Ц.Гарамжав: 21300 иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


-Таны өргөн барьсан Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар дэмжээд байна. Энэ хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцээд байгаагүй бил үү?

-Энэ хуулийн төслийг анх 2019 оны хоёрдугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн нийт эмэгтэй гишүүд санаачилсан. Тухайн үед хэлэлцэх эсэхийг нь дэмжээд хэлэлцүүлгийн явцад зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй 1990 онд хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан бүх дөрвөн нөхцөл буюу эрэгтэйчүүдийг нэмж оруулъя гэсэн чуулганы чиглэл гарсан. Тиймээс хуулийн төслийг татаж аваад дахин хуулиа томьёолох шаардлагатай болсон юм. Тэгээд дахин оруулж ирсэн хуулийн төсөл хэлэлцэх эсэх нь дэмжигдээд байна.

-Тэр дөрвөн нөхцөл нь юу билээ?

-1990 онд Монгол Улс нийгэм, эдийн засгийн өөрчлөлт хийсэн. Өөрөөр хэлбэл, бид төвлөрсөн төлөвлөгөөт социалист системээс зах зээлийн чөлөөт ардчилсан нийгэмд орж ирсэн. Ингэхийн тулд олон мянган үйлдвэр заводоо хувьчилж байлаа. Нөгөө талаар олон мянган хүн ажлын байргүй болж байсан үе л дээ. Тухайн үед төр засгаас ажилгүйдэл ихээр бий болох, ажилгүй болсон иргэд тэтгэвэр тэтгэмжгүй болох байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарах дөрвөн нөхцөл тавьж, иргэдээ тэтгэвэрт гаргасан юм билээ. Тодруулбал, төрүүлсэн болон гурав хүртэлх настайд үрчлэн авсан, дөрөв түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн 15-аас доошгүй жил ажилласан 50 насанд хүрсэн эмэгтэй. Төрүүлсэн болон дөрвөн настайд нь үрчлэн авсан дөрөв түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй.

Мөн нийтдээ 27-оос дээш жил ажилласан эмэгтэйг нас харгалзахгүйгээр, дөрөвдүгээрт, нийтдээ 32-оос дээш жил ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй гэсэн ийм дөрвөн төрлийн нөхцөл хангасан иргэдийг хөнгөвчилсөн нөхцөлөөр 1990 онд тэтгэвэрт гаргасан юм.

-Одоо ер нь хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан хэчнээн хүн байна вэ?

-1990 онд БНМАУ-ын тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль батлагдсан. 1991 оны нэгдүгээр сарын байдлаар 288 мянган иргэн тэтгэврийн хуульд хамрагдаж тэтгэвэрт гарсан байдаг. Энэ иргэдийн 133 мянга нь ямар нэгэн нөхцөлөөр наснаасаа эрт тэтгэвэрт гарсан байсан. Мөн тус 133 мянган иргэний 83 мянга орчим нь эмэгтэй байсан байгаа юм. Гэхдээ 1997 онд хууль гараад хөнгөвчилсөн нөхцөлөөр наснаасаа эрт тэтгэвэрт гарсан иргэдийнхээ тэтгэврийг түр түдгэлзүүлж тэтгэврийн хувь тэнцүүлэн нөхөн олговор олгож эхэлсэн байдаг. Энэ нь, хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдээс “Бид тэтгэвэрт гарсан учраас нийгмийн янз бүрийн халамжийн гадна үлдэж байна. Мөн тэтгэвэр тогтоолгосон гэдэг шалтгаанаар ажилд орох боломжгүй болсон. Энэ мэт гэр бүлдээ нэмэлт орлого олох олон боломжоо алдсан” гэдэг гомдол ихээр ирсэнтэй холбоотой.  байдаг. Тухайн 1997 онд судалгаа хийхэд хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 44 мянган иргэн байсан. Тэдний тэтгэврийг нь түр түдгэлзүүлээд тэтгэврийн нас хүртэл нь нөхөн олговор явуулаад 2017 он гэхэд ихэнх нь тэтгэврийн насанд хүрсэн тул хуулийн хугацаа дуусгавар болсон байдаг. Харин бид 2018 оноос эхлээд хууль санаачлахаар судалгаа явуулж эхэлсэн. Яг өнөөгийн буюу 2019 оны аравдугаар сарын байдлаар хөнгөвчилсөн тэтгэвэр тогтоолгосон 21300 иргэн байна. Үүн дотроо 18300 орчим нь эмэгтэй, 3000 орчим нь эрэгтэйчүүд байгаа.

