Өнгөрсөн долоо хоногт “Улаанбаатар” олон улсын кино наадам болж өндөрлөлөө. Олон улсын тодотголтой, нэр хүндтэй, нөлөө бүхий цөөхөн наадмын нэг бол яах аргагүй “Улаанбаатар” кино наадам.
Жилээс жилд зохион байгуулалтын хувьд сайжирч, хамрах хүрээгээ тэлсээр байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ учир дутагдалтай зүйлс бас байна. Энэ жилийн тухайд зохион байгуулсан хэлэлцүүлгүүд сонирхолтой, үр дүнтэй санагдсан ч гаргасан олон улсын кинонууд сэтгэлд хүрсэнгүй, чамлалттай санагдав. Өмнөх жилүүдтэй харьцуулахад санасан шиг байсангүй.
Наадмын эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл бүх киног сууж үзэхэд яагаад ийм бүтээл гаргаж байгаа юм бол гэх бодол хэд хэдэн төрөв. Гэсэн ч монголчуудад кино бүтээхээс гадна үзэх соёлыг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж буй их үйлс гэж бодоход чамлах сэтгэл өөрөөс минь цааш нэг их халихгүй. Харин хэлэхгүй байж чадахгүй нь. Бид киноны сайн, мууг ялгаж, цензур тавьж, ур хийц харж, тунгаан бодож, киногоор хүмүүжиж, бас өөрийгөө олж үзэж сурч байгаа юм байна.
Кино наадам ч тогтмол үзэгчидтэй болсон нь өнгөрсөн хэдэн өдрүүдэд тод ажиглагдсан. Бидэнд энэ чанар л нэн тэргүүнд чухал байгаа юм. Тиймээс ч кино үзэх соёлыг дэлгэрүүлж буй “Улаанбаатар” олон улсын кино наадамд талархал илэрхийлэх нь зүйтэй. Наадмын зохион байгуулагчдад баярлалаа гэж хэлээд өнөөдрөөс ирэх жилийн наадмыг хоног тоолон хүлээх л үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )