С.Амарсайхан: Нийслэлчүүд 2021 онд соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээврээр зорчдог болно

2019 оны 10 сарын 29

Нийслэлийн хот байгуулалтын түүхэн хөгжил нь улс төр, эдийн засаг, урлаг соёл, оюун санааны түүхэн бодит илэрхийлэл юм. Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур хэмээх газар алтан ургийн удам Занабазарыг анхдугаар Богдоор 1639 онд өргөмжилснөөр төрийн их ёслол үйлдэн Өргөөг байгуулсан түүхтэй. Нүүдэлчин ард түмний ахуйн соёлын онцлог, тухайн үеийн улс төрийн байдал, байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан Өндөр гэгээний орд Өргөө олонтаа нүүдэллэж, 1778 онд өнөөгийн суурьшлыг олтлоо олон сорилт, бэрхшээлийг даван туулсан юм. 1911 онд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1912 оны хоёрдугаар сарын 7-нд Богд хааны зарлигаар  Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдсэн бол 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа тунхаглаж, өнөөгийн Улаанбаатар нэртэй болсон билээ. Энэ жил нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож буй.

Ойн хүрээнд “Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг өчигдөр зохион байгуулав.

Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурал, архивын үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа.
 


ИРЭХ ТАВАН ЖИЛД 55 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ 

Улаанбаатар хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954, 1961, 1975, 1986, 2002 онуудад таван удаа боловсруулсан байдаг бол өдгөө 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2040 он хүртэлх хэтийн зорилтын стратеги төлөвлөлтийг боловсруулан, суурь судалгаагаа хийж байна. Улаанбаатар хот нь хүн ам, эдийн засаг, боловсрол соёлын байгууллага төвлөрсөн газар бөгөөд хүн амын 46 хувь, их, дээд сургуулийн 95 хувь, тээврийн хэрэгслийн 68 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 31 хувь, цэцэрлэгийн 45 хувь нь нийслэлдээ төвлөрч байна. Хүн амын тоо 2018 он хүртэл 1.462.937 гэж бүртгэгдсэн бол хөдөлмөрийн насны 842 мянган иргэдтэй.

Ойгоо угтаж нийслэлд замын цагдаагийн гүүрэн гарц, Сонсголонгийн төмөр, бетон хос гүүр, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд анх удаа усан сан, насос станцуудыг ашиглалтад оруулсан бол Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчилж ойрын өдрүүдэд ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ. Нийслэл хотод тулгамдаж буй асуудал нь ажилгүйдэл, ядуурал, агаар орчны бохирдол, замын түгжрэл, дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламж, хот тохижилт, цахилгаан эрчим хүч, оршин сууцжуулах буюу дахин төлөвлөлт, усны бохирдол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, боловсролын чанар, хүнсний аюулгүй байдал гэж судалгаанд тулгуурлан гарсан.
 

Амьдрах орчныг таатай болгож, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, ногоон байгууламжийг тэлэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах тал дээр анхаарч ажиллана. Үүний тулд хотын зөв төлөвлөлтийг зохион байгуулж, орон сууцжуулах, дагуул хотуудыг бий болгоно. Үүний сацуу 2021 он гэхэд нийтийн тээврийн шинэчлэл хийж, цахилгаан соронзон галт тэрэг, түргэн замын автобус, агаарын дүүжин тээвэр гэсэн гурван төрлийн төслийг хэрэгжүүлнэ. Энэ бол мөрөөдөл биш, бодитой ажил болно

 

Цаашид эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Бид хамгийн эхэнд “ХОТ” буюу хүн, орчин, төлөвлөлтийг цогцоор нь хэрэг­жүүлнэ. Нэн тэргүүнд хүн төвтэй хот байх хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж,  боловсролтой, эрүүл, ажилтай, орлоготой иргэнийг бий болгох, ёс  зүйтэй, үнэт зүйтэй, нийгмийн оролцоотой, зөв хандлагатай, хариуцлагатай хотын иргэнийг хөгжүүлж төлөвшүүлэх, төрийн үйлчилгээгээ цахимжуулах, төрийн алба хаагчдын хариуцлага сахилга бат, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, амьдрах орчныг таатай болгож, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, ногоон байгууламжийг тэлэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах тал дээр анхаарч ажиллана. Үүний тулд хотын зөв төлөвлөлтийг зохион байгуулж, орон сууцжуулах, дагуул хотуудыг бий болгоно. Үүний сацуу 2021 он гэхэд нийтийн тээврийн шинэчлэл хийж, цахилгаан соронзон галт тэрэг, түргэн замын автобус, агаарын дүүжин тээвэр гэсэн гурван төрлийн төслийг хэрэгжүүлнэ. Энэ бол мөрөөдөл биш, бодитой ажил болно” гэв. Мөн ирэх таван жилд 55 мянган айлын орон сууц барина. Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувийг эзэлдэг хүүхэд, залуучуудад нийслэлийнхээ үүсэл хөгжил, түүхэн үнэт зүйлийг сурталчлан таниулах нь чухал учраас энэ хурлын бас нэгэн ач холбогдол үүнд оршиж байна” гэж тэрбээр нэмж хэллээ.Эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн үе үеийн хотын удирдлагууд, доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн 582 төлөөлөл оролцлоо. Тус хурлаар “Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, түүх соёл” болон “Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл” гэсэн хоёр салбар хуралдаан зохион байгуулав.  Салбар, салбарын доктор, профессор, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд өөрсдийн салбарын тулгамдсан асуудал, гарц, шийдлийн талаар илтгэл тавьж санал дүгнэлт дэвшүүлэв.

 

Нийслэлийн хэмжээнд тус зардлыг 2017 онд 5.8 тэрбум төгрөг улсаас төсөвлөсөн бол сүүлийн хоёр жилд  7.5 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Үүнээс дундаж ургалт 85-90 хувьтай байдаг.

 

ДЭЛХИЙН УЛС ОРНУУД НОГООН ОРЧИН БИЙ БОЛГОХ ХЭТИЙН ЗОРИЛГЫГ БАРИМТАЛДАГ 


Хурлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн,  доктор Д.Сүхбат “Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн тулгам­даж буй асуу­дал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавьж, орчны аюулгүй, эрүүл байд­лыг хангах, ногоон байгууламжийг өргөт­­гөх асуудлыг хөнд­лөө. Дэлхий ний­тийн дулаарал, байгаль орчны эколо­гийн тэнцвэрт байдал, амьдрах орчны тааламжтай байдлыг бүрдүүлэхэд дэлхийн улс орнууд ногоон орчныг бий болгох хэтийн зорилгыг баримталж байна. Солонгос Улсын жишээг татахад газар нутгийнхаа 65 хувийг ойжуулсан. Манай улсын хувьд 2013 оноос хойш нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай дахь ногоон байгууламжийн арчилгааны зардлын мөнгө тавьж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар 98.3 га газарт хот тохижилтын газар болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтраад арчилгаа хийсэн. Нийслэлийн хэмжээнд тус зардлыг 2017 онд 5.8 тэрбум төгрөг улсаас төсөвлөсөн бол сүүлийн хоёр жилд  7.5 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Үүнээс дундаж ургалт 85-90 хувьтай байдаг. 100 хувь ургуулахын тулд ногоон байгууламжийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх, арчилгааны ажлыг сайжруулах, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, холбогдох байгууллагын уялдаа холбоог хөгжүүлэх шаардлагатай байгаа талаар мэргэжилтэн Д.Сүхбат онцолж байв.
 

Манай нийслэлд аюултай хог хаягдлыг устгадаг технологи байхгүй учраас хүн ардын эрүүл мэнд, агаар, хөрсний бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад татварын дэмжлэг, эдийн засгийн урамшуулал байдаггүй учир энэ салбар хөгжихгүй байгаа

 

ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ КОМПАНИУДАД ТАТВАРЫН ДЭМЖЛЭГ, ЭДИЙН ЗАСГИЙН УРАМШУУЛАЛ БАЙДАГГҮЙ

Сая гаруй хүн амтай хотын хувьд хог хаягдлын менежментийн асуудад тулгамдсан асуудал болоод байна. Хотынхоо өнгө төрхийг хоггүй цэвэрхэн байлгахын тулд үйлчилгээний ажилчид үүр цүүрээс эхлэн үдшийн бүрий болтол борви бохисхийлгүй ажилладаг. Гэвч Наран, Улаанчулуут, Биокомбинатын гуравхан хогийн цэгт ачсан хог нь ил задгай хаягдаж, нохой, шувуу, хүн амьтан шавсан газар болсон. Хог дахин боловсруулалтын үйлдвэрийг дэмжих асуудлаар Шинжлэх ухааны академийн, хими, химийн технологийн хүрээ­лэн­гийн захирал, док­тор профессор А.Жаргалсайхан “Хог хаягдлын менеж­­­ментийг боловсронгуй болгох тухай” сэд­вээр асуу­дал хөндөв. Тэрбээр “Бид хог хаягдлаа мянга ангилан ялгалаа гээд хогийн цэг дээр нийлүүлээд хаячихдаг. Манай нийслэлд аюултай хог хаягдлыг устгадаг технологи байхгүй учраас хүн ардын эрүүл мэнд, агаар, хөрсний бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад татварын дэмжлэг, эдийн засгийн урамшуулал байдаггүй учир энэ салбар хөгжихгүй байгаа” гэлээ. Хот хэчнээн хөгжлөө гээд хогийн асуудлаа шийдэхгүй бол гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг нь л болж байгаа талаар салбарынхан сануулж байв.
 

Шинжилгээнд хамрагдсан 130 усны цэгээс есөн цэг эрдэс давсжилт өндөртэй,  28 цэг хатуулаг өндөртэй гарсан байна. Стандартын шаардлага хангахгүй усны цэгээс хоол хүнсэндээ хэрэглэснээр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Жишээлбэл, Толгойт, Баянхошуу, Дэнжийн мянга, Амгалан, Цайз зах зах зэрэг газруудад энэ байдал ажиглагдаж байна.

 

УСНЫ ЦЭГҮҮДЭД ЧАНАР ТОДОРХОЙЛОХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА 
 

Нийслэл хотод 220 мянган өрхтэй. Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс өнгөрөгч дөрөвдүгээр сараас Улаанбаатар хотоос зайдуу гэр хорооллын газар доорх усны чанарын судалгаа хийжээ. Шинжилгээнд хамрагдсан 130 усны цэгээс есөн цэг эрдэс давсжилт өндөртэй,  28 цэг хатуулаг өндөртэй гарсан байна. Стандартын шаардлага хангахгүй усны цэгээс хоол хүнсэндээ хэрэглэснээр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Жишээлбэл, Толгойт, Баянхошуу, Дэнжийн мянга, Амгалан, Цайз зах зах зэрэг газруудад энэ байдал ажиглагдаж байна. Тус хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, доктор, профес­сор З.Жавзан “Улаан­баатар хотын гэр хорооллын худгийн усны чанарын судалгаа” сэдвээр илтгэл тавьж энэ талаар мэдээлэл дам­жуулж, цаашид хийж хэрэгжүүлэх асуудлын талаар хэлэлцэв. Тэрбээр усны цэгүүдэд усны чанарыг тодорхойлох тохирох төхөөрөмжийг байр­луулах, бактер илэрсэн усны цэгүүдийн усыг цэвэршүүлэх шаардлагатай талаар хэллээ. Мөн Хан-Уул дүүрэгт газар доорх усны чанар бохирдол өндөртэй гарч байгаа нь үйлдвэрийн районыг дагасан хөрсний бохирдолтой холбоотой талаар нэмж хэлэв. Дээрх судалгааны дүн нь шинээр худаг ус гаргадаг байгууллага нь шинжлэх ухааны нарийн үндэслэлтэйгээр ус ашиглах гэрээ байгуулж, худаг усаа гаргах шаардлагатай байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ цаашид айл өрхийн ус хадгалалт стандарт сав суулгатай байна уу гэдэг тал дээр нэгд­сэн байдлаар шинжилгээ хийх хэрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top