Ц.Нямдорж: З.Энхболд эдийн засгийн ил тод байдлын хуулийг батлуулсан

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага /ФАТФ/-ын “Саарал жагсаалт”-д багтсан асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн /2019.10.21/ хуралдаанаар хэлэлцлээ. Бүлгийн хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Монголбанкны дэд ерөнхийлөгч  Б.Лхагвасүрэн нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-”Саарал жагсаалт”-д орсноор Монгол Улсын гадаад  валютын гуйвуулгад хязгаар тогтоож,  зээлжих зэрэглэл буурна гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?

-Б.Лхагвасүрэн: -Монгол­банкны зүгээс төлбөр тооцоо хийдэг олон улсын хэд хэдэн байгууллагатай холбогдож мэдээлэл авсан. “Саарал жагсаалт”-тай холбоотой аливаа хориг байхгүй учраас төлбөр тооцоо саатахгүй гэдгийг хэлсэн.  Тиймээс энэ талаар гарч буй мэдээллийг төөрөгдөл гэж хэлэх байна. Монгол Улс ФАТФ-д 2004 онд элссэн. 2006 онд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай анхны хуулиа гаргаснаар хамтын ажиллагаа өрнүүлээд явж байгаа. Хамгийн сүүлд харилцан үнэлгээний баг 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж ажилласан. Үүний дараа 2017 оны тавдугаар сард ФАТФ-ын хяналтад манай улсыг оруулсан. Энэ цагаас хойш манай тайланг хянаж явсаар энэ сарын 18-нд албан ёсоор шийдвэрээ  зарласан. Ингэж  хяналтад оруулсан ч гишүүн улсууддаа санхүүгийн аливаа хориг арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс олон нийтийн яриад байгаа шиг картын болон олон улсын төлбөр тооцоо зогсох, валютын урсгал саатах эрсдэл үүсэхгүй. Одоогоор бид цөөн хэдэн банктай харилцдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ФАТФ-ын хяналтад байдаг гэдгийг мэддэг учраас аливаа эрсдэл  гарахгүй гэж үзэж байгаа. Нөгөө талаас эдийн засаг 6.7 хувийн өсөлттэй байна. Олон улсын санхүүгийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагаас энэ өсөлтөд нэг их өөрчлөлт орохгүй гэдгийг мэдээлчихсэн. Дээрээс нь энэ жилийн төсөв ашигтай гарах төлөвтэй байна. Худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан. Монголбанк дахь валютын нөөц нэмэгдэж байгаа зэрэг нь эдийн засагт ямар нэг доргио үүсгэхгүйг илэрхийлж байгаа. Тийм учраас дэмий, хоосон мэдээлэл түгээж, сандарч, валютын ханшид аливаа дарамт үүсэхгүй байхыг олон нийтэд уриалж байна.

-Цаашид валютын ханшид өөрчлөлт гарахгүй гэх баталгааг Төв банк өгч чадах уу?

-Б.Лхагвасүрэн: Монголбанк зах зээлийн мэдээллийг байнга авч ажилладаг. Банкуудын цонхны ханш Монголбанкны худалдаж авдаг, зардаг ханшийн хэмжээнд байгаа. ББСБ-ын тухайд ханш өссөн гэх мэдээлэл ирүүлж байгаа ч амралтын өдрийн хөөсөрсөн ханш эргээд хэвийн байдалд шилжсэн гэх мэдээлэл ирж байна. Монголбанк долоо хоногт хоёр удаа банкуудын дунд дуудлага худалдаа явуулдаг. Тиймээс валютын  захиалга хэчнээн хэмжээтэй ирсэн ч түүнийх нь дагуу нийлүүлэх бүрэн боломжтой.

-Ч.Хүрэлбаатар: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын дөрвөн бонд гаднын зах зээлд арилжаалагддаг. Манай бон­дуудад хөдөлгөөн ороогүй, хэвийн байгаа. “Саарал жагсаалт”-ыг элдэв хориг саад дагалдаагүй учраас хэвийн байна гэж бид харж байгаа.

-”Саарал жагсаалт”-аас хэзээ гарахаар ажиллаж байна вэ?

-Ч.Хүрэлбаатар: ФАТФ-ын дараагийн хуралдаан ирэх оны нэгдүгээр сард болох юм билээ. Тэр хуралдаанаар асуудлаа оруулаад “Саарал жагсаалт”-аас гарах хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна.

-Эдийн засгийн ил тод  байд­лын тухай хуулийг баталсан нь “Саарал жагсаалт”-д орох хамгийн том үндэслэл болсон гэдэг. Энэ алдааг яаж засах вэ?

