УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлаар нэр бүхий гишүүд орсон. Түүний нэг нь та. Таны хувьд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг саатуулсан гэсэн байх аа?
-Эхнээс нь тайлбарлах хэрэгтэй байх. Өнөөгийн эрх баригч Ардын намынхан маш будлиантай хууль батлуулсан. 2017 оны дөрөв, тавдугаар сард Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан байгаа. Ингэж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа авлига, албан тушаалаа урвуулан ашигласан болон бусад гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэгтнүүдэд ашигтай хувилбараар баталсан. Миний хувьд үүнийг зохион байгуулалттайгаар, санаатайгаар хийсэн гэж үздэг. Энэ хуулийн дагуу өнөөдрийн байдлаар 629 гэмт хэрэг шүүхийн болон прокурорын шатанд хэрэгсэхгүй болчихоод байгаа шүү. Нийтдээ 1000 гаруй гэмт хэрэгтэн өнөөдрийн байдлаар ямарваа нэгэн ял хүлээхгүйгээр гудамжинд явж байна.
-Тухайлбал, ямар гэмт хэргүүд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор цагаатгагдчихаад байгаа юм бол?
-Янз бүр дээ. Жишээ нь, залилан, малын хулгай, орон байрны хулгайгаас эхлээд авлига албан тушаалын гэмт хэрэг хүртэл нийтдээ 629 гэмт хэрэг байгаа юм. Үүний 49 нь авлига, албан тушаалын гэмт хэрэг. Өнөөдрийн байдлаар авлига албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 40 гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон. Энэ дотор Авлигатай тэмцэх газраас гаргасан бичлэгт орсон нөгөө гэр, албан байрнаас нь тэрбум төгрөг олдсон, оймсноос нь 25 сая төгрөг гарч ирсэн нөхрийн гэмт хэрэг хүртэл орсон. Бүхэл бүтэн бичлэгтэй, баталгаатай баримттай ийм хэрэг хэрэгсэхгүй болчихсон явж байна шүү дээ. Одоо тэр 49-өөс үлдсэн есөн авлига, албан тушаалын гэмт хэрэг хэрэгсэхгүй болоход бэлэн болчихсон байж байна. Мөн дээр нь АТГ-т шалгагдаж байгаа тодорхой олон гэмт хэрэг энэ хөөн хэлэлцэх хугацаагаар байхгүй болно. Үүн дотор “Жаст”-ын Ш.Батхүүгийн гэмт хэрэг бий. Өөрөөр хэлбэл, энэ хүний 143 тэрбум төгрөгийн хохирол учруулчихсан хэрэг хэрэгсэхгүй болохоо хүлээгээд байж байгаа. Маш олон гэмт хэрэг ингээд ямар ч хариуцлага хүлээхгүйгээр алга болно. Түүнчлэн, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Засгийн газар, УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа ашиглан авч зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг байхгүй болно доо.
-За тэгвэл Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж хэргийг хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон явдал таны УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг саатуулсантай ямар холбоотой юм?
-Иймэрхүү байдлаар хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөнтэй холбоотойгоор Ардын намынхан болон зарим асуудалд орсон Ардчилсан намын нөхдүүд, төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүсийн үйлдсэн авилга, албан тушаалын гэмт хэрэг замхрах байдал руу орж байгаа. Үүнийг хийсэн буруутан нь Х.Нямбаатар, Ш.Раднаасэд юм, дээрээс нь үүнийг хийлцсэн хүн бол Ц.Нямдорж юм гэж би олон нийтэд хүргэхийн тулд Хууль зүйн байнгын хорооны хурлыг саатуулсан. Ингэж саатуулж байж хөөн хэлэлцэх хугацаагаар ийм олон гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон гэдгийг олон нийтэд хүргэсэн. Байнгын хорооны хурлыг саатуулсныхаа төлөө би ямарваа нэгэн хариуцлага хүлээж болно. Гэхдээ Байнгын хорооны хурал саатууллаа гээд Ёс зүйн дэд хороогоор ордог зүйл заалт байхгүй. Харин ийм олон гэмт хэрэг хэрэгсэхгүй болгоод, дээрээс нь олон гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэхгүй эрх чөлөөтэй явуулж байгаа тэр хүмүүс өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлаар орохгүй байгаад би харамсаж байна.
-Таны саатуулсан гээд байгаа Хууль зүйн байнгын хорооны тэр хурлаар Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хэлэлцэж байсан бил үү?
-Яг энэ асуудлыг хэлэлцэж байх үеэр нь би үгээ хэлсэн.
-Засгийн газраас Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг засах хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл оруулчихсан байгаа байх аа?
-Засгийн газрын оруулж ирсэн хувилбараар бол хөөн хэлэлцэх хугацааг яллах дүгнэлт үйлдсэнээр, яллагдагчаар татсанаар гэж өөрчилж байгаа. Х.Нямбаатар гишүүн болон бусад Ардын намын гишүүд миний дээр дурдсан хуулийн өөрчлөлтөөс болж хэрэгсэхгүй болсон хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг нь дахин товлох заалт оруулж байгаа гээд байна. Энэ бол онолын хувьд ч, практикийн хувьд ч урьд хожид байгаагүй зүйл. Хэдийгээр ийм өөрчлөлт орсон ч гэсэн шүүх гэмт хэрэгтэнд эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийдвэр гаргах үүрэгтэй. Тэр хүрээндээ хөөн хэлэлцэх хугацаагаар гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүст тэр заалтыг цаашдаа хэрэглээд л явна гэсэн үг.
-Нэг хэсэг “Саарал жагсаалт”-д орох гэж байна гэж шуугилаа. Одоо орчихоод байна. Орсон шалтгааныг янз бүрээр л тайлбарлаж байгаа. Таны хувьд ямар мэдээлэлтэй байна вэ?
-“Саарал жагсаалт”-д дөрвөн үндсэн шалтгаанаар оруулсан тухай ФАТФ-ын зөвлөмжид байгаа. Нэгдүгээрт, санхүүгийн хэд хэдэн мэргэжлийг тодорхой хяналтад оруулах, дүрэм журмыг нь боловсруулах үүрэгтэй байгаа. Үүнийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо аль хэдийн хийчихсэн байсан. Харамсалтай нь, “60 тэрбум”-ын сүлжээгээр ажилд тавигдсан, хэлний мэдлэг байхгүй, урьд өмнөх асуудлаа мэдэхгүй мэргэжилтэн тэр ФАТФ-ын төлөөлөгч нарт хийчихсэн ажлаа хангалттай сайн тайлбарлаж өгөөгүйгээс болоод энэ жагсаалтад орох нэгдүгээр шалтаг бүрдсэн. Хоёрдугаарт, Хойд Солонгосын 200 гаруй ажиллах хүчин Монголд байгаа. Олон улсын байгууллагууд бол тэдгээр Хойд Солонгос ажилчдын авч байгаа цалин нь эргээд улс орондоо орохоороо зэвсэг, бусад хориотой зүйлд тодорхой хэмжээгээр зарцуулагддаг гэж үздэг. Энэ өнцгөөс тэдгээр ажилчдыг гаргах шаардлага тавьж байгаа. Тиймээс энэ хүмүүсийг албадан гаргах тухай асуудал бий. Гуравдугаарт, гадаадаас орж ирж байгаа мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураахгүйгээр торгоод явуулаад байна. Ер нь бол мөнгө мөртэй гэдэг. Гадаадаас манай улсад ороод байгаа мөнгийг олон улсын байгууллагууд мэдээд байдаг. Мөнгө нь Монгол руу ороод алга болчихдог. Манай талаас хурааж авдаггүй, торгодоггүй ийм зүйл байна. Тиймээс гадаадаас бэлнээр орж ирж байгаа мөнгөн дээрээ хяналтаа сайжруул гэсэн үүрэг өгсөн. Энэ үүргүүд бол ихэвчлэн цэвэр Ц.Нямдоржтой холбоотой асуудлууд шүү дээ. Терроризм, терроризмын санхүүжилттэй тэмцэх үндэсний зөвлөлийн дарга нь энэ хүн. Тийм болохоор энэ тодорхой ажлуудыг яаралтай хурдан хугацаанд хийх болж байгаа юм.
-МАН-ынхан болохоор АН-ыг төрийн эрх барьж байх үед батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох дэвсгэр болсон гэж тайлбарлаад байгаа. Тухайн үед 34 их наяд төгрөг ил болоход ямар нэгэн шалгалт хийлгүй өршөөж байлаа шүү дээ?
-Ер нь бол асуудлаа мэдэхгүй байна гэсэн үг. Асуудлаа мэдэж байсан ч улс төр лүү чихдэг аргаараа асуудлыг ярьж байгаа юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Харин энэ талаар ямарваа нэгэн байдлаар ФАТФ-ын жагсаалтад дурдагдаагүй. Хэрвээ дурдагдсан бол өнөөдөр ил тодын хуулиа өөрчлөх боломж нь МАН-д бий. Тэгэхээр энэ ФАТФ-ын “Саарал жагсаалт”-тай холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль цаашид яригдахгүй юм байна. Яригдахгүйн учир нь, ФАТФ-ын “Саарал жагсаалт”-тай холбоотой асуудал дээр энэ тухай дурдагдаагүйтэй холбоотой.
-“Саарал жагсаалт”-д орсон нь манай эрх баригч нарын яриад байгаа шиг үнэхээр аюулгүй юм уу. “Саарал жагсаалт чинь ямар ч аюулгүй, өмнө нь орсноо мэдээ ч үгүй өнгөрөө биз дээ” гэсэн яриа гарчихлаа. Таны хувьд хэрхэн харж байна вэ?
-Эхний байдлаар гадаад гүйлгээн дээр тодорхой хэмжээгээр шимтгэл нэмэгдэх юмнууд явагдаад эхэлнэ. Дээрээс нь ялангуяа “саарал жагсаалт”-д хамгийн их хамрагддаг зүйл бол санхүүгийн секторууд. Тийм учраас аливаа гадаадын банкууд манайх руу мөнгө шилжүүлэх болон бусад хөрөнгө оруулалт хийх янз бүрийн асуудал дээр нэлээд хязгаарлалт хийнэ. Хөрөнгө оруулагчид ч “Саарал жагсаалт”-д орсон орныг эрсдэлтэй гэж үзээд хөрөнгө оруулалт хийхээ татна.
-УИХ-ын хаврын чуулганы үеэр Ашигт малтмал ашигласны төлбөрийг тогтоохдоо алтанд таван хувь, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнд ногдуулах АМНАТ-ийг ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд тус бүрт нь өсөн нэмэгдүүлсэн байдлаар буюу нийтдээ 10.5 хувь байхаар тогтоосон. Уг нь бол тухайн үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар алтны АМНАТ-ыг 2.5 хувь болгосон хуулийг үргэлжлүүлэх санал оруулсан ч УИХ дэмжээгүйгээс тийм явдал болчихсон. Одоо Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсээд Их суудлын хуралдаан нь болох гэж байгаа юм билээ. Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж байхад та байр сууриа илэрхийлж байсан санагдаж байна?
-Би хаврын чуулганы үеэр тодорхой хэлсэн шүү дээ. АМНАТ буюу рояалтийг нэмэх тохиолдолд алтны бизнес хулгайн замаар өөрөөр хэлбэл, хууль бусаар явж эхэлдэг. Үүнийг энэ рояалтийг нэмсэн, хассантай холбоотойгоор алт тушаалт буурч, ихэсч байсныг Монголын түүх гэрчилнэ. Тухайлбал, рояалтийг нэмэхэд алт тушаалт хоёрхон тонн болж байсан удаа бий шүү дээ. Харин рояалти багассан жил тухайлбал, өнгөрсөн онд 22 тонн алт Монголбанкинд тушаасан байна. Энэ чинь монголчууд жилд 20 гаруй тонн алт авч байна гэсэн үг. Зарим жил рояалти ихэсгэхэд алга болчихож байгаа нь тэр алт хилээр хууль бусаар гараад байгаа хэрэг. Өнгөрсөн хаврын чуулган дээр би “Хэрвээ алтны рояалтиг өсгөх юм бол алт тушаалт таван тонноор буурна шүү” гэж хэлж байсан. Гэтэл яг өнөөдрийн байдлаар алт өнгөрсөн онтой харьцуулахад 4.8 тоннын дутуу тушаалттай явж байгаа. Оны эцэс гэхэд 6.5 тонн болох юм шиг байна. Энэ чинь 300 сая ам.доллараар валютын нөөц нэмэгдэх байсан тэр боломжийг өнөөдрийн УИХ-ын популист гишүүд байхгүй болгосон гэсэн үг. Ц.Нямдорж гэдэг нөхөр популист гишүүдээр санаачилга гаргуулж тэр рояалтиг нэмүүлчихээд ард нь хулгайгаар гаргах ажлыг хуулийн хурандаа нартайгаа хийдэг байхгүй юу.
Сэтгэгдэл ( 3 )
Tschii tegeed uurchilj shinchleech erh medel baihad olon yum yriaad
,одоо тэгээд монгол улсын гааль байна уу татвараа яриад байх юм.олборолсон алт тэгээд хилээр гараад байгаа Юм уу .уг нь татвараа авах л хэрэгтэй ш дээ ургэлж ард тумнийхээ хармаанаас авахаа бодохын оронд гаалиа сайжруулах талаар яриачээ.гаалиа сайжруулж чадахгуй байж татвараа бууруулах талаар яриад хэрэггуй дээ.байгалын баялаг ард тумний омч биздээ.алтнаас авах татвараа авч ард тумэндээ зориулах хэрэгтэй .их мэдэгч улс торчдоо.
Хэрэгтэн амьд , хохирогч амьд байхад хөөн хэлэлцэх хугацаа гэж юу яриад байгаа юм бэ ? Хэрэг хуучирдаггүй . Зориуд санаатай хийсэн. УИХ олон олон өөртөө ашигтай хууль баталсан. Өөрсдийгөө хүртэл ” зомби” болгосон хуультай. Монголд үүргээ мэддэггүй , эрхийг элийрч эдэлдэг ганц байгууллага.