Ливаны жагсагчид Ерөнхий сайдаа огцрууллаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Ливаны Ерөнхий сайд Саад Харири ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ огцрох хүсэлтээ тус улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх болсон тухай зарлажээ.

Түүний энэ үйлдэл жагсагчдын шаардлагад өгч буй хариулт юм гээд ард иргэдээсээ тайван байдлыг сахиж, хүчирхийлэл хэрэглэхгүй байхыг уриалсан байна.

Хоёр долоо хоног тус улсад үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Харириг огцрохыг шаардаж, авлигатай бодиттой тэмцэх, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулж, Ливаны улс төрийн системийн өөрчлөхийн төлөө тэмцэж байгаа билээ.

Ливаны бүх мужийг хамарсан жагсаал энэ сарын 17-нд WhatsApp болон бусад төрлийн мессенжерийн үйлчилгээнд татвар ногдуулах шийдвэрийг эсэргүүцэн эхэлж байв. Тус улсын засгийн газар энэхүү шийдвэрээ цуцалсан ч эсэргүүцлийг хөдөлгөөн намжаагүй.

Тус улс даяар үүсээд буй үймээнтэй холбогдуулан банк, дунд сургууль, их сургууль болон ихэнх компаниуд хаалгаа бариад байгаа.

Лалын хэт даврагч “Хэзболла” бүлэглэлийн гишүүд хэд хэдэн удаа жагсагчид руу дайрсан хэрэг гарсан. Өнгөрсөн мягмар гарагт хар хувцас өмссөн “Хэзболла” бүлэглэл болон шиитүүдийн “Амал” бүлэглэлийн дэмжигчид Бейрут хотын төвд байрлаж байсан жагсагчдын майхнуудыг шатааж, жагсагчдыг зодсон хэрэг гарсан билээ. Хууль сахиулагчид талуудыг салгахын тулд нулимс асгаруулах хий хэрэглэж байжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би Монгол хүн(202.126.89.11) 2019 оны 11 сарын 17

Ингэж тэмцэж ингэж ялж эрх чөлөөгөө олж дарлуулахгүй, луйвардуулахгүй, дээрэмдүүлэхгүй, боолчлуулахгүй амьдардаг юм Монголчуудаа. Амь амиа бодоод сууцгаагаад байвал дарлуулж боолчлуулж байхаас яахав дээ

0  |  0
Top