Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны 600 мянган ам.долларын санхүүжилтээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт “Зүүн бүсийн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг энэ сарын 15-нд Хэнтий аймагт албан ёсоор нээх бөгөөд ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газар, зүүн гурван аймгийн удирдлагууд Төр, хувийн хэвшлийн зөвлөлийн бүрэлдэхүүн оролцох юм.
Төслийн судалгааны баг нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллан, аймгуудын тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, Төр хувийн хэвшлийн зөвлөл /ТХХЗ/-ийг байгуулжээ. Төслийн нэгжийнхэн өчигдөр /2019.11.12/ Хэнтий аймгийн ТХХЗ-ийн бүрэлдэхүүн байгууллагуудтай уулзсан байна. Тэд төслийн нэгжид орон нутгаас хоёр хүн сонгон шалгаруулж авах, мөн аймаг бүрт байгуулагдсан ТХХЗ-ийн нарийн бичгийн даргын баталгаат орон тооны асуудлыг ЗГХЭГ-т уламжилж юм байна.
Түүнчлэн ТХХЗ-д зайлшгүй шаардлагатай Статистикийн хэлтэс, Мал Эмнэлгийн газрын төлөөллүүд, мөн хувийн хэвшлээс тэнцүү тооны гишүүд нэмж бүрдүүлэхээ ажээ. Төслийн гол зорилго нь зүүн бүсийн /уул уурхайн бус/ хувийн хэвшлийн салбарын хөгжлийг дэмжих бодлогын бичиг баримт боловсруулах, зүүн бүсийн өрсөлдөх чадварын судалгаа, бэлэн байдлын судалгаа хийж, судалгааны үр дүнд аймгуудыг тэргүүлэх бизнесийг тодорхойлох, зүүн бүсийн аймгуудын бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх, орон нутгийн төрийн албан хаагчид, оролцогч хувийн хэвшлийн ажилтнуудад техникийн сургалт явуулах аж.
Төсөл хэрэгжүүлэх явцад сонгогдсон таван төсөлд зээл, хөрөнгө оруулалтын судалгааг боловсруулж өгөх гэнэ. Мөн түүнчлэн зүүн бүсийн хувийн хэвшлийг төрөөс дэмжих бодлого боловсруулахаар төлөвлөсөн байна. Засаглалыг сайжруулах, хувийн хэвшлийг чадавхжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх үндсэн гурван чиглэлийг тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )