ХЭНТИЙ:  2020 онд 88178 метр куб мод бэлтгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 12 дугаар хуралдаанаар 2020 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг огтлолын төрөл зориулалтаар, ойн сангүй болон ой ашиглах нөөцгүй сумдын хэрэгцээнд бэлтгэх модны дээд хязгаар, “Ой цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэх модны дээд хязгаарыг тус тус хэлэлцэн баталжээ. Үүнд, БОАЖЯ-наас 2020 онд бэлтгэхээр батлагдсан модны хэмжээ, ойн орлогын хэмжээг тогтоохдоо ой бүхий Батширээт, Баян-Адрага, Биндэр, Дадал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Норовлин, Дэлгэрхаан сумдаас хэрэглээнд  31085 м.куб, түлээнд 57093 м.куб, нийт 88178 м.куб мод бэлтгэж, ойн нөөцөөс олох орлогыг 230 сая 998.9 мянган төгрөгөөр тооцсон байна.

Харин аймгийн ойн сангаас 2020 онд “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэх модны дээд хязгаар, огтлолыг төрлөөр нь авч үзвэл ой бүхий Батширээт, Дадал, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Баян-Адрага, Норовлин сумдаас хэрэглээний зориулалтаар 1800 м.куб, түлээний зориулалтаар 2700 м.куб, нийт 160 га ойгоос 4500 м.куб мод бэлтгэх аж. Харин цэвэрлэгээний ажлыг 100 га-д хийж 2500 м.куб мод бэлтгэхээр төлөвлөжээ. Тус ажлыг Ой судалгаа хөгжлийн төв УТҮГ-тай 145 га-д, сум болон Сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллага 105 га-д тус тус хамтран зохион байгуулахаар болжээ.

Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг үндэслэхдээ тухайн сумын ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, сумын ойн менежментийн төлөвлөгөө болон ойн нөөцийн хэмжээнд тулгуурладаг бол ойгоос мод бэлтгэх журмын дагуу ой бүхий сумд 2020 онд бэлтгэх модны саналаа сумын ИТХ, Засаг дарга болон ЗДТГ-ын даргаар баталгаажуулж, өнгөрсөн тавдугаар сард аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлж ийнхүү саналын дагуу боловсруулсан аж.

Хурлын тогтоолд үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтоор ойгоос мод бэлтгэсэн аж ахуйн нэгж бэлтгэсэн модны 100 м.куб тутамд 2 га-д, ойгоос арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэсэн аж ахуйн нэгж бэлтгэсэн хэрэглээний модны 100 м.куб тутамд 2 га-д өөрийн хөрөнгөөр тус тус ойжуулалт хийх ба уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор нас гүйцсэн ургаа нойтон мод ойгоос бэлтгэсэн иргэн огтолсон нэг модны оронд арав буюу түүнээс дээш тооны тарьц суулгацыг ойд тарьж ургуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top