Сэтгүүлчийг хөнөөсөн 10 хэрэг тутмын 9 нь шүүхийн шатанд очилгүй ХААГДДАГ

2019 оны 11 сарын 02

 

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 2. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн  энэ өдрийг “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тухай 68/163 тоот тогтоолыг 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр баталсан байдаг.

2013 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Мали улсад хэрцгийгээр хороогдсон Францын хоёр сэтгүүлчийн дурсгалыг хүндэтгэж ЭНЭ ӨДӨР-ийг сонгосон түүхтэй. Түүнчлэн дээрх тогтоолоор энэ өдрийг манлайлан тэмдэглэх тусгай эрхийг ЮНЕСКО-д олгожээ. Хэвлэл  мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийн эсрэг бүх төрлийн хүчирхийлэл, халдлагыг НҮБ  энэхүү тогтоолоороо эрс буруушаасан юм. Мөн гишүүн улс орнуудад хандан хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бололцоотой бүх арга хэмжээ авч, хариуцлага тооцохын тулд тэдний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шударга шүүхийн өмнө авчрах, хохирсон хүмүүст хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийг уриалсан. Түүнчлэн сэтгүүлчдэд мэргэжлийн ажлаа бусдаас хараат бус, аливаа хууль бус, хөндлөнгийн оролцоогүй эрхлэх аюулгүй таатай орчин бүрдүүлэхийг уриалсан байдаг.

Сэтгүүлчдийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд ял шийтгэлгүй үлдэж буй явдалд онцгой анхаарал хандуулсан нь сүүлийн жилүүдэд олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэхийн төлөө ажиллаж байсан 700 гаруй сэтгүүлч амиа алдсан түгшүүртэй нөхцөл байдлаас үүдэлтэй.

Зөвхөн 2012 онд 123 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд ба нийтийн эрх ашгийн төлөө хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс амь насаа алдсаныг ЮНЕСКО зэмлэн буруушаасан юм.

Тогтоол батлагдахаас өмнөх 2013 онд амь үрэгдсэн хүмүүсийн тоо багасаж  91 болсон  ч хамгийн олон сэтгүүлч амиа алдсан он жилийн жагсаалтыг удаалж байв. Зэвсэгт мөргөлдөөний бүс ба тайван нөхцөл байдлын аль алинд нь өдөр тутмын үйл ажиллагаандаа илүү олон сэтгүүлч болон тэдний төрөл төрөгсөд гэмт халдлага, шахалт дарамт, айлган сүрдүүлэг, хууль бусаар хорьж цагдах, хүчээр сураггүй алга болгох, тамлан тарчилгах гэмт үйлдэлд өртөж буй тоо баримтад эдгээр амь үрэгдсэн сэтгүүлчдийн талаарх тоо ороогүй. Мөн түүнчлэн, эмэгтэй сэтгүүлчид илүү их эрсдэлд өртөж, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөөр байгааг хэлэх хэрэгтэй.

Ял шийтгэлгүй үлдээж буй нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өөгшүүлж, нөгөө талаас энэ нь нийгэмд, түүний дотор сэтгүүлчдэд “гашуун” нөлөө үзүүлж буй. Ял шийтгэлгүй мултран үлдэх байдал улам даамжирсаар аймшигт үзэгдэл болон хувирч байна. Төрийн хамгаалалт дутагдаж байгаа учраас олон нийт эрхээ эдлэх аюулгүй нөхцөл бүрдэхгүй байна хэмээн тэд дүгнэлээ.

Түүнчлэн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс  Глоб Интернэшнл төв хамтран Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан "Үнэн амьд байгаа" хэвлэлийн хурлыг өчигдөр /2019.11.01/ зохион байгуулсан юм.

 

Сэтгүүлчид амиа алдсан хэргүүд  ТООНЫ ХЭЛЭЭР:   

 

  • 2000 оноос хойш ОХУ-д 54 сэтгүүлч амь насаа алдсанаас 1 хэрэг л шүүхээр оржээ.
  • 2009 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Филиппинд болсон алан хядах ажиллагааны үеэр 58 хүн амь насаа алдсаны 32 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан байсан. Гэмт хэрэг үйлдэгч нэг ч этгээд шүүхээр ял шийтгэгдээгүй.
  • 2012 онд 121 сэтгүүлч амиа алдсан.
  • 2012 онд Бразилд 7 сэтгүүлч амь насаа алдсан
  • 2013 онд 91 сэтгүүлч амиа алдсан
  • 2006-2013 онд бусдын гарт амиа алдсан сэтгүүлчидтэй холбоотой 593 хэргийн дөнгөж хүрэхгүй хувийг шийдвэрлэсэн.

Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх,  тэдний эсрэг хүчирхийллийн тоолшгүй хэлбэрүүд, тухайлбал дур мэдэн баривчлах, эрүүдэн шүүх, хулгайлах, жендерт суурилсан хүчирхийлэл, заналхийлэл, дарамт шахалт зэрэг нь Тогтвортой хөгжлийн зорилгууд, ялангуяа ТХЗ 16 буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилтод саад учруулж байна гэж тэд мэдэгдсэн.

Энэ өдөр сэтгүүлчдийн ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа тулгардаг аюулгүй байдлын асуудлууд болон тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйд хэрхэн хандаж буйгаа ухамсарлах боломжийг бидэнд олгодог гэж ЮНЕСКО-ийн зүгээс байр сууриа илэрхийлж байсан. НҮБ-аас энэ өдрийг албан ёсоор баталснаас хойш сэтгүүлчдийн аюулгүй байдлын эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй талаар олон нийт, оролцогч талууд  илүү мэдлэгтэй болсон гэдгийг мөн тодотгож байна.

2013 оноос НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын 10 гаруй тогтоолыг баталснаар олон улсын хуулийн тогтолцоо бэхжсэн боловч үндэсний хэмжээнд шаардлагатай арга хэмжээ авах асуудал дээр бэрхшээлтэй хэвээр байгаа юм.

ЮНЕСКО  2006 оноос хойш сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтны аминд хүрсэн 1010 тохиолдлыг бүртгэжээ. 10 хэрэг тутмын 9 нь шүүхийн хэмжээнд очилгүй хаагдсан байна.

Өрнөж буй үйл явдлыг олон нийтэд мэдээлснийхээ төлөө долоо хоног бүр дунджаар нэг сэтгүүлч амь насаа алдаж байна. “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхийн чиг хандлага”-ын 2017/2018 оны тайланд дурдсанаар эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг халдлага, доромжлол, ялангуяа цахим орчинд өмнөх жилүүдээс нэмэгджээ. Тиймээс эмэгтэй сэтгүүлчдэд, цаашлаад сэтгүүл зүйн мэргэжилд тулгардаг аюул заналхийллийг анхаарах хэрэгтэй байна гэж тэд үзэж буй юм.

ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирлын 2014 оны тайланд дурдсанаар, 2006-2013 онуудад бусдын гарт амиа алдсан сэтгүүлчидтэй холбоотой 593 хэргийн дөнгөж зургаа хүрэхгүй хувийг шийдвэрлэсэн байна. Шүүх эрх мэдлийн тогтолцооны янз бүрийн шатанд үргэлжилсээр буй мөрдөн шалгах ажиллагааны баримтаас харахад эдгээр хэргүүдийн дөрөвний нэг нь “шалгаж буй” гэсэн тодотголтой байгаа юм. Ерөнхий Захирал хүсэлт илгээсэн хэдий ч эдгээр хэргүүдээс 60 хувь нь шүүхийн үйл явцын талаарх мэдээлэл огт байхгүй болохыг ЮНЕСКО тодруулсан юм. Мэдээллийн энэхүү хомсдол эдгээр хэргүүдийг мөрдөн шалгах, хяналт тавих шүүх эрх мэдлийн байгууллагын мэдээллийн сан болоод чадавхид нөлөөлж болох талтай.

Сэтгүүлчдэд  халдсан хэрэг ял шийтгэлгүй үлдэх нь “гутамшигт үнэн” эсвэл “тэрслүү үг”-ийг хүргэдэг сэтгүүлчид аюулд орох ба улмаар тэдний мэдээллийн эх сурвалж болдог жирийн иргэдэд ч “халтай” хэрэг болох нь гэсэн маш сөрөг мэдээлэл нийтэд тарна. Улмаар хүн бүр, миний эдлэх ёстой эрхийг хамгаалдаг гэж ойлгодог улсынхаа шүүх засаглалд итгэх нийгмийн итгэл үнэмшил үгүй болно. Сонгосон байгаа онилсон ч хууль цаазын өмнө толгой бөхийлгөхгүй үлдэнэ гэдгээ мэдсэнээр сэтгүүлчид ба бусад хүмүүст халдсан гэмт этгээдүүд улам өөгшинө гэж ЮНЕСКО-гоос мэдэгдэж байна.

Гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйтай тэмцэх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх зэрэг үндсэн эрх чөлөөтэй салшгүй холбоотой билээ. Учир нь эдгээр эрх чөлөө нь илүү мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох гол цөм бөгөөд  тогтвортой хөгжилтэй уялдаатай юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top