ОЛОН ӨНГӨ: Арваннэгдүгээр сарыг угтах өгүүлбэр

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Бидний хотод арваннэгдүгээр сар айлчилж, намрын адаг сарын өдрүүд хэдийн шувтраад эхэлжээ. Модод нүцгэрч гүйцээд, тэнгэр эзгүйрч, бүдэг саарал өнгө газар дэлхийг хучсан байна. Хүн зон ч хотын хэмнэлд уусан нэгдэж ялгахын аргагүй нэг л зүйл шиг санагдах болж. Ийм л үед надад орон хот гэдэг илүү үзэсгэлэнтэй, илүү хүчирхэг, илүү аниргүй санагддаг юм.

Шинэ он ч айсуй хаяанд үзэгдэнэ. Эргэх дэлхий бүтэн жилийн нүүрийг үзэхэд бидний амьдралд ямар өөрчлөлт гарсан байна вэ. Бодсон шиг чинь олон байж чадаж байна уу. Зорьсондоо хүрсэн үү, аль эсвэл үзүүрээс нь атгаад алдсан уу. Амлалтаа биелүүлж чадсан уу. Бас нэгэн төгсгөл ирэхэд олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүрнэ. Шинэ сар айлчлахад өөрөөс минь төрж буй өгүүлбэрүүдэд хариултаасаа асуулт нь олон тохиож байна.

Яг одоо цас л ороосой. Дээрээс нэвсийтэл дарвал уу. Оюун бодлоо будрах цасны гялбаанд төөрүүлж орхиод, хов хоосон, хөнгөн, зөөлөн болох сон. Хөнгөн, зөөлөн. Арваннэгдүгээр сар дуусахаас өмнө л...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top