Я.Болорчимэг: Элдэв баггүй өөрийнхөө оршихуйгаар амьдрах дуртай

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Монголын телевизийн урлагт өөрийн гэсэн дуу хоолой, үзэсгэлэн гоо, хөдөлмөрч дайчин чанараараа манлайлдаг олон эмэгтэйчүүдийн нэг бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Я.Болорчимэг. Эвлэгхэн уянгалаг дуулчихдаг, эгшиглэнт хоолойтой, энхрийхэн төрхтэй бүсгүй танай гэрийн хойморт цэнхэр дэлгэцээр өдөр бүр зочилж, сэтгэлд дотно танил болоод уджээ. Нэвтрүүлэгч хийхээс гадна олон төрөлд ур чадвараа сорьж, хүч хөдөлмөрөө зориулж яваа түүний ертөнц гайхам гэгээтэй, бахдам түүхтэй.

 

-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье, ер нь та багаасаа жүжигчин болно гэж мөрөөдөж энэ мэргэжлийг сонгосон уу?

-Би Өвөрхангай аймагт төрсөн. Хоёрдугаар ангидаа Улаанбаатарт шилжиж ирсэн дээ. Хүүхэд байхдаа хааяа нэг сургуулийн концертод ордог даруухан хүүхэд байлаа. Дуулах дуртай боловч гэрийнхэн маань манайд урлагийн хүн байхгүй гээд нэг их дэмждэггүй байлаа. Ээж маань анагаахын салбарын хүн болохоор эмч болгох санаатай Анагаахын дээд сургууль руу авч явлаа. Дагаж очтол миний байх газар биш байсан. Тэгээд л өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөхөөр явж байгаад нутгийн ахтайгаа таарчихав. Тэр ах чи жүжигчний ангид шалгалт өгөөд үз гээд ангидаа орууллаа. Тэгээд Хүсэлбаатар, Амбий, Сүхбаатар, Энхтөр гээд ах нартай танилцаж бүгд л дуу, шүлэг, этюд заагаад одоо элсэлт долоо хоногийн дараа эхэлнэ, энэ удаа чадахгүй бол дараа жил заавал өгөөрэй гээд бэлдэж эхэлсэн. Ингээд би элсэлтийн шалгалтаар гуравт орж тэнцэж байсан юм. Миний урд Ялалт, Эрдэнэбилэг хоёр орж байсан санагдаж байна. Тэгээд л урлагийн замд орсон доо.

-Ажил амьдралын анхны гараагаа хэрхэн эхэлж байсан бэ? Яагаад жүжигчин хүн нэвтрүүлэгч болчихов оо?

-Манай оюутны ангиас Б.Гантигмаа, Ш.Бямбацогт, П.Баярхүү, Г.Жаргалсайхан гээд телевизийн нэвтрүүлэгч олон төрсөн байдаг юм. Би их сургуулиа  төгсөөд охиноо төрүүлчихсэн байлаа.  Гэртээ хүүхдээ хараад л байж байтал эгч маань Үндэсний телевизийн үгэн зарыг хараад нэвтрүүлэгч ажилд авна гэж байна шалгуулаарай гэж хэлсэн. Яваад очиход 170-180 шахам  хүн шалгалтад орж байсан. Эфирт гаргах, уншуулах зэргээр гурван үе шаттайгаар шалгалт авсан юм даг. Тэндээс долоон хүн тэнцээд сар сургалтад явсны эцэст нэг л хүн авч байсан юм. Ийнхүү миний нэвтрүүлэгчийн гараа Монголын үндэсний телевизээс эхэлсэн юм даа. Үндэсний  радиод мөн ажилласан. Жил гаруйн дараа нь “ТВ9” телевиз байгуулагдаж анхны нэвтрүүлэгчээр нь орж ажиллаад 10 жил болсон. Тэндээс амьдралынхаа жаргал, зовлонгоо хуваалцах найз нөхөд, өөрийнхөө оршин байх бүхий л үнэ цэнтэй дурсамж, түүхийг олж авсан. Одоо бол “NTV” телевизэд ажиллахын сацуу 2012 оноос хойш СУИС-даа багшилж байна даа.

 

Нэвтрүүлэгч С.Чимгээ эгч нэг удаа “Цагийн хүрд” уншаад гарахад хоёр машин шороо хүрзээр ачсантай адилхан тийм их ачаалал авч ядардаг гэж хэлдэг. Ер нь хүмүүс нэвтрүүлэгч хүнийг хүний бичсэн зүйл уншчихаад сууж байдаг гэж ойлгох нь бий. Тэгвэл нэвтрүүлэгч хүн тухайн зохиол, эх бичвэрийн дэд зохиогч, үг амилуулах ухаанд суралцсан, байгалиас заяасан дуу хоолойн өгөгдөл өндөртэй хүмүүс байдаг. Бидний ажлын хамгийн хэцүү нь алдаа маань шууд хүний нүдэнд ил байдгаараа онцлогтой. 

 

-Телевизийн салбарт нэвтрүүлэгч хийхээс гадна бурхан шашны нэвтрүүлгээр тань олон түмэн андахгүй?

- “ТВ9” телевизэд байхад бүх нэвтрүүлгийг уншдаг байсан. Төрийн наадмыг энэ телевизэд 10 жил, “ETV” телевизэд хоёр жил хөтөлсөн гэхээр тасралтгүй 12 жил зүлэг ногоон талбайгаас телевизийн эфирт шууд хөтөлсөн байна. Энэ бол ховорхон хувь гэж боддог. Түүнээс гадна  бурхан шашны нэвтрүүлгийг олонтаа уншиж байсан. Хоолойны өнгө чинь  их тохирдог гэж хүмүүс хүсэлт, санал их тавьдаг л даа. Одоо “Хутагт хувилгаад” гээд гурван жил явагдаж буй баримтат киноны төслийн дуу оруулалт дээр ажиллаж байна.

-Телевизийн урлаг  гэдэг олон түмний нүдний өмнө алдах эрхгүй мэргэжил. Сандарч, тэвдэж, алдаж эндсэн хөгжилтэй дурсамж түүх байвал хуваалцаач?

-Телевизэд анх гарахад шууд мэдээ уншуулахгүй шүү дээ. Тэгээд хөтөлбөр уншуулна аа. Тэрийг чинь унших гэж зүрх амаар гарах шахдаг байлаа. Нэг удаа үгээ мартаад хоёр секунд гацахдаа орчлон хорвоо зогсчих шиг, тэр студийн бүх зүйлийг  харж амжсан байдаг юм. Манай гэрийнхэн жижигхэн камераар бичээд намайг ирэхээр үзүүлдэг байлаа. Тэрийг нь үзлээ. Ёстой гацаж түгдрээд, нүд нь эргэлдээд баларсан байх гэсэн чинь юу ч анзаарагдаагүй байсан. Гэтэл тэр үед сэтгэл дотор минь маш их зүйл болж байсныг ер мартдаггүй юм. Нэвтрүүлэгч С.Чимгээ эгч нэг удаа “Цагийн хүрд” уншаад гарахад хоёр машин шороо хүрзээр ачсантай адилхан тийм их ачаалал авч ядардаг гэж хэлдэг. Ер нь хүмүүс нэвтрүүлэгч хүнийг хүний бичсэн зүйл уншчихаад сууж байдаг гэж ойлгох нь бий. Тэгвэл нэвтрүүлэгч хүн тухайн зохиол, эх бичвэрийн дэд зохиогч, үг амилуулах ухаанд суралцсан, байгалиас заяасан дуу хоолойн өгөгдөл өндөртэй хүмүүс байдаг. Бидний ажлын хамгийн хэцүү нь алдаа маань шууд хүний нүдэнд ил байдгаараа онцлогтой.  Алдчихлаа гээд шантрах юм бол цаашаа ахих зам байхгүй. Алдсан байсан ч алдахгүйн төлөө хичээх л  хэрэгтэй.

-Таныг нэвтрүүлэгч гэдгээс гадна сайхан дуулдгийг хүмүүс мэднэ. Багынхаа мөрөөдлийг орхиогүй байна шүү? Цаашид дуулах уу?

-Дуулж жаргадаг хорвоод дуулж явна гэдэг сайхан. Дуулж яваа хүнээс чөтгөр хүртэл тойрдог гэдэг. Дуу гэдэг ертөнц өөрөө гэгээн сайхан шүү дээ. Хүн бүхэнд таалагдах албагүй ч ойр дотны хүмүүсээ баярлуулж, үлгэр дуурайл болж, сэтгэл зүрхнээсээ уран бүтээлээ туурвина гэдэг аз жаргал юм даа. Би 2012 онд “Сэтгэлийн цэнхэр хорвоо” дууны бие даасан цомог гаргаад 2014 онд кино концерт хийсэн. Харин 2017 онд найраглал, шүлэг, дуутай “Утга яруу” хос цомог гаргасан. Т.Сэр-Од, Цэн.Эрдэнэбат, Т.Найданжав гээд олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Сэтгэлийнхээ дуудлагаар, мөрөөдлөө биелүүлээд хоёр ч цомог гаргалаа. Цаашид дуулна гэж бодохгүй байна. Харин уншлагын төрлөөрөө уран бүтээлээ өргөжүүлнэ гэж бодоод ажиллаж байгаа.

-Таны оюутны ангийн найз нөхдөөс  өдгөө, Б.Навчаа, С. Болд-Эрдэнэ  гээд Монголын тайз, дэлгэцийн урлаг хүчин зүтгэж яваа хүмүүс шүү дээ. Анги хамт олны бахархал болж яах аргагүй нэг ангиас таван нэвтрүүлэгч төржээ?

-Манай ангийнхан бүгд л манлайлагч байсан. Манай ангийн багш Урлагийн гавьяат зүтгэлтэн  С.Сугар багшийн минь ангиас үе үеийн жүжигчид, нэвтрүүлэгчид олноороо төрдөг булган сүүлтэй. Жишээ нь Д.Цоодол, С.Чимгээ, Ч.Ичинхорлоо гээд  яривал олон. Сая би төгсөлтийн 20 жилийн ойгоороо ангийнхаа таван нэвтрүүлэгчийн тухай илтгэл тавилаа. Нэвтрүүлэг-чийн ажил ярих урлагтай салшгүй холбоотой. Нэг ангиас таван нэвтрүүлэгч төрнө гэдэг бахархмаар шүү. Б.Гантигмаа, Ш.Бямбацогт, П.Баярхүү, Г.Жаргалсайхан бүгд  л Монголын телевизийн нэгэн тод өнгө, дуу хоолой болж яваа улс. Энэ бол багш нарын маань ач гавьяа. МУГЖ Л. Чаминчулуун багшаа онцлон дурдмаар байна. Тэр хүний их хөдөлмөр, авьяас билгийн их далайгаас өчүүхнийг ч гэсэн шүүрэн авсан минь зол. Түүнчлэн  энэ сарын 8-ны өдөр  Соёл урлагийн их сургуулийн Тайзнаас ярих урлагийн тэнхимийн 25 жилийн ой тохиож байна. Үе үеийн багш нар хамтран ажилладаг багш нараасаа суралцаж энэ сайхан хүмүүстэй нэг цаг хугацаанд мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байдаг.

-Ойн хүрээнд ямар, ямар ажил өрнүүлж байна даа?

-Тайзны ярианы тэнхимийн сургалт судалгаанаас эхлээд жүжигчний дүр бүтээх ажиллагаанд тайзны ярианы сургалтын үр нөлөө, уран сайхны утгажуулсан уншлага ба жүжигчний хэл яриа, дуу хоолойн ур чадвар зэрэг олон сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийхээр ажил ихтэй л байна даа. Энэ ташрамд хэлэхэд  багш гэдэг эрхэм ажилд хөтөлсөн тэнхимийн эрхлэгч Б.Даваа багшдаа болоод үе үеийн бүх багш нартаа 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Бидэнд амралт гэж байдаггүй. Гэртээ амарч байхын оронд хүүхдүүдээ оюутан байхад нь дадлагажуулах тал бүрийн аргыг эрэлхийлж байдаг. Хамгийн сүүлд “Хэмнэл” гэдэг гэр бүлийн радиотой хамтран ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар шавь нараа дадлагажуулж, өгүүллэг уншуулах, хөтлөгч хийлгэх, дуу оруулах гээд хөрвөх чадвартай болгох тал дээр бэлтгэж байна. Би энэ жил нэг, гуравдугаар курсийнхэнд хичээл орж байна. Тэд төгсөөд бүгд жүжигчин болж чаддаггүй. Тийм учраас телевиз, радиод ажиллах чадвартай байх ёстой гэж боддог.

 

-Нэвтрүүлэгч байх, багшлах хоёрын хооронд зөрүү их хэр байна вэ?

- Хүн ажлын туршлагаа онолын мэдлэгээр арвижуулж хос морьтой давхих хэрэгтэй гэж бодоод “Нэвтрүүлэгчийн ур чадварын асуудалд” сэдвээр магистраа хамгаалсан. Нэвтрүүлэгч ч тэр багшийн ажил ч ялгаагүй нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж ойлгодог.

-Оюутнуудаа дадлагажуулахын тулд хэрхэн ажиллаж байна вэ?

-Хүн гэдэг хүсэл мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй л ажиллах хэрэгтэй. Бидэнд амралт гэж байдаггүй. Гэртээ амарч байхын оронд хүүхдүүдээ оюутан байхад нь дадлагажуулах тал бүрийн аргыг эрэлхийлж байдаг. Хамгийн сүүлд “Хэмнэл” гэдэг гэр бүлийн радиотой хамтран ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар шавь нараа дадлагажуулж, өгүүллэг уншуулах, хөтлөгч хийлгэх, дуу оруулах гээд хөрвөх чадвартай болгох тал дээр бэлтгэж байна. Би энэ жил нэг, гуравдугаар курсийнхэнд хичээл орж байна. Тэд төгсөөд бүгд жүжигчин болж чаддаггүй. Тийм учраас телевиз, радиод ажиллах чадвартай байх ёстой гэж боддог.

-Жүжигчин гэснээс та ямар дүр бүтээж байв? Киноны санал хэр ирдэг вэ?

-Би мэргэжлийнхээ дагуу ажиллаагүй болохоор цөөхөн дүрд тоглож байсан. Оюутан байхдаа “Мандах нарнаар”  гурван ангит теле жүжгийн гол дүр Сийлэнд тоглож байсан. МҮОНТ-ийн алтан фондонд байдаг юм байна лээ. Дөрөвдүгээр курсээ төгсөөд “Хүсээгүй мөчлөг” гээд уран сайхны киноны гол дүрд тоглож байлаа. Сүүлд “VTV” телевизийн 30 ангит кинонд Жижгээгийн дүрд тоглосон. Мэргэжлээрээ ажилласан минь энэ дээ /Инээв/

-Уран бүтээлч хүний хувьд нийгэмд анзаарагдаж буй эмзэглэл юу байдаг вэ, түүнийхээ төлөө өөрийнхөө хэмжээнд хийж хэрэгжүүлж буй хувь нэмэр гэвэл?

