Намуудад чухамдаа юу чухал вэ. Ямар тэнэг асуулт вэ гэж намаа нам дагагсад бодож болох л доо. Тэд торолгүй улсаа бодож сэрлээ гэж цээж мэдэн орилно. Хариулт нь тодорхой шүү дээ гэж олон нийт бодож байж ч болно. Олонх тэднийг улсаа биш өөрийгөө, ууж идэхээ бодно гэж боддог болохоор тэр. Бидний сонгож “аваад” замнаж байгаа ардчилсан нийгэмд намууд юу бодож, юу руу тэмүүлдэг ээ тодорхойлсон байдаг ч өнгөрсөн жилүүдэд чухамдаа юу чухал вэ гэдэг нь ойлгомжтой ч юм шиг, бүр эсвэл хариултыг нь олж чадахгүй үл тайлагдах асуулт мэт байсаар өнөөг хүрчээ. Байгаа хэдэн намынхаа чухам яагаад байдгийг ч мэдэхгүй цөхрөнгөө барж байх хооронд Монгол Улс нийтээрээ ОУВС-ийн туслалцааг гурвантаа хүртэж, Саарал жагсаалтад орж нэг гарч нэг, засаглагчдын өнгө улаан, цэнхэр гэж солигдсоор 2019 онтой золгожээ.
Сааралтуулсан нь!
АНА МАНА, ач тач, АН-АН-тайгаа тэмцэлдэж, МАН-МАН-тайгаа хэрэлдсээр саарал ордонд 30 гаруй жил болжээ. Сонгуулиар дүрийг нь өөрчилдөг ч дүрс нь өөрчлөгдөхгүй байсаар чухамдаа энэ хүрэв. Саарал ордны хэрүүл эцэстээ эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхэд хүрч энэ хооронд “Орос эмч”-ийн туслалцааг гурвантаа авсан юм. Энэ тохиолдолд Сэрэлт киноны “Орос эмч” нь Олон улсын валютын сан л даа. “Орос эмч”-ээр эмнүүлэхээс гадна “Чингис”, “Самурай”, “Гэрэгэ” зэрэг сүржин нэртэй бондууд гаргав. Даан ч түүнийгээ дэндүү жижиг зүйлд хот дунд зам тавих, замаа өргөтгөх зэрэгт зарцуулсаар сахилга батгүй, саарал жагсаалтад орсон юм.
Дараа нь төлнө гэдгээ мэдээгүй “Бортуун” Н.Батбаярын “өр биш өглөг” гэдэг алдарт хэлцээс нь харж болно. Төсвийн сахилга батаа сахь, хасаж болох зүйлээ хасаж, тана, бүтээн байгуулалт гэхээсээ илүү бүтээлч үйлдвэрлэлд мөнгөө зарцуул, санхүүгийн гүйлгээ зэргээ ил тод болго гэж хоёр жил илүүтэй сануулсаар байтал саарал ордны хэдтэйгээ хамт саарал жагсаалт руу шургаад орчихов.
Сайхан сэтгэлтнүүд, мөнгө ихтэй улсын халаас сахисаар сүүлийн 30 жилийг үзсэн Монгол Улсад энэ бол том шанаа. Саарал жагсаалтад орсон мөртлөө нэгнээ хүн гэж үзэхгүй Монгол Улсад ямар хөрөнгө оруулагч нь итгэж мөнгө зээлүүлэх вэ.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар аудитын шалгалт хийхэд 35 их наяд төгрөгийн эх үүсвэр гэнэт гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 1.5 жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн гэнэт гарч ирсэн юм. Чухам энэ их мөнгө гаднын байгууллагуудын анхаарал татсан хэрэг. Эдийн засгийн арга хэмжээ авах байгууллага Умард Солонгосын удирдлагуудыг санхүүжүүлж байж болзошгүй гэдэг аргумент гаргаж ирэн, мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай арга хэмжээ авахыг сануулсан нь энэ. Үүнээс гадна банк бус санхүүгийн байгууллага байна. Учир нь парламентын гишүүн болон эрх баригч намын гишүүдийн дийлэнх нь банк бус санхүүгийн байгууллагатай байгаа, хадгаламж зээлийн хоршоодын тоо нэмэгдсэн зэрэг нь мөнгө угаах эх үүсвэр болж байж мэднэ гэдгийг гаднын байгууллага төв банкинд анхааруулжээ. Анхааруулсаар байтал бид өнөө маргаашийн улс төрийн оноо, бандаашаа тайлсан, тайлаагүй гэсээр “саарал” болцгоосон. Одоо бид “саарал” руу шургасан буруутнаа олох гээд бас л завгүй байна. Гэвч цаад талынхан тэс өөрийг сануулаад байдаг.
Монгол Улсын тухайд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял авсан тохиолдол бараг бүртгэгддэггүй нь олон улсаас нэлээд шүүмжлэл дагуулдаг. 2011 оноос хойш долоон жилийн хугацаанд нийт 4345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн шалгаж, 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжсэн байна. Гэсэн ч дөнгөж хоёр хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Үүнийг манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажиллахгүй, хэрэгжилт хангалтгүй байгаа гэж олон улсын байгууллагууд дүгнэх болсон байна.
Жич: Монгол Улс анх удаагаа ийм нөхцөл байдалд орж байгаа юм биш. Одоогоос яг таван жилийн өмнө буюу 2013 онд Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар тусгаагүй, бодлогоор анхаараагүй гэх шалтгаанаар "Саарал жагсаалт"-д оруулж байсан юм. Тухайн үед УИХ-аар дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар яаралтай хуралдаж, баталснаар 2014 оны нэгдүгээр сард гарч байсан түүхтэй.
Сааруулсан нь!
Сааралтуулах яах вэ, түүнээс илүү нэг зүйл бий. Магадгүй одоо л бодож санан дорвитой алхам хийхгүй бол саарлаас ёроол руу унаж мэдэх юм. Засгийн газрын бонд хэлбэлзэж байгааг мэдэх “амьтан” байгаа болов уу. Одоогоос яг хоёр жилийн өмнө Засгийн газрын бондуудын ханш зургаан хувиас доош орж буурсан нь сонгуулийн жил таарсан холбоотой байв. Харин яг хоёр жилийн дараа Засгийн газрын бондуудын ханш буураад байна. Гэтэл бид Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондыг 2022 онд, Хөгжлийн банкнаас гаргасан 2013 онд гаргасан 30 тэрбум иенийг 2023 онд, 2017 оны хоёрдугаар сард гаргасан 124 сая ам.долларын өрийг 2024 онд төлж дуусгах ёстой. Их өр хоолойд тулахад савласан ханш сөргөөр нөлөөлж төлөх ёстой мөнгөн дүн ч өөрчлөгдөнө гэдгийг санах хэрэгтэй. Төлөх хугацаа дөхөөд ирэхийн цагт гаднынхан хэн чинь ЖДҮ-г бага идсэн бэ, хүү чинь авсан уу, дүү чинь авсан уу, СҮХ-ийн засаг уу, БОЛД-ын засаг уу, их сайхан 27 сантай юм байна гэж эвийлж суухгүй нь лав. Тэд авсан бол төлөхийг Монголын засгаас шаардана. Харин бид толхилцоонтой улс төрийн, ЖДҮ тэвэрсэн улстөрчид юу болж хоцрох вэ. Бүтээгч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих битгий хэл “жижиг, дундын сан” руу гараа дүрсээр байна. Гэвч манайхтай ижил “Орос эмч”-ээс туслалцаа өгсөн Гүрж яасан гээч. Авлигын эсрэг агентлагын үйл ажиллагааг эрчимжүүлж, Хууль зүйн яамыг нээлттэй болгож, төсвийн сахилга батыг сахиулах том амбийц өвөртөлж эдийн засгийн өсөлтөө хангана гэж мэдэгдээд байна. Сүүлийн арван жил улс төрийн бүлэглэл, гаднын улстөрчдийн заавраар хоорондоо маргалдаж байсан Гүрж улс танихын аргагүй өөрчлөгдөж байна. Улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй болгохоо ч мэдэгдэж байна.
Саарал жагсаалтад орж байсан зургаан жилийн өмнөхтэй харьцуулбал өнөөгийн Монголын дүр зураг арай өөр. Тухайн үед гадаад төлбөр тооцоо гацаж байсан ч Монгол Улсын эдийн засаг өнөөгийнхтэй харьцуулахад бага байсан учир мэдэгдэхүйц савлагаа үүсээгүй. Харин өнөө бид илүү савлана. Учир нь хоолойд төлсөн их өр байгаа болохоор тэр.
Нам дагасан хэд төр хувийн түншлэл, эдийн засгийн солонгорол, Азийн бар улс гэж цэцэрхэж, цээжээ дэлдсээр бид саарал руу давхиад орчихсон. Саарал давхиж орсон ч өнөө хэр нь энэ цэцэрхэл гонжоомтой улстөрчдийн цээжинд байсан хэвээр. Эдийн засгийн өсөлт гагц түүхий эдийн үнийн өсөлт дээр байсан гашуун үнэнтэй хийрхдэг улстөрчид нийлэхгүй байсаар мөн төдий жилийн нүүр үзэв. Зодоон, тонгороо эхлэхээс 10 жилийн өмнө буюу 2008 оны УИХ-ын 12 дугаар тогтоолоор “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэгчийг баталж байлаа. Сүржин нэртэй бодлогын 3.5-д “Экспортын баримжаатай, транзит тээвэр, логистик, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно” гэж заасан бий. Төслийн бүх үе шат 2021 онд дуусна. Хувь заяаны шоглоомоор бид энэ үгтэй хамт саарал өнгөтэй, саар ирээдүйтэй сууж байна.
* * *
Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр бид бодлогодоо өөрчлөлт оруулаад нэмэргүй. Эрт, орой хэзээ нэгэн цагт дахин ЖДҮ гарч ирнэ. Сонгуульд ялалт байгуулсан нам эрх мэдлийн төлөө өөр хоорондоо толхилцоно. Эрх мэдлийн төлөө сайн найзууд ч дайсан болно.Сонгуулийн дараа улаан, цэнхэр, улбар шар өнгө солигдоно. Хэрэв бид эдийн засгийн гэмт хэрэгт орооцолдсон улстөрчидтэй хариуцлага тооцож чадахгүй юм бол, ЖДҮ тэргүүтэй улсын сангуудынхаа сахилга хариуцлагаа чангатгахгүй бол, нам дагаж улс төрд шургалсан бүлэглэлүүдийг цэгцлэхгүй бол, эдийн засгийн бодлогоо өөрчилж, холбогдох бусад хууль тогтоомжид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх талаар хууль эрх зүйн орчноо сайжруулахгүй юм бол саар руу тэмүүлсээр ёроол руугаа орно биз.
Эрх ашгийн эрэмбэ гэж зүйл бий гэдгийг тэнгэртээ одсон С.Зориг зоригтой хэлсэнтэй адил намууд яг одоо эрх ашгийн эрэмбэлэх ёстой. Намуудад сонгуулийн үр дүн гэхээс илүү улс орны ирээдүйн өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ бодож байж лоозон болсон тунхаглал, зорилт руугаа алхам урагшлах учиртай гэдгийг гаднынхан ч, эрдэмтэд ч сануулсаар байна.
Сэтгэгдэл ( 0 )