Киприйн асуудлыг зохицуулах дээд хэмжээний уулзалт НҮБ-ын ивээл дор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн оролцоотойгоор даваа гарагт Женев хотноо болно.
Кипр арлын тулгамдсан асуудлыг зохицуулах грек гаралтай кипрчүүд болон турк гаралтай кипрчүүдийн яриа хэлэлцээг сэргээхэд энэхүү чуулга уулзалтын зорилго оршиж байгаа аж. Ийм яриа хэлэлцээ 2017 онд тасалдсан юм. Уг дээд хэмжээний уулзалтыг өргөтгөсөн “тав дээр нэмэх нэг” хэлбэрээр буюу грек болон турк гаралтай кипрчүүдийн удирдагчид, Киприйн аюулгүй байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын баталгаа олгох гурван гүрний Гадаад харилцааны яамны төлөөлөгчид, НҮБ-ын удирдлагын оролцоотойгоор хийх юм байна. Өмнө нь 2021 оны дөрөвдүгээр сард Женевт мөн ийм хэлбэрээр дээд хэмжээний уулзалт хийж байсан боловч үр дүнд хүрээгүй ажээ.
Зохион байгуулалт, зуучлалын үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаас гадна уулзалтад грек гаралтай кипрчүүдийн удирдагч, Киприйн ерөнхийлөгч Никос Христодулидис, турк гаралтай кипрчүүдийн удирдагч Эрсин Татар, Грекийн гадаад хэргийн сайд Йоргос Герапетритис, Туркийн Гадаад харилцааны яамны тэргүүн Хакан Фидан, Их Британийн гадаад харилцааны орлогч сайд Стивен Доти нар оролцоно. Уг чуулга уулзалтад мөн Европын Холбооны төлөөлөгчдийг ажиглагчийн эрхтэйгээр оролцохыг урьсан байна.
Киприйн асуудлыг зохицуулах яриа хэлэлцээг 2017 оны дээд хэмжээний уулзалтын үеэр тасалдсан цэгээс эхэлж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудад заасан нөхцөлийн хүрээнд л арлын тулгамдсан асуудлыг хэлэлцэх ёстой гэж Киприйн ерөнхийлөгч Никос Христодулидис нэг бус удаа мэдэгдэж байжээ. Харин турк гаралтай кипрчүүдийн удирдагч Эрсин Татар арлын илүү олон хүнтэй грек гаралтай кипрчүүдийн нийгэмлэг болон турк гаралтай кипрчүүдийн нийгэмлэгт олон улсын эрх тэгш статус олгохыг оролцогч талууд хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л албан ёсны яриа хэлэлцээг эхлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )