УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг дэмжлээ. Энэ явдлыг шалтаг гаргаж албан тушаалаас нь буулгаж байна гэж дүгнэх хүн ч байна?
-Олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх ФАТФ байгууллагын өмнө Монгол Улс хүлээсэн үүргийн биелэлт хангалтