Ирэх таван жилд 55 мянган айлын орон сууц барина

2019 оны 10 сарын 28

Нийслэлийн хот  байгуулалтын түүхэн хөгжил нь улс төр, эдийн засаг, урлаг соёл, оюун санааны түүхэн бодит илэрхийлэл юм.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур хэмээх газар алтан ургийн удам Занабазарыг анхдугаар богдоор 1639 онд өргөмжилснөөр төрийн их ёслол үйлдэн богд өргөөг байгуулсан түүхтэй. Нүүдэлчин ард түмний ахуйн соёлын онцлог, тухайн үеийн улс төрийн байдал, байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан Өндөр гэгээний орд өргөө олонтаа нүүдэллэж, 1778 онд өнөөгийн суурьшлыг олтлоо олон сорилт, бэрхшээлийг даван туулсан юм. 1911 онд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1912 оны хоёрдугаар сарын 7-нд Богд хааны зарлигаар  Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдсэн бол 1924 онд  Анхдугаар Үндсэн хуулиа тунхаглаж, өнөөгийн Улаанбаатар нэртэй болсон билээ.
 

Энэ жил нийслэл үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд “Хот байгуулалтын түүхэн үйл явц:  Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурал, архивын үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа.

 

Улаанбаатар хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954, 1961, 1975, 1986, 2002 онуудад таван удаа боловсруулсан байдаг бол өдгөө 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2040 он хүртэлх хэтийн зорилтын стратеги төлөвлөлтийг боловсруулан, суурь судалгаагаа хийж байна. Улаанбаатар хот нь хүн ам, эдийн засаг, боловсрол соёлын байгууллага төвлөрсөн газар бөгөөд хүн амын 46 хувь, их, дээд сургуулийн 95 хувь, тээврийн хэрэгслийн 68 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 31 хувь,  цэцэрлэгийн 45 хувь нь нийслэлдээ төвлөрч байна. хүн амын тоо 2018 он хүртэл 1.462.937 гэж бүртгэгдсэн бол хөдөлмөрийн насны 842 мянган иргэдтэй.

Хамгийн эхэнд “ХОТ” буюу хүн, орчин, төлөвлөлтийг цогцоор нь хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд хүн төвтэй хот байх хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж,  боловсролтой, эрүүл, ажилтай, орлоготой иргэнийг бий болгох, ёс  зүйтэй, үнэт зүйлтэй, нийгмийн оролцоотой, зөв хандлагатай, хариуцлагатай хотын иргэнийг хөгжүүлж төлөвшүүлэх, төрийн үйлчилгээгээ цахимжуулах, төрийн алба хаагчдын хариуцлага сахилга бат, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна.

Нийслэл хотод тулгамдаж буй асуудал нь  ажилгүйдэл, ядуурал, агаар орчны бохирдол, замын түгжрэл, дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламж, хот тохижилт, цахилгаан эрчим хүч, оршин сууцжуулах буюу дахин төлөвлөлт, усны бохирдол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, боловсролын чанар, хүнсний аюулгүй байдал гэж судалгаанд тулгуурлан гарсан. Цаашид эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хамгийн эхэнд “ХОТ” буюу хүн, орчин, төлөвлөлтийг цогцоор нь хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд хүн төвтэй хот байх хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж,  боловсролтой, эрүүл, ажилтай, орлоготой иргэнийг бий болгох, ёс  зүйтэй, үнэт зүйлтэй, нийгмийн оролцоотой, зөв хандлагатай, хариуцлагатай хотын иргэнийг хөгжүүлж төлөвшүүлэх, төрийн үйлчилгээгээ цахимжуулах, төрийн алба хаагчдын хариуцлага сахилга бат, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт амьдрах орчныг таатай болгож, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, ногоон байгууламжийг тэлэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах тал дээр анхаарч ажиллана. Үүний тулд хотын зөв төлөвлөлтийг зохион байгуулж, орон сууцжуулах, дагуул хотуудыг бий болгоно. Үүний сацуу нийтийн тээврийн шинэчлэл хийж, соронзон галт тэрэг, түргэн замын автобус, агаарын дүүжин тээвэр гэсэн гурван төрлийн төслийг хэрэгжүүлнэ” гэв. Мөн ирэх таван жилд 55 мянган айлын орон сууц барина гэж тэрбээр нэмж хэллээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top