлэл хүчтэй байх ёстой, худалдагддаггүй байх ёстой, ардчилал, парламентын тогтолцоогоо ямар ч үнээр хамаагүй авч үлдэхийн бүгд сануулж байсныг дахин дурдъя.
Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагын бэлтгэсэн 2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний тайланг энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд танилцуулж байсан. Эл тайланд сэтгүүлчдийг үзэн ядах байдал хүчирхийллийн хэлбэрт шилжиж, энэ нь тэднийг улам бүр айдаст автуулж байна гэж үзсэн байдаг. Сэтгүүлчид хамгаалагдсан, аюулгүйд тооцогддог орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж байх үүрэгтэй гэдгийг цаг ямагт мэдрүүлж байна. Хэвлэлийнхэн хоточ нохойн үүргээ биелүүлэхэд өөрсдийнх нь үзэл бодол, зоримог алхам, шийдвэр хараат бус, мэргэжлийн байх нь хамгийн чухал юм аа.
Сэтгэгдэл ( 0 )