Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ гуравдугаар хэлэлцүүлгээр нь батлах тогтоолоо гаргачихаад байгаа. Хэрэв МАН парламентад 64 суудалтай энэ цагтаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол магадгүй ирэх 20 жил өөрчлөгдөхгүй байх. Улс төрд ийм том ажилд тохиромжтой нөхцөл бүрдтэл их уддагийг 2000 онд өөрчлөлт оруулснаас хойшхи 20 шахам жил харуулаагүй гэж үү. Дээр нь тэр долоон өөрчлөлтийг олон хүн муугаар ярьдаг ч тухайн цагтаа Засгийн газрыг тогтвортой болгох хүсэл нэвт шингэсэн өөрчлөлт байсан юм. Наад зах нь Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч зөвшөөрч байж томилдог байдал өөрчлөгдсөн. Тэгээгүйгээс болоод 1996-2000 оны Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрыг тухайн үеийн Ерөнхийлөгч асан Н.Багабанди багагүй хугацаанд тэргүүнгүй явуулж байлаа.
Зөвхөн Да.Ганболд гэхэд долоон удаа Ерөнхийлөгчийн хаалганаас буцаж байв. Мөн өнөөдөр л ад үзээд байгаа болохоос УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг хавсарч болох “давхар дээл” гэдэг чинь Засгийн газраа л огцруулахгүй гэсэн санаа шүү дээ. Ерөнхий сайдаас бусад нь 100 хувь давхар дээлтэй өнөөгийн Засгийн газар УИХ дээр огцрох тухай асуудал сөхөгдөхөд “давхар дээл” нь туслаагүй гэж хэлбэл инээдэм болно.
Харин 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг Ерөнхийлөгчийн савраас салгаж авсан ч эрх мэдлийн тэнцлийг арилгаж чадаагүй. Үүнээс болж бид дотооддоо “Төрийн эрх барих дээд байгууллага нь парламент” гэж тунхагласан ч гадна талдаа “Хагас Ерөнхийлөгчийн засаглалтай” хэмээх ангилалд хамаарч ирлээ. УИХ-ын сонгуулиар төрийн эрхийг авсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлмээр байх боловч нөгөө талд бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч бас мөрийн хөтөлбөртэй. Түүгээр барахгүй Засгийн газарт чиглэл өгөх, хууль санаачлах эрхтэй, АТГ, прокурорт, шүүхийн удирдлагад нөлөөлөх боломжтой байгаа нь төрийн хямралд хүргээд байгаа хэрэг. Тийм ч болохоор Монголын сүүлийн 30 жилийн түүхийг бичсэн хоёр нам өөр өөрийнхөө цаг үед засаглалын ойлгомжгүй байдлыг засахад анхаарч байв. Ойрын жишээнээс эхэлье. АН төр барьж байсан 2015 онд өргөн барьсан төсөл, өнөөгийн МАН-ынхны боловсруулсан төсөл ерөнхий утгаараа адил юм. Тэр нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийнхийг бууруулах л даа. Харин өнөөдөр хэлэлцэгдэж байгаа төслийн хувьд хэлэлцүүлгийн явцад өрнөсөн, зөвшилцсөн олон явдал Ерөнхийлөгчийн эрх мэдлийг төдийлөн бууруулаагүй орхиход хүргэсэн байж болох. Ямар ч байсан өнгөрсөн гурван жил багагүй хэлэлцүүлэг, судалгаа ажил болж хийсэн төсөлд авах сайн зүйл нь, алдах муу талаасаа илүү байна гэдгийг хуульчид хэлэх болсон. Тэгвэл хуулийн дунд бас нэг болгоомжилмоор юм байна.
Тодруулбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн өнөөгийн байдлаар байгаа хувилбарыг харахад 39.2-д “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна”, 39.3-д “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн байна.
Нөгөө талд төслийн дотор 25.1.6-д “УИХ сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзах” гэдэг зүйл орсон. Ингээд бүхэлд нь харахаар Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг өөрөө бүрдүүлэх боловч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнийг өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-аар батлуулах юм байна.
Гэтэл УИХ Засгийн газрын сайд нарыг томилох асуудалд орох эрхээсээ бол татгалзана гээд байдаг. Нэг үгээр УИХ Ерөнхий сайдын оруулж ирсэн сайдын санал дээр сануулж хэлэх зүйлээ хэлээд батлаад явуулчих юм уу даа. Тэгвэл Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэдэг нь ямар аюул тарьж болох вэ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавьж болох юм шиг санагдаж байна. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг эсэргүүцэж хориг тавьж байлаа. Дараа нь түүний оруулж ирсэн төсөв, төсвийн тодотгол дээр бас хориг тавьж байв. Тухайн үед МАН Засгийн газраа хамгаалаад гарч байсан.
Харин энэ төлөвлөөд байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдчихвал УИХ нь Засгийн газраа тэр явдал шиг хамгаалаад гарах уу. Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг томилохдоо хөшигний ард УИХ дахь фракц, бүлэглэлүүд амлалт авч таарна (сайд нарыг томилоход оролцож чадахгүй болох учраас). Ингээд “давхар дээл”-гүй Засгийн газраа байгуулъя гэж бодъё. Тэр хүмүүс нь бүгд УИХ-д таалагдах уу гэдэг өөрөө асуултын тэмдэгтэй байгаа юм. Багадаа хоёр, гурван сайд нь УИХ дээр асуудалд орвол дэмжлэг хүртэж чадахгүй өнгөрөх юм биш биз (Давхар дээлгүй Засгийн газар УИХ дээр байнга хардлагад өртдөг талаас нь бодоход). Ийм нөхцөл дээр нь Ерөнхийлөгч тоглолт хийх боломж бүрдээд байгаа мэт. Ерөнхий сайдын оруулж ирсэн танхимын гишүүд дундаас ганц хоёрыг нь онилоод Ерөнхийлөгч хориг тавьчихвал хэрхэх вэ. УИХ түүнийг нь хэлэлцээд унагана гэвэл яах уу. Магадгүй Ерөнхийлөгч хориг тавихаараа айлгаад Засгийн газарт томоохон хөлтэй болоод авъя гэж бодно.
Тийм болохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэгдэхийн өмнө үүнийг сануулж байгаа юм. АН-ын зүгээс ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог байдлаар явуулах санал тавьчихаад байгаа. Үүнийг зөвшилцөөд явах дундаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэдгийг нь харж, хориг тавих эрхтэй хэвээрээ байгааг засах хэрэгтэй шүү гэсэн санаа. Сүүлийн үед гарсан мэдээллүүдээс харахад Ерөнхийлөгчийг 2025 оноос парламентаас сонгох, УИХ-ын сонгуулийг 2024 оноос холимог хэлбэрээр явуулах хувилбар дэмжлэг авах гээд байгаа бололтой. Тийм болохоор дунд нь бас 2021 онд сонгогдох Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бодолцох хэрэгтэй. Ерөнхийлөгчөөс Засгийн газраа салгаж авах гээд л сүүлийн 30 жил “ноцолдлоо” шүү дээ.
Сэтгэгдэл ( 1 )
Mongold1 yapony tagnuulhubisgaliin esereg bvleg2vndeserheg vzelseheetnii tvvrvgdvl3odoo yed hytadyn erliizabilga absan baij magadgvigesen helmegdvvlelt yabj baigaayu.