АЗИЙН ФОРУМ: Хариуцлагагүй уул уурхай хүний эрхийг ноцтой зөрчиж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Монгол Улсын Хүний эрхийн хөгжил төв /ХЭХТ/, Хүний эрх, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Азийн Форум болон Дорнод, Хэнтий аймгийн иргэд хариуцлагагүй уул уурхайн улмаас хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар өнөөдөр /2019.10.22/ мэдээлэл хийлээ.

Танилцуулгын үеэр уул уурхайн хууль бус олборлолтын үйл ажиллагаа орон нутгийн иргэд болон байгаль орчинд аюул учруулж, амгалан тайван байдлыг алдагдуулж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа болохыг орон нутгийн иргэд онцолж байлаа.


БИЧИЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА МАЛЫН БЭЛЧЭЭРГҮЙ БОЛГОЛОО

Азийн Форумын /Форум Ази/ Хүний эрх хөгжлийн ажилтан Беннис Агус Прима “Азийн Форум 2015 оноос хойш Монгол Улсын Хүний эрх хөгжил төв, хүний эрхийн хамгаалагчидтай хамтран жил бүр зөвлөлдөх уулзалтыг дөрөв дэх жилдээ хийж байна. Энэ жил “Бизнес ба хүний эрх” чиглэлд голчлон анхаарсан. Учир нь Азийн орнуудад сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанаас болж хүний эрхийг ноцтойгоор зөрчих гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Бид анх 2012 онд Дорноговь аймгийн Айраг суманд очиж, тухайн нутаг дэвсгэрт уул уурхайгаас болж үүсэн нөхцөл байдалтай танилцаж байсан. Энэ удаагийн бидний хийсэн судалгаанаас харвал үйл ажиллагааны чиглэл, цар хүрээнээс үл хамааран уул уурхай нь Монгол Улсын хойд бүс нутгийн Биндэр, Батноров, Цагаан-Овоо зэрэг олон олон сумдын байгаль орчин, орон нутгийн иргэдийн аж амьдралд аюул учруулж байгааг олж харсан. Уул уурхайн үйл ажиллагаа малчид болон байгаль орчин, мал ахуй, уламжлалт зан заншилд хэрхэн нөлөөлж байгааг баримтжуулж, тодорхой судалгаануудыг явуулсан. Мөн Хэнтий, Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уурхайн нөлөөллийн талаар оролцогч талуудын байр суурийг голдуу оруулсан. Томоохон хэмжээний уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцэж буй орон нутаг дахь хүний эрхийн хамгаалагч, байгаль орчны төлөө тэмцэгчдэд хамгийн ихээр тулгарч буй хүчирхийллийн хэлбэрүүд нь айлган сүрдүүлэг, заналхийлэл байгааг харлаа. Түүнчлэн бичил уурхайн олборлолтын нөхцөл байдал улам хурцатгаж, нутгийн ард иргэдэд дарамт үзүүлэх төдийгүй малын бэлчээрт ихээхэн хор хохирол учруулж байна” гэв.
 



НУТГИЙГ НЬ СЭНДИЙЧИЖ БАЙХАД ТООДОГГҮЙ БАЙЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОНО ГЭЖ ЯРИХААС ИЧИХ ХЭРЭГТЭЙ
 

Хэнтий аймгийн Биндэр сумын “Онон мөрөн” хөдөлгөөний тэргүүн Н.Алтангэрэл “Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Эзэн Богд Чингис хааны  өлгий нутаг мөхлийн ирмэгт ирээд байна. Чингис хааны төрж өссөн нутагт аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулсан, энэ нутаг уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй гэсэн шийдвэртэй. Манай аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүний мөрийн хөтөлбөр нь багтсан. Хэнтий аймгийн Батширээт суманд дөрвөн уул уурхайн компани ажилладаг. Гутайн давааны чиглэлд урт нэртэй хуулийн дагуу баруун зүүн Гутай,Арангатын гол, Наймтын гол гэсэн дөрвөн голыг "голгүй" учраас уул уурхайн эрхэлж болно гэсэн зөвшөөрөл олгосон байдаг. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зэрэг үндэсний хэмжээний хуулийн цоорхой нь уул уурхайн компаниудад боломжийг олгож байна. Үүнээс болж, орон нутгийн ард иргэд аюулгүй байдал, амьжиргаандаа санаа зовох нь улам нэмэгдэж байна. Хэнтий аймгийн нутгийн ард иргэд маань биднийг хууль бус олборлолттой тэмцээч гэж шахдаг. Бид чадлаараа хичээдэг ч томчууд ирж үзэж, ажиллана гэчихээд алга болдог. Зарим компаниуд Хэнтий аймгийн шороон ордоос байгалийн баялгаа зөөж байхад нь хүртэл Засаг дарга нь мэдээгүй сууж байсан. Нутаг орноо хамгаалж мэдэхгүй, удирдлагууд, гишүүд байгаа нь үнэхээр харамсалтай. Хэнтий аймгийн хувьд 2018 оны гуравдугаар сараас эхлээд уул уурхайн асуудлыг олон удаа ярьсан. Энэ асуудлаа тоодоггүй байж, аялал жуулчлалын бүс болгоно гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Нутгийн ард иргэдийн тэсвэр алдагдаж байгааг хэлмээр байна. Онон голын сав газарт зургаан сум байдаг бөгөөд 10 гаруй мянган хүн амтай" гэв.



ХЭДХЭН ТӨГРӨГИЙН ТӨЛӨӨ НУТГИЙГ МИНЬ БИТГИЙ УХААЧ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин Д.Мөнгөнхун "Манай нутагт “Степ голд” гэж компанийн хамгаалагч нар нутгийн иргэдийг маш их заналхийлдэг. Энэ компанийн ажилчид гэх хэдэн залуу намайг өргөж аваад чулуудаж байсан үе ч байсан. Одоо хүртэл “Степ голд” компанийн хүн залгаж байна. Бидний амьдарч байгаа газар нутаг олон хүний  амиар үнэлэгдэж ирсэн газар нутаг. Бид нутагтаа зүгээр тайван амьдармаар байна. Гэтэл хэн нь мэдэгдэхгүй хүмүүс орж ирээд амьдарч байгаа нутаг дээр маань хашаа барина гэж дайраад байхыг зүгээр хараад сууж чадахгүй. Тэр хүмүүс "Бид ажлаа хийж байна, та нар шиг тэнэг юмнууд дуугүй бай" гэдэг. Энэ бүх зүйл ганц надаар дуусаагүйг та бүхэн мэдэх хэрэгтэй. Олон мянган нутгийн иргэд ийм хүнд нөхцөл байдал, дарамт дунд амьдарч байна. Яагаад ийм хууль бус ажиллагааг зогсоодоггүй юм бэ. Хэдхэн төгрөгийн төлөө нутгийг минь битгий ухаач. Нутгийнхаа төлөө дуугарсан жирийн нэг малчны амь үнэгүйдэж байна. Монгол орон үнэхээр тансаг орон. Ийм сайхан орныг уул уусгүй там битгий болгооч” гэв.


 

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР БОДИТ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

Хэнтий аймгийн Биндэр сумын засаг дарга Г.Тайванжаргал “Биндэр сум 4000 гаруй хүн амтай. Онон голын эх Гутайн даваанд алтны ашиглалтын компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа нь зөвхөн манай сумын асуудал биш. Энэ нь Хэнтий, Дорнод аймгийн зургаан сум, 19 мянга орчим хүн ам, цаашлаад ОХУ-ын 67 тосгоны асуудал болж байна. Тийм учраас Азийн Хүний эрхийн хөгжлийн төвд хандсан. Хүний эрхийн комиссын гишүүд газар дээр нь очиж танилцлаа. Энэ бүс нутаг маань түүхэн аялал жуулчлалаар хөгжих шийдвэр гарсан. Аялал жуулчлал хөгжих аргагүй болж байна. Монголын түүх болсон Онон гол бохирдож байна. Онон голын эргээс тавхан километрийн цаана уул уурхайн таван компани байна. Загас, мал хордож байна. Ерөнхий сайд шийдвэр гаргаж эдгээр компаниудаа зогсоогооч ээ. Нэг хэсэг шийдвэр гарсан гэсэн боловч бодит биш байна. Засгийн газрын шийдвэр бодит байгаасай гэж хүсэж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top