-Ц.Нямдорж: Энэ хуулийг дахиад сайн ярина. Алийн болгон энэ хуультай зууралдаж, хардлагад өртөж, Монгол Улс эрсдэлтэй зүйл рүү яваад байх вэ. Энэ хуулийг баталсны дараа Монгол Улс баян болно гэж тэр үед сурталчилж байсан.   Шулуухан хэлэхэд, тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд “Саарал жагсаалт”-ыг баахан хүнээс болсон л гээд байна билээ. Гэтэл энэ хуулийг санаачлан батлуулсан хүн нь өөрөө юм шүү дээ.

-Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг тогтоосон уу?

-Ч.Хүрэлбаатар: Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх ажил­лагаа 2017 оноос эхэлсэн. Үнэлгээний үр дүн 2018 оны дундуур гарсан. Манай төлөөлөл ОУВС-гийнхантай уулзаж байгаа. Үүгээр дээрх асуудлыг ярьж, тохиролцоонд хүрнэ.

-Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх чиглэлээр юу хийж байна вэ?

-Ц.Нямдорж: 2013-2016 оны хооронд дахь санхүүгийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх үед 2015 онд баталсан Ил тодын хуулиар Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наяд төгрөгөөр буюу байснаасаа 105 хувиар нэмэгдсэн. Сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн. Ил тодын хуулийг наадмын үеэр тухайн үеийн эрх баригч АН, МАХН-ын хооронд уулзалтууд болж хүчээр баталсан. Ингэж ФАТФ-ын ажлын хэсэг Монгол Улсад ажилласан. Улмаар аравдугаар сарын 18-нд “Саарал жагсаалт”-д улсын нэр оруулах үйл явц болсон. Мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэдэг гол хоёр асуудал нөлөөл­сөн. Эдгээр асуудлуудыг шийдчихвэл ойрын хугацаанд хяналтаас гарах боломжтой. Бид Мөнгө угаахтай тэмцэх хуулиа батал­­сан. Гадаадын ажиллах хүчний тухайд 2000-аад хүний асуудал бий. Ирэх арваннэгдүгээр сард шийдэгдэнэ. Ингээд тавьж байгаа шаардлагаас нь хоёрыг шийдвэрлээд дуусна. Би гурван жилийн өмнөөс “Эрдэнэт”, Худалдаа хөгжлийн банктай холбоотой асуудлыг ярьсан. Монголбанкинд Мөнгө угаахтай тэмцэх алба байдаг. Тэр алба 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянах үүрэгтэй. Сэжигтэй бол тагнуулд өгнө. Энэ асуудлаар туйлын хойрго хандаж байгаа. Маш хүнд нөхцөлийн дунд “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Хөрөнгө хураахтай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдэнэ.

-Ч.Хүрэлбаатар: Буруу бод­лого, үйлдэл Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Эдийн засгийн ил тодын тухай хууль. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн дархлааг бий болгох арга хэмжээ сайн хийсэн. Монголбанкны валютын нөөц өнөөдөр 3.8 тэрбум болж, нэмэгдсэн. Ирээдүйн өв санд 363 тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Эдийн засгийн дархлааг бий болгох гэж хичээж ажилласан. “Саарал жагсаалт”-д орсноор сандрах шаардлагагүй. Учир нь үүнийг дагасан аливаа хориг байхгүй учраас ханш хөөргөх шаардлагагүй. Энэ байдлаас богино хугацаанд гарах арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайд бүтэн сайн өдөр гар­гаж, идэвх, санаачилгатай ажил­лах үүрэг өгсөн. Үүний дагуу ажиллана. 

-”Саарал жагсаалт”-д багтсаны хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Д.Тогтохсүрэн: Аль боло­хоор л “Саарал жагсаалт”-аас хурдан гарах хэрэгтэй. Тиймээс Засгийн газрыг төлөвлөгөө гарга гэж байгаа. Дараагийн хурал нэгдүгээр сард, түүний дараагийн хурал зургаадугаар сард болно. Ерөнхий сайд Япон Улсад ажиллаж байна. Мөн Монголбанкны удирдлагууд гадаад томилолтоос ирээгүй байна. Тэднийг ирсний дараа бүлэг дээр дахин хариуцлагын асуудлыг хөндөнө.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.67) 2019 оны 10 сарын 22

Худлаа залахдаа нүд нь ч цавчихгүй юм даа. 2013-2016 оны хооронд АН, МАХН-ын хооронд уулзалтууд болж хүчээр баталсан гэчихжээ. МАХН - ыг хэдэн онд сэргээн батласан билээ, түүнээс хоййш энэ нам төр барьж байсан бил үү? Үгүй ш дээ. Худалч Нямдорж өөрөө тэр хуулиа баталчихснаа бусад руу чихээд зогсохгүй МАН гэж хэлж чадахгүй МАХН гэчихжээ. Энэ нь Нямдорж гэгч хэн болохыг сайн мэддэг Энхбаярыг үзэн яддагтай холбоотой л байх даа.

1  |  0
бултлаа(202.179.26.70) 2019 оны 10 сарын 22

өө бухах нь

1  |  0
Top