-Хүмүүст өөрийгөө илэрхийлэх, ярих урлаг дутмаг байгаа нь анзаарагдсан л даа. Хэчнээн мэдлэгтэй, сайхан бичдэг, сэтгэдэг хэр нь түүнийгээ илэрхийлж ярьж чаддаггүй ч хүн байх юм. Ярих урлагийн техникийг эзэмшсэн хэр нь оюуны цараа бага байх нь ч ажиллагдах талтай. Тиймээс энэ бүхнийг цогцоор хөгжүүлэх сургалт хэрэгтэй юм байна гэж бодогдсон.  Тэгээд телевизийн удирдлагадаа  ярих урлагийн сургалт явуулъя гээд багахан хэмжээний төсөл барьж орсон. Манай удирдлага харин  маш сайхнаар хүлээн авч итгэл хүлээлгэсэн. Ингээд дөрөвдүгээр сараас эхлээд “NTV academy” үйл ажиллагаа эхлээд амжилттай ажиллаж байна. Хүмүүс ч хэрэгцээ, шаардлагаа дагаад их хандаж байна. Энэ чинь наанадаж биеэ зөв авч явах, зөв боловсон ярих, цаанадаж эх хэлнийхээ дархлааг бий болгох, баялаг сайхан үг хэлээрээ ярьж ойлголцдог байх гээд олон талын ач холбогдолтой. Энэ цаг үед бид  хэдхэн үгэнд эргэлдэж  ярьдаг болжээ. Гэтэл монгол хэл гэдэг гайхамшигтай яндашгүй баялаг, яруу тансаг тунгаамал шижир алт шүү дээ.

-Хүүхдийг багаас нь номд дуртай болгох нь үгийн баялаг нэмэгдэхэд нөлөөлдөг. Багш хүний хувьд өнөөгийн боловсролын тогтолцоог хэрхэн дүгнэдэг вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын хичээл бага орох боллоо, монгол хэлний заах аргын чанар муудлаа л гэнэ. Бүх зүйлийг багш нарт даатгаж болохгүй. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэж, үлгэр, зохиол уншиж өгч, шүлэг өгүүллэг цээжлүүлж, үгийн утгыг нь задалж тайлж, унаган эх хэлээр нь угжиж өсгөснөөр  хүүхдийн төсөөлөн бодох, хэтийн мөрөөдөл, дүрслэн харах чадвар сайжирч байдаг. Одоо хүүхдэдээ гадаад хүүхэлдэйн кино тавиад, гар утас бариулаад өөрөөсөө тээршаасан маягтай болчихож. Тэгсэн хэр нь хүүхэд хэлд орохгүй байна, өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гээд байдаг. Өнөөдөр та утсаа өгөөд хүүхдээ аргалж л болно. Гэхдээ эргээд нийгэмд хялбарчилсан бодолтой, бэлэнчилсэн сэтгэлгээтэй, сэтгэх, ярих чадваргүй хүнийг бэлтгээд байгаа сөрөг нөлөөтэй байна.

 

Биднийг нэвтрүүлэгч гэхээр л инээдэг ч үгүй, уйлдаг ч үгүй л гэж хүмүүс боддог юм шиг ээ. Сүүлийн үед мартагдах шахсан сайхан хошин өгүүллэгүүдийг уншиж хүнд хүргэх сэн гэж дотроосоо өөрийгөө чилээж л сууна. Хошин урлагийн нэрт мастер Л.Чаминчулуун багшийн шавийн хувьд түүний энд хүрэхгүй ч гэсэн хэдхэн часхийсэн уран бүтээлийг шигтгээ болгоод авчих юм сан гэж боддог.

 

-Өөрийнхөө хэв маягийг эвдсэн ямар жанраар өөрийгөө сорьё гэж боддог вэ?

-Биднийг нэвтрүүлэгч гэхээр л инээдэг ч үгүй, уйлдаг ч үгүй л гэж хүмүүс боддог юм шиг ээ. Сүүлийн үед мартагдах шахсан сайхан хошин өгүүллэгүүдийг уншиж хүнд хүргэх сэн гэж дотроосоо өөрийгөө чилээж л сууна. Хошин урлагийн нэрт мастер Л.Чаминчулуун багшийн шавийн хувьд түүний энд хүрэхгүй ч гэсэн хэдхэн часхийсэн уран бүтээлийг шигтгээ болгоод авчих юм сан гэж боддог.

-Багш болсноор өөртөө юу нээв? Таны амьдралын зарчим юу вэ?

