Хэнтийд Талын түмэн адууны баяр болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 03

Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын түмэн адуу 2019” адуун соёлын баяр Хэнтий аймгийн Батноров суманд энэ сарын 1-3-нд зохион байгуулагдаж байна. Хэнтий аймгийн хамгийн олон адуутай сум болох Батноров суманд зургаа дахь жилдээ болж буй юм. “Мөнх харилцаа” төрийн бус байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн “Талын түмэн адуу 2019” эвентийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Батноров сум болон бусад хувийн хэвшлийн компаниудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа ажээ.

“Талын түмэн адуу 2019” баярт улс, аймгийн аварга адуучид болон адуу сонирхогч залуус 2000 адуун сүрэгтэйгээ оролцож байна. Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх гадаад дотоодын томоохон жуулчдын урсгал бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой гэдгийг Соёл, урлагийн газраас онцолж байгаа юм. Мөн ӨМӨЗО-оос 10 гаруй адуучид уламжлал ёсоор ирж оролцож байна.

Адууны баярын хүрээнд “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг” адууны тухай дуу дуулаачдын тэмцээн, “Торгон тар” богино зайн бооцоот уралдаан, Хэнтий аймгийн хэмжээнд “Шилмэл гүү” шалгаруулалт, “Адууны зүс” нэршлийн танилцуулга, Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа, Уран уургач шалгаруулах “Шургуу 2019” тэмцээн, эмнэг булгиулах үзүүлбэр, Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн,  “Адууны хийморь” гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн, “Удамт Монгол” хүүхдийн морьтон парад  зэрэг олон арга хэмжээ болж байна.

“Талын түмэн адуу”-ны баярын уралдааны шилдгүүд өнөөдөр орой тодорно

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top