Франц: Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн сая гаруй хүн жагсав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

 

Франц улс даяар пүрэв гарагт сая гаруй хүн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэн, гудамжинд гарч, жагссан тухай тус улсын Дотоодын хэргийн яам мэдээлжээ.

Жагсагчдын тоо гуравдугаар сарын 15-нд болсон жагсаалд оролцогчдоос хоёр дахин нэмэгдсэн байна. Нэгдүгээр сарын 19-нд 1.12 сая, нэгдүгээр сарын 31-нд 1.27 сая, гуравдугаар сарын 7-нд 1.28 сая хүн жагсаж байжээ. Харин “Хөдөлмөрийн нэгдсэн холбоо” үйлдвэрчний эвлэлийн мэдээллээр, Франц даяар болсон эсэргүүцлийн жагсаалд нийт 3.5 сая хүн оролцсон байна.

Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсжээ. Жагсагчид хууль хүчнийхэн рүү Молотовын коктейль зэргийг шидэж байсан бол цагдаа нар нулимс асгаруулагч хий, дуут гранат, даралттай ус хэрэглэжээ. Пүрэв гарагийн орой хууль хүчнийхэн 80 хүнийг баривчилсан байна. Жагсаалын үеэр цагдаагийн 123 алба хаагч бэртгэж, гэмтжээ.

Бордо хотод жагсагчид хотын захиргааны байрны хаалгыг шатаасан хэрэг гарав. Энэ сарын 28-нд тус хотод Их Британийн хаан III Чарльз айлчлах товтой. Энэ өдөр Францын үйлдвэрчний эвлэлүүд ээлжит жагсаалаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Пүрэв гарагт болсон жагсаал нь Францын Ерөнхий сайд Элизабет Борн тэтгэврийн шинэчлэлийг парламентаар хэлэлцүүлэхгүй хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэний дараа болж буй анхны эсэргүүцлийн жагсаал юм. Ерөнхий сайдын энэхүү мэдэгдэл хууль тогтоогчдын дургүйцлийг мөн хүргэсэн. Тэд энэ алхмыг “ардчиллын төгсгөл” хэмээн мэдэгдэв. Энэ шийдвэрийн улмаас Парис болон бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөж, улмаар эмх замбараагүй байдал үүсэж байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн лхагва гарагт өгсөн ярилцлагадаа шинэ хуулийг дэмжиж, энэ хуулийн ач холбогдлыг ард иргэдэд ойлгуулж чадаагүйд харамсаж буйгаа илэрхийлсэн нь олны дургүйцлийг улам дэвэргэсэн юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top