Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэмээх хоёр туйлаас холдох хүсэл

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Манай энэ олон шүдээ хавирсан дарга нарыг хар. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр, С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхболд гээд хэл аманд орсон, өөр хоорондоо толхилцсон улс байх. Эндээс юу харагдаж байна гэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс нэг нэгнээ үздэггүй юм байна. Бидний түгээмэл ойлгодог шиг хувь хүний амбиц, зорилго бүр шуналаараа огтлолцсон бол биш байх. Тэдний муудалцсан цаад шалтгааны углуурга хашиж явсан албан тушаалынх нь зовлон байж таарна. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ буюу УИХ-аас томилсон Засгийн газрын Ерөнхий сайдын эрх хэмжээ нь зөрчилдөөд байгаа хэрэг. Үүнээс болж Монголын сор эрчүүд өнөөдөр бие биенээ барьж идэх гээд хярж байгаа юм. УИХ хууль тогтоох эрх мэдлээ ашиглаад засаглалын энэ зовлонг хөнгөвчлөөд өгчихвөл Монгол Улсын хөгжлийн нэг тушаа тас үсрэх гээд байна даа.

Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр л хийнэ. Тэр боломж нь ч саяхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсаныг парламент хүлээн авснаар гарлаа. Нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулга явуулаад дэмжүүлчих юм бол тэр хуулийн төсөлд Ерөнхийлөгч, бусад нам хүчин тэр байтугай Үндсэн хуулийн цэц саад болж чадахгүй байлаа. Гэхдээ зовлон нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар санал асуулга явуулдаг юм гэхэд сонгуулийн насанд хүрсэн иргэдийн 50 дээр нэмэх нь нэг хувийн ирцтэй байх ёстой. Сонгуулиар машинаар зөөж, мөнгө тарааж байж хүргэдэг ирцийг өвөл хаяанд ирсэн энэ үед гүйцээх нь юу л бол. Малчид өвөлжөөндөө буучихвал саналыг нь авахаар уулын ам бүрээр давхиулаад байх тийм олон зараал төрд олдох уу. Олдсон ч цаг хугацаандаа амжих бил үү.

Хоёрдугаарт, УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дахин задрах нөхцөл үүссэнтэй холбоотойгоор гурван санал тавиад байгаа. Тодруулбал, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах юм. Эдгээрээс Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх заалт нь УИХ-ын 62 гишүүний анх өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд байлаа. Дараа нь Ерөнхийлөгчийн оруулсан зөвшилцөх саналд УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны асуудал тусаад байсан. Гэхдээ энэ хоёр заалт хоёрдугаар хэлэлцүүлэг дээр уначихсан даа. Харин одоо зөвшилцөхөөр дахиад оруулж ирж байна. Ер нь тэгээд Үндсэн хууль гэдэг бол иргэн нь төртэйгөө байгуулж байгаа гэрээ. Гэрээнд заасан зүйлсийг хуулиар зохицуулдаг журамтай. Тэгэхээр Үндсэн хуульд болж бүтэхгүй байгаа бүх л шалдар булдар юмыг оруулж цэглэх гэхээсээ илүү иргэний эрх, төрийн байгуулалтын зарчмыг л тусгахад болно. Энэ утгаараа дээрх гурван санал үнэ цэнтэй юм. Эргэн сануулахад, АН төрийн эрх барьж байсан 2015 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд мөн л Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх тухай туссан байсан. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн Засгийн газарт үүрэг чиглэл өгөх, хууль санаачлах, хууль хүчний байгууллагуудыг удирдах эрх мэдэл Ерөнхий сайдыг жул болгож харагдуулдаг. Ерөнхий сайд сонгуулиар ялсан намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм ч болохоор УИХ-аас түүнийг томилж байгаа хэрэг. Тэр хэрээр төрийн албан хаагчид ч хоёр тал болон хуваагдаж байна. Хоёр туйл л юм даа. Тэгэхээр эн тэнцүү шахам хоёр эрх мэдэлтэй хүний дунд сайн харилцаа урт удаан хугацаанд тогтноход хэцүү. Нэгэн тэнгэрт хоёр нар байна гэсэнтэй адил. Аль аль нь ард түмэнд өгсөн амлалттай. Ийм болохоор Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага парламент гэж заасан ч гадаадын орнууд биднийг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай хэмээн дүгнэдэг. Одоо энэ Оросын Хятадын хандлагыг хар л даа. Ерөнхийлөгч дээр илүү фокуслаад байгаа мэт биш байна гэж үү. Үүнээс л бичлэгийн эхэнд нэр нь дурдагдсан хүмүүс хоорондоо муудалцсан шалтгаан тодорч эхэлнэ. Харин тэдний тэмцлийн тоглоомын хөлөг дээр ард түмэн хохироод байгаа юм. 

Манай энэ олон шүдээ хавирсан дарга нарыг хар. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр, С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхболд гээд хэл аманд орсон, өөр хоорондоо толхилцсон улс байх. Эндээс юу харагдаж байна гэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс нэг нэгнээ үздэггүй юм байна.

Монгол Улс 1992 онд баталсан Үндсэн хуулиараа парламентыг засаглалыг барьж авсан. Үүнийгээ цаашид үргэлжлүүлье гэвэл өнөөгийн эрх баригчид АН-ын гурван саналыг хүлээж аваад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр баталчих хэрэгтэй. АН-ын хувьд саналыг нь авчихвал кнопдоод явчихна. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хэрэгтэй байгаа 57 гишүүний босго амархан бүрдэх юм. Саналуудын тухайд ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг 2025 оноос, УИХ-ын холимог тогтолцоог 2024 оноос мөрдөхөөр тусгахаар зөвшилцөж байгаа юм билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр 35 санал дэмжигдсэн, түүнээс өөр санал орохгүй. Харин Ардчилсан намаас ирүүлсэн гурван санал дээр зөвшилцөж байна. Зөвшилцлийн дараа бүлэг баталгаажуулж, эцсийн шийдвэрээ гаргана. Одоогоор эцэслэж, баталгаажуулаагүй, ярилцаж байна. Тухайлбал, холимог тогтолцоог дэмжиж, хэрэгжих хугацааг 2024 оноос, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг дэмжиж, хэрэгжилтийг 2025 оноос мөрдөх гэх мэт саналууд гарч байна” гэсэн байна. Хүмүүс өнөөгийн улс төрийн орчныг “60 тэрбум”, “ЖДҮ” гэсэн хэл амаар төсөөлөөд холимог болчихвол жагсаалтын ард “хадны мангаа” шиг юм нуугдаад УИХ-д орчихно гэж хараад байгаа. Гэхдээ ямар нам өөрийнхөө жагсаалтад олиггүй хүн оруулж олон нийтээс авах саналаа алдахыг бодох вэ дээ. Харин ч одоогийн жалга дов болгон руугаа улсын төсвийг хувааж явуулах гэсэн уралдаанд цэг тавих сайн талтай. Жалгын биш бодлогын улстөрчидтэй болно гэсэн үг. Өнөөдөр хэлэлцэгдэж байгаа 2020 оны төсвийг харахад л бодлогын улстөрч ховор байгаагийн балаг ямар вэ гэдэг харагдаж байгаа биз дээ.

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудал бол УИХ-ын фракц бүлэглэлүүд Засгийн газрыг хувааж авдгийг болиулах эхний алхам болно. Өнөөдөр танхимын зарчмаасаа өөр юм ярьдаг дархлагдсан сайд байж л байна. Нэг гарт зангидагдаагүй, ардаа хамгаалалттай данхайсан даварсан дарга нараас салах боломж нь энэ гэдгийг 2015 онд АН, 2017 онд Ардын нам санал болгож байгаа юм. Энэ хоёр нам өнгөрсөн 30 жил засагласны хувьд засвараа ойлгоод байна л даа. Одоо Ерөнхийлөгчийг Ерөнхий сайдын замаас холдуулахын тулд парламентаас сонгодог болгох нь чухал. Тэгэхээр өөр хоорондоо уялдаатай саналууд гэж харагдаад байгаа. Явж явж энэ эргээд парламентын засаглалыг бэхжүүлэх ач холбогдолтой. Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол яах вэ гэдэг бол тусдаа сэдэв. Наад зах нь манайх их гүрэн явснаас биш одоо тэр хэвээрээ биш байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Дорой явахдаа долоо хэмжиж байхын тулд парламент нь өлзийтэй. Сүхбаатарын нэгэн сурталчилгаанд хэлдэг шиг “Энэ зам нь хол боловч өлзийтэй” л байхгүй юу.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.94.141) 2019 оны 10 сарын 27

Ардын их хурал улсын бага хурал гэсэн парламенттай болж байж жинхэнэ шударга ес хариуцлага тогтож монгол улс хогжино энэнээс оор зам байхгуй монголчуудаа гэвч одоо энэ талаар ярьж байгаа улс торч баран алга

0  |  0
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
Top