-Багш бол хүний дээд хүн  байх ёстой юм гэдгийг ойлгосон. Өдөр бүр би тийм сэтгэлтэй хүмүүсийн дунд ажиллаж буйдаа аз жаргалтай байдаг. Хүн гэдэг ухамсарт амьдралынхаа ихэнх хувийг ажил дээрээ өнгөрүүлж байна шүү дээ. Хүнийг хүнээр нь л хайрлаж чаддаг, сэтгэлээ ивж чаддаг, эрч хүчээ түгээж чаддаг  хүмүүс бол манай багш нар.  Заримдаа ядарсан ч тэднээсээ эрч хүч аваад, эрч хүчээ түгээж явна. Мөн  хөдөлмөрлөхийн сайхныг би аав, ээжээсээ үлгэрлэн дуурайдаг. Энэ бол миний зарчим.  Аав минь Гандантэгчинлэн хийдийн ахлах тогооч хийдэг, үйлчилгээний гавьяат ажилтан хүн. Аав минь ная гарсан настай хүн өглөөний дөрвөн цагт ажилдаа явдаг. Зургаа, долоо зуун литрийн гурван тогоо хоол хийж, халбагаар биш хүрзээр хутгана шүү дээ. Ээж минь ная хүрч байгаа хэр нь бас зүгээр суухгүй, эмийн сангийн эрхлэгч хийгээд л, олон залуусыг манлайлаад явж байна. Тэднээсээ хөдөлмөр гэдэг эрүүл байхын, оюун ухаан өөдрөг байхын нууцыг таньж ухаардаг юм байна. Бидэнд залхуурах эрх байхгүй. Үргэлж дайчин, шаргуу, шударга зөв явах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийнхөө оршихуйгаар амьдарч байна.

-Та хэр дотогшоо хүн бэ?

-Би маш олон сайхан найзтай гадагшаа хүн. Гэхдээ хүнд тааруулж, дүр эсгэж амьдрах дургүй, хийх зүйлээ хийгээд л явах хэрэгтэй гэж боддог, өөрийгөө дөвийлгөх дургүй. Миний амьдралд хүнээс гажууд зүйл байхгүй учраас худлаа дүр эсгээд, нууцлаад ч байх нууц байхгүй.

-Нууц гэснээс нууц биш бол гэр бүлээ танилцуулаач?

-Би нөхөртэйгөө охинтойгоо амьдардаг. Охин минь БНХАУ-д сэтгүүлчийн мэргэжлээр суралцаж байна. Харин нөхөр минь нэг ангид тохой нийлүүлэн сууж байсан ангийн минь хүүхэд.

-Танд олон л эрчүүд дурлаж, сэтгэлээ илчилж байсан байх даа?

-Залуу насанд ямар ч эмэгтэй хүн цэцэг шиг сайхан харагддаг, тийм үед ямар ч эрэгтэй дурлаж байгаагүй гэвэл худлаа болох байх.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яана даа(43.242.243.8) 2019 оны 11 сарын 06

амьдралын зөв зам туулсан хүн багшилвал зүгээрсэн.

0  |  0
Лавайн Энхсайхан(66.181.161.21) 2019 оны 11 сарын 05

Гайхалтай сайхан гэрэл цацарсан ,авъяас билэг торгон мэдрэмж сайхан сэтгэл гээд л эрхэм нандин бүхэн цогцолсон жинхэнэ Монгол бүсгүй дээ манай Болор оо . Дүүдээ сайн сайхан бүхнийг ерөөе хаа явсан газар бүхнээ гэрэлтүүлж яваарай миний дүү

0  |  0
Jagaa(202.126.88.211) 2019 оны 11 сарын 05

Mundag ulger jishee busgui shuu. Jinhene zuragt delgetsiin hun dee

0  |  0
Оргил(202.126.89.92) 2019 оны 11 сарын 05

Ээээ иим улсууд хичээл заахаар яанадааа тэр равдан отгон бямбаа тэр улсуудл заавал хүндээ хэрэгтэйсэн

0  |  0
(103.14.38.10) 2019 оны 11 сарын 06

saihan busgui haragddag shu,amjilt !!

1  |  1
Top