Тэгэхээр хуулиа татаж авч дахин боловсруулаад сая хоёр дахь удаагаа өргөн барихдаа бүх нөхцөлөөр буюу тэтгэвэрт эрт гарсан эрэгтэй, эмэгтэй иргэдээ бүгдийг нь оруулсан. Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд “Дөрвөн нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан бүх иргэдээ тусгачихлаа. Тэтгэврийн дундаж 374.8 мянган төгрөг байдаг юм байна. Үүнд хүргэе” гэсэн судалгаа саналаа явуулсан. Засгийн газрын бүх яамд бидний явуулсан хуулийг хянаад шийдвэрээ гаргасан. Тухайлбал, ХНХ-ын сайд С.Чинзориг “Засгийн газарт наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн судалгаа, өргөдөл их байна. Бүх иргэн дээр нэмнэ гэвэл 500 тэрбум төгрөг шаардлагатай. Зөвхөн энэ хуульд хамрагдаж байгаа 21.3 мянган иргэнд тооцох юм бол 12.5 тэрбум төгрөг болох юм байна. Үүнийг улсын төсөв дээр тавьж өгье. Тэгвэл нэг хүний тэтгэвэр 50 мянга орчим төгрөг нэмэгдэх юм байна” гэсэн.

-Наснаасаа эрт хөнгөвчилсөн нөх­цөлөөр тэтгэвэрт гарсан иргэд хэдэн төгрөгийн тэтгэвэр авч байсан юм бол?

-Ер нь их бага байсан. 2016 оноос хойш бид нийт тэтгэврийг бага багаар хоёр удаа нэмсний дараа одоо 280-300 мянган төгрөгт хүрсэн. Харин дундаж тэтгэвэр 374.8 мянган төгрөг байдаг. Гэхдээ статистикт яг албан ёсны дундаж бол байдаггүй юм байна. Зүгээр л нийт иргэдийн авч байгаа тэтгэврийг тооцоолоод тавьчихсан тоо л доо.

-Хууль батлагдвал хэзээнээс дагаж мөрдөх билээ?

-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.

-2020 оны улсын төсвийг чуулганаар хэлэлцэж байна. Үүнд хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг нэмэх эх үүсвэр суусан уу?

-Бид тэтгэврийн нэмэлтийн судалгааг явуулаад, хаврын чуулганаар хэлэлцүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор энэ 21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмье гэсэн судалгаагаа Засгийн газар хийгээд төсөвтэйгөө хамт өргөн барьчихаж. Ингээд ижил үзэл баримтлалтай гурван хууль УИХ-д өргөн баригдсан гэсэн үг. Анх өргөн барьсан эмэгтэй гишүүдийн хууль, Засгийн газар, миний өргөн барьсан хууль. Өнөөдрийн (өчигдрийн) нөхцөлөөр миний сүүлд өргөн барьсан хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ дэмжлээ. Тэгэнгүүт УИХ-ын дарга “Нэгэнт гурван хууль маань үзэл баримтлал нь ойролцоо, агуулга нэгтэй учраас үүнийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу нэгтгээд нэгдүгээр хэлэлцүүлэг дээр хэлэлцээд явъя” гэсэн чиглэл гаргасан. Тэгэхээр нэгдүгээр хэлэлцүүлгээс эхлээд тал талын дэмжлэгтэй явах боломжтой болсон. Засгийн газар, эмэгтэй гишүүдийн дэмжлэг нийлсэн болохоор хурдтай хэлэлцэхээс гадна хэрэгжих боломж нь тодорхой боллоо. Төсөвт 12.5 тэрбум төгрөг суучихсан учраас энэ 21 мянган иргэний тэтгэвэр ямар ч байсан 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа.

-АН-ын зүгээс сонгууль угтсан төсөв боллоо гэж шүүмжлээд байгаа. Ер нь тэгээд МСҮТ-д суралцагчдад 200 мянган төгрөг, олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн ээжүүдийг тэтгэвэрт гарахад 1.5 жил нэмж тооцох, цалин тэтгэвэр нэмэх, мөн таны санаачилсан энэ хууль байна. Тэгэхээр халам­жид анхаарсан мэт харагдаад байгаа юм?

-2017 оноос эхлээд нэмж байсан шүү дээ. Жижиг бизнесүүдийг дэмжихийн тулд татварын орчныг чөлөөл­сөн, тэтгэврийн нэмэгдлүүд зэрэгцээд явсан, ахмадууддаа “насны хишиг” олгож эхэлсэн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан гэх мэт. 2017, 2018, 2019 онуудад эдийн засгийнхаа өсөлтийн боломжийг ашиглаад ажилласан. Мэдээж, 2020 он сонгуулийн жил болохоор ялангуяа сөрөг хүчин хардах эрхтэй.

-Төсвийг хоёр их наядын алдагдалтай төлөвлөсөн, орлогоо өөдрөг төсөөлсөн гээд шүүмжлэл ч гарч байгаа?

-Орлогоо бол өөдрөг төсөөлсөн байна. Манай улс чинь хүссэн хүсээгүй уул уурхайгаас эдийн засаг нь хамааралтай байна л даа. Солонгоруулна, төрөлжүүлнэ, хөдөө аж ахуйн чиглэлийг илүү хөгжүүлье гэсэн ийм үзэл бодол, төлөвлөлтүүд их явагдаж байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал яаж ч болохгүй уул уурхайгаас төсвийн дийлэнх орлого бүрдэж байна шүү дээ. Ирэх жил зэс, алтны үнэ хэвийн байхаар тооцоолсон байна. Үүн дээр болгоомжтой хандах ёстой гэсэн аудитын дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтэд алт, зэсийн үнэ буурах хандлага ч гарч болзошгүйг анхааруулсан байна лээ. Мөн ирэх оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлттэй холбоотойгоор ярихад томоохон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлогыг дутуу тооцсон байна гэдэг дүгнэлт байсан. Үүн дээр би их анхаарч байгаа. Төрийн өмчит аж ахуйн нэгж гэдэг сүүлийн үед анхаарал татаад байгаа. Хувийн хэвшлүүд тэртэй, тэргүй татварын маш олон дарамтад байдаг. Мөн татварын орлогын ихэнхийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Тэд 25, 30 хувийн татвар дээр нь нийгмийн даатгалын 20 хувь, эрүүл мэндийн даатгалын шимтгэл гээд үнэхээр их татвар төлдөг. Хувь хүн ч гэсэн олон төрлийн татвар төлж байгаа шүү дээ. Зарим хүн манай улс татвар харьцангуй багатай гэж ярьдаг. Би бол тэгж үздэггүй. Яагаад гэвэл монголчуудын маань орлого бага байхгүй юу. Тэгэхээр цаашдаа Засгийн газар энэ татварыг бас бодох ёстой. Сүүлийн үед Засгийн газар төрийн өмчит аж ахуйн нэгжийг ихээр төрүүлэх болсон. Бүх юмыг ерөнхийдөө төрдөө төвлөрүүлэх хандлага харагдаж байна. Магадгүй зөв байж болно. Үнэхээр хариуцлагагүй аж ахуйн нэгжүүд бий болоод байвал төр дээр авчирч хариуцлагатай явуулж байвал болно. Хамгийн гол нь татварыг зөв төлөх, үнэн зөвөөр мэдүүлэх ёстой. Ялангуяа энэ “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой”, “Таван­толгой”, “Эрдэнэт” гэсэн бараг дангаараа улс орны эдийн засгийн ихэнх хэсгийг хангачихдаг үйлдвэрүүдийн татвар үнэн зөвөөрөө төсөвт орох ёстой. Хангалтгүй төлөвлөсөн байна гэж аудитын дүгнэлт дээр үзсэн байгаа шүү дээ. Түүнээс биш одоо гаалийн татварыг нэмнэ гэдэг ч юм уу, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмнэ гэдэг ч юм уу асуудал байж болохгүй.

-Гаалийн шинэчлэлийн хүрээнд орлого олох тухай дуулдсан?

-Гаалийн шинэчлэл хийж түүнээсээ хоёр их наядын орлого олно гэж төлөвлөсөн байх жишээтэй. Энэ бас бодох л асуудал. Экспорт, импорт ихэсч байгаа нөхцөлд гааль дээр хууль бусаар их хэмжээний ашигт малтмал экспорт, импортын үйл ажиллагаа явагдаж байна. Үүнийгээ Монгол Улс өнөөдөр бас бүрэн бүртгэлжүүлж чадахгүй байна. Тэгэхээр ер нь зөв. Гэхдээ ирэх жилийн татварын орлогод энэ маань нөлөөлж чадах нь бас эргэлзээтэй. Бас зарим хөрөнгө оруулалтын төлөвлөлтүүд биелэх нь эсэх тал дээр бодох хэрэгтэй. Жишээлбэл, улсын төсвөөс 365 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын дутагдал гарч ирж байгаа. Яаж судлаад энэ 91 барилга байгууламжийг оруулсан юм бол. Өртгийг нь хаанаас олох юм. Ийм судалгаагүйгээр хөрөнгө оруулалтыг төлөвлөх явдал бас улсын төсөв дээр байна. Тэгэхээр улсын төсөв бас хийтэй байна гэдгийг аудит нэлээд сайн анхааруулаад өгсөн.

-Төсөв дээр хөрөнгө оруулалтын хувьд Хөвсгөлд бага, Хэнтийд их хуваарилагдлаа гэдэг ч юм уу гомдлын шинжтэй зүйл зарим гишүүдээс гарч байгаа?

-Яахав дээ, Хэнтий аймагт түүхийн дурс­галын цогцолбор байгуулах гэж нэг том ажил байгаа юм. Үүнийг дэмжихгүй монгол хүн байхгүй байх. Тэр ажил дээр хөрөнгө тавигдсан болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө энэ жил гишүүдийн тойрог дээр жигдхэн хоёр тэрбум орчим төгрөг тавьсан. Миний хувьд, хоёр цэцэрлэгийн санал оруулсан. Хэнтий аймагт Чингис хааны түүхэн цогцолбор байгуулах бусад хоёр гурван түүхийн талын аялал жуулчлал хөгжүүлэх талын юмнууд байна лээ. Олон жил яригдаж байгаа асуудал байсан. Тэр талаасаа төлөвлөгдсөн болов уу. Гэхдээ төсвийг чуулган, байнгын хороогоор задалж хэлэлцэнэ. Тэгэхээр бас төсөвлөснийхөө хэрээр явчихгүй л дээ.

-“Саарал жагсаалт”-д орлоо гээд шуугиад байна. Аж ахуй эрхэлдэг хүмүүст ямар дарамт учрах бол гэдэг сонин байна. Улстөр­чид ч янз бүрээр л тайлбарлаж байгаа. Гэхдээ нүдэнд харагдаж байгаагаар бол ам.долларын ханш өсчихлөө?

-“Саарал жагсаалт”-д орсон нь харам­салтай. Гэхдээ урьд нь манайх бас орж байсан. Тэгэхэд бид мэдээгүй өнгөрчихсөн. Энэ нэг талдаа айдас төрүүлэх улс төр явж байна. Мэдээж, “саарал жагсаалт”-д орох, эдийн засгийн ямар нэгэн хил хязгаар тогтоохыг бид хүсэхгүй шүү дээ. “Саарал жагсаалт”-д орсон шалтгааныг олон янзаар тайлбарлаж байгаа. Яг тэр ФАТФ-ын хуралд оролцоод ирсэн Монголбанкны ерөнхийлөгчийн тайлбарласнаар Хойд Солонгос ажилчид ажиллуулсан, эдийн засгийн гэмт хэрэгт хариуцлага тооцоогүй гэх мэт дөрвөн асуудал байгаа шүү дээ. Ер нь үүнд орсноор хамгийн хүнд тусах нь аж ахуйн нэгжүүд болоод иргэд. Яагаад гэхээр “саарал жагсаалт”-д орлоо гэнгүүт өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш 60 төгрөгөөр хэлбэлзэж байгаа байхгүй юу. Буцаад Монголбанк буулгаж байх шиг байна. Гэхдээ тэр нь шалихгүй байна шүү дээ. Энэ гэнэтийн хэлбэлзэл бол элдэв цуурхалтай холбоотой. Үүнийг ашиглаж мөнгө эргэлдүүлэх гэсэн хүсэлтэй банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард, валют арилжааны газрууд байхыг үгүйсгэх аргагүй харагдаж байна. Ингэж болохгүй л дээ. Ам.долларын ханшны хэлбэлзэл бизнес эрхлэгчдийг хохироодог. Өмнөх парламентын үед бидний хамгийн хүнд авсан цохилт бол 1400 байсан ам.долларын ханш 2600 болчихсон нь байсан. Тэр яасан гэхээр тухайн үед Монголбанкин дээр хамгийн том муухай хариуцлагагүй юм явуулсан. Гэнэт үнэ тогтворжуулна гэж асар их мөнгө хэвлэсэн, сайн хөтөлбөрүүд гээд зээл олгосон. Уг нь Монголбанк зээл олгодоггүй шүү дээ. Ам.доллароор зээл авсан аж ахуйн нэгжүүдээс бусад нь унасан. Түүнээс болоод 2016 он гэхэд Монголбанк валютаа гаргаад юу ч үгүй болчихсон байсан шүү дээ. Одоо бол Монголбанкны ерөнхийлөгчийн өгсөн мэдээллээс үзэхэд валютаа овоо цуглуулаад 3.8 тэрбум ам.доллар орчим нөөцтэй болж байгаа гэсэн. Ам.доллар 2600 төгрөг хүрсэн нь Монголын эдийн засагт том цохилт болсон. Үүнийг олон янзаар тайлбарладаг. Миний хувьд тэр явдалд хэлмэгдэж явсан болохоор их харамсдаг. Тийм ч болохоор дахиж тийм юм битгий болоосой, энэ “саарал жагсаалт”-аас болж валютаа дахиж битгий хэлбэлзүүлээсэй гэж хүсэж байгаа. Саяхан нэг эдийн засагч доллар долоон мянга болно гэж хэлсэн байсан. Маш харамсмаар буруу таамаглал түгээж байна лээ. Монголбанк бол бүх арга хэрэгслээрээ валютын ханшийг барих ёстой, барих боломж байгаа гэж бодож байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцээд валютыг хэлбэлзүүлэхгүй байх арга хэмжээг авах ёстой гэдэг хатуу үүргийг Монголбанкинд өгсөн байгаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(168.235.194.101) 2019 оны 10 сарын 29

Hutsdag har awgai bs luiwarchinl bnaleshdee bitgii ard irgediin tolgoig ergvvl hortoi nuhtsuluur ert suusan ulsuudiig yah gej bgaan nuhun olgoworch bhgvi tetgewerchgvil bnadag awgai mini

0  |  0
Зочин(202.131.243.186) 2019 оны 10 сарын 28

сайн хүн болохгээд яджийнаа чааваас нөгөө улсаас мөнгө луйвардсан хэргийг нь яах гэж байна иймэрхүү юмнуудаас болж монгол улс саарал жагсаалт гэдэг юманд орсон

0  |  0
Я (66.181.181.192) 2019 оны 10 сарын 28

АРСЛАН ДУРСТ АВГАЙ МИНЬ ЗУВЧУУЛСАН 10 ТЭРБУМАА ТОЛ. МАН-ЫН ХЭДЭН ХУЛГАЙЧ АВГАЙ НАР ОРЧИХЖЭЭ. БАНК ДАМПУУРУУЛСАН ТОРД ЭМНЭЛЭГ ШАХАХ ГЭЖ УЛАЙРСАН ГЭЭД УНЭХЭЭР ОЛОН ХУЛЛГАЙЧ АВГАЙ НАР БАЙНАА

0  |  0
нэршил(202.9.42.216) 2019 оны 10 сарын 27

Олон мянган үйлдвэр гэнэ үү. Мянгаар тоологдох үйлдвэр бгаагүй шүү гичий минь boy lady гуай. Олон арван үйлдвэр гэж ярь

1  |  0
Zaya(45.56.183.67) 2019 оны 10 сарын 27

Zovshdee. Tetgever ehchuudii mingiig nemekh yostoi.

0  |  1
tt(192.82.76.177) 2019 оны 10 сарын 28

uuruusuu uguh yumuu..

2  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 10 сарын 27

ҮГҮЙ МӨН СОЛИОРВОО. ЧИ ТЭТГЭВЭР НЭМЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. ТЭРНИЙ ОРОНД БАНКНААС АВСАН 10 ТЭРБУМАА ТӨЛ

4  |  0
Top