Хэнтий аймагm сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Улсдаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаараа тэргүүлж яваа Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай энэ жилийнх нь ажлыг дүгнэн ярилцлаа.
-Хэнтий аймагт энэ жил бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөлөө. Ажлын үр дүн хэр байна вэ?
-Хэнтий аймагт энэ жил улсын төсвийн 50.3 тэрбум төгрөг батлагдсан. Дээрээс нь орон нутгийн төсөв, Орон нутгийг хөгжүүлэх сан /ОНХС/-гийн төсөв нэмэгдэнэ. ОНХС, Замын сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 76 төсөл, арга хэмжээний 2.8 тэрбум төгрөгийг эрэмбэлж, аймгийн төвд сонгон шалгаруулалтыг нь зарласан. Орон нутгийн хөгжлийн санд маань 5.1 тэрбум төгрөг батлагдсан. Улсын төсөвт батлуулсан 50.3 тэрбум төгрөгийн ажлаас 34 ажлыг нь эрх шилжүүлж аваад тендерийг Орон нутгийн өмчийн газар худалдан авах ажиллагааг зохион явуулаад дуусаж байна. Ер нь аймгийн хэмжээнд 2019 онд гадаадын төсөл хөтөлбөр болон гадаадын зээл тусламжаа тооцвол улсын төсөвтэй нийлээд нийт хөрөнгө оруулалт 130 гаруй тэрбум төгрөгт хүрсэн.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих ажилд “Комфорт Импекс” ХХК шалгараад 8.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил эхэлсэн. Ирэх жил ашиглалтад оруулахаар зорьж байна. Мөн Арабын хөгжлийг дэмжих Кувейтийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа онгоцны буудлын ажил 8.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдсан. Үүнээс онгоцны буудлын барилгын ажил 3.5 тэрбум төгрөг, нислэгийн зурвас нь 5.2 тэрбум төгрөгийн өртөгтэй. Энэ ажлын тендер энэ сарын 18-нд нээгээд гэрээгээ ондоо багтааж байгуулаад, ирэх хавар эрт эхлэхээр төлөвлөгдсөн. БНСУ-ын Экспорт импорт банкны санхүүжилтээр дулааны станц баригдана. Нийтдээ Монгол улсын 10 аймаг Дулааны станцтай болно. Манай аймаг нэн тэргүүнд хоёрдугаар хэлхээний шугам сүлжээгээ өргөтгөх санал хүсэлтээ тавьж, 2019 онд 700 гаруй сая төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, 2020 онд нэг тэрбум төгрөгийн саналаа УИХ-д тавиад хамгийн эхний ээлжид яваа аймгийн нэг болж байна. 10 аймгийн Дулааны станц барих нийт өртөг нь 148 сая доллар. Энэ ажлын төслийн нэгж болох Эрчим хүчний яаман дээр тендер нь зарлагдаад явж байгаа. Тэгэхээр ирэх хавар мөн Дулааны станцын ажлаа эхлүүлнэ. Хэнтий аймаг Дулааны станцтай болсноор иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл нэмэгдэхээс гадна 80-90 шинэ ажлын байр бий болно.
-Аймгийн төвөөсөө гадна сумдад жигдхэн бүтээн байгуулалтууд өрнөж байна. Саяхан Өмнөдэлгэр сумаар ороод гарахад төвдөө засмал замтай болчихсон, томоохон барилгууд баригдаж харагдана лээ?
-Ер нь сум бүрт 3-4 томоохон бүтээн байгуулалт баригдаж байгаа. Нийтдээ 40 гаруй ажил хийгдэж байна. Өнгөрсөн жилээс шилжиж хийгдэж байгаа ажлууд, энэ жилийн эхэлсэн ажлууд олон бий. Үүн дотроосоо томоохныг нь дурдвал “Хүлэг Боорчи-Андлалын өргөө”, “Их Хуралдай цогцолбор”, дээрээс нь Шихихутаг цогцолбор энэ онд ажил нь эхэлсэн. Эхний хоёр ажил нь энэ жил бараг босчихлоо. Ирэх хавар эртхэн гүйцээгээд нээлтийг нь хийнэ. Таны хэлдэг Өмнөдэлгэр суманд энэ жил хоёр км авто зам тавигдсан. Дээрээс нь Барилга, хот байгуулалтын яамнаас эрх нь шилжиж ирсэн нэг тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй нэгдсэн инженерийн шугам сүлжээний ажил, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тендер нь зарлагдсан Соёлын төвийг буулгаж, барих ажил, цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна.
Түүнчлэн Дадал, Галшар сумын ЗДТГ-ын барилгын ажлын гүйцэтгэлүүдээ хийгээд явж байна. Дархан сум, Цэнхэрмандал сумын ЗДТГ-ын барилгын ажил энэ ондоо багтаж дуусна. Биндэр сумын дэд бүтцийн ажил хийгдэж дууссан бол Улсын болон орон нутгийн төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Адрага, Баян-Овоо, Өмнөдэлгэр сумдын дулааны нэгдсэн шугам сүлжээний ажил дуусаж, бүрэн ашиглалтад орлоо. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Баянхутаг, Батноров, Дархан, Норовлин сумдад дулааны төвлөрсөн шугам сүлжээ тавих ажлууд үргэлжилж байна. Эдгээр шугам сүлжээний ажлууд ашиглалтад орсноор нийт 18 сумаас 12 нь нэгдсэн дулааны шугам сүлжээнд холбогдож сумын хөгжлийн үндсэн суурь дэд бүтэц бий болох юм. Мөн Улсын болон орон нутгийн төсөв, төрийн өмчит компаниудын 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 суманд нийт 92.7 км ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур СИП кабелаар шинэчилж, Жаргалтхаан, Бэрх тосгонд дэд станцыг байгуулж, иргэд ААН-ийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжрууллаа. 18 сумын төв шилэн кабелд бүрэн холбогдлоо. Баянхутаг сумын спорт залны барилгын ажил дуусчихлаа. Нийтдээ есөн суманд шинээр багийн төв барьж, зургаан багийн төвийг өндөр хүчдэлд холболоо.
-Хэнтий аймгийн төв, Чингис хотод ямар онцлогтой бүтээн байгуулалт өрнөж байгаа вэ?
-Аймгийн төвийн замын ажил иргэдийн хувьд нэлээд хүлээлттэй ажил байсан. 2019 оны төсвийг хэлэлцэх үед аймгийн төвийн авто замын ажлыг санал болгож тавиад батлагдсан. Энэ жил 10 тэрбум төгрөгийн тендерийн ажил зарлаж, “Тэгшплант” ХХК 8.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 6.4 км авто зам, 3.8 км явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай, зарим томоохон газруудаар унадаг дугуйн замтайгаа иж бүрнээр нь гүйцэтгэхээр ажлаа эхлүүлсэн. Нийт ажлынхаа 80 хувийг гүйцэтгэсэн.
Хоёрдугаарт, Хан Хэнтий чуулгын барилга дээр энэ жил Ерөнхий сайдыг хавар ирж үүрэг өгснөөс хойш ажлын хэсгийг гурван удаа ажиллуулж, мэргэжлийн архитекторууд, Барилга хөгжлийн төв, Барилга, хот байгуулалтын яамныхныг ирүүлж байгаад хамтдаа уулзаж, дулааныг нь хэсэгчлэн тавьж өвлөөр ажиллуулж байна. Гүйцэтгэгч компани нь ирэх оны хавар хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн. Шинэ барилгуудын хувьд аймгийн төв дээр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын барилга удахгүй дуусах гэж байна. Нэгдсэн эмнэлэг, Авто буудал, Зүүн бүсийн оношилгооны төв, стандарт хэмжил зүй, татвар, тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэг цэгийн үйлчилгээний төв, Цагдаагийн газрын барилга ашиглалтад орж, иргэдэд ая тухтай орчинд үйлчилж байна.
Дээрээс нь аймгийн төв дээр ажил нь хийгдэж байгаа хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний ажил буюу Эрчим хүчний яаман дээр зарлагдсан дулааны шугамыг солих ажил дууссан. Өнгөрсөн жил эхэлсэн 4000 метр цэвэр усны шугамыг солих ажлын үргэлжлэл хэсгийг нь хийгээд дууслаа. Мөн аймгийн шугам сүлжээг шинэчлэх, тавдугаар багийн БАМ-ын айлын шугам сүлжээг шинэчлэх, нэгдүгээр багтаа аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлж, хашаажуулах ажлыг хийлээ. Ирэх жил тэнд цогцолбор баригдана. Төвийн бүх багтаа ахуйн үйлчилгээний төв барилаа. Мөн цаашлаад хуучирч муудсан, удсан барилгуудыг шинэчлэх ажлууд дэс дараатай үргэлжилж байна. Дөрөвдүгээр багийн инженерийн шугам сүлжээний ажлыг энэ жил эхлүүлсэн, ирэх жил дуусгах төлөвлөгөөтэй улсын төсөвт үлдэгдэл санхүүжилтийг суулгасан. Хувийн хэвшлийн санаачилгаар энэ жил манай аймагт 166 айлын орон сууц мөн ашиглалтад орж байна.
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэчнээн тооны барилга байгууламж баригдсан бэ?
-Яг нарийн тоог нь гаргаж байна. 2017-2019 онд Хэнтий аймагт 260 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт оржээ. Зөвхөн шинээр баригдсан томоохон ажлуудаас дурдвал цэцэрлэгийн барилга 11, сургуулийн барилга 3, дотуур байр 6, Эмнэлэг 4, албан конторын барилга 13 баригдаж, түүхэн аялал жуулчлалын томоохон дөрвөн цогцолбор баригдаж эхлэн захаасаа сүндэрлэж байна.
-Сар гаруйн өмнө “Иргэний оролцоотой “Шинэ Хэнтий” төслийн хэрэгжилтийн талаар тайлант уулзалтаа хийсэн. Ямар үр дүн гарсан бэ?
-Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, тэдний санаа бодлыг сонсож, зорилго үйлс, бодлого шийдвэрээ нэгтгэн аймаг, сум орон нутгаа хөгжүүлэн өндөр хөгжилтэй улс орнуудтай хөл нийлүүлэн ажиллаж амьдрах зорилгыг дэвшүүлж, тэр ч үүднээсээ аймгийн ЗДТГ “Тогтвортой амьжиргаа-III” төсөлтэй хамтран уг төслийг хэрэгжүүлж эхлэсэн. Энэ үед Баян-Овоо суманд 29 аравт 6 хэсэг байгуулагдан ажиллаж байсан бол нэг жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хөдөөгийн 545 аравт, төвийн 246 хэсэг нийт 791 аравт хэсэг, бүлэг, нөхөрлөл зохион байгуулагдаж, төрийн бүхий л шатны үйл ажиллагаа болон ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн идэвх санаачилгыг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тухайн сумдын онцлогт тулгуурлан ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах арга замыг сонгон хэрэгжүүлснээр аймгийн хэмжээнд ОНХС-ийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр 2017 онд 30 хувь, 2018 онд 50.3 хувийн оролцоотой байсан бол 2019 онд аймгийн иргэдийн оролцооны түвшин 75 хувьд хүрч, энэ онд дэвшүүлсэн зорилтоо таван хувиар давууллаа.
Сэтгэгдэл ( 0 )