Киприйн фермерүүд өвс шатаан, олон тонн сүү зам дээр асгав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Киприйн фермерүүд Никосиа дахь Ерөнхийлөгчийн ордны өмнө эсэргүүцлээ илэрхийлэн, өвс шатааж, зам дээр олон тонн сүү асгажээ.

Тэд төр, засгаас санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, Киприйн алдарт халлуми бяслагийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Энэхүү хуулиар фермерүүд бяслаг үйлдвэрлэгчдэд өндөр үнээр сүү зарах боломжтой болох юм. Хуульд зааснаар халлуми бяслагийг зөвхөн 51%-иас дээш тослогтой, ямаа болон хонины сүүгээр хийхийг заасан байна. Гэтэл үйлдвэрлэгчид  үнээний сүүг голчлон хэрэглэдэг байна.

Хонь, ямааны ферм эрхлэгчдийн ярьж буйгаар халлуми бяслагийн үйлдвэрийн стандарт алдагдсанаар сүүний илүүдэл үүсгэж, үнэ унах, зах зээлгүй болох эрсдэл үүсжээ. Малын тэжээл, цахилгаан, бордоо, түлшний үнэ өссөнөөр нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Киприйн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Андреас Иосиф фермерүүдийн шаардлагыг хүлээн авах үеэр энэ сарын сүүлээр фермерүүдэд найман сая еврогийн санхүүгийн дэмжлэг очих болно гэж төрийн тэргүүний нэрийн өмнөөс амлажээ.

Цагдаа нар нөхцөл байдлыг хурцатгахгүйн үүднээс фермерүүдийн үйлдэлд саад хийгээгүй байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.78.141) 2022 оны 05 сарын 19

Цагаан будагтай ус л асгасан биз.

0  |  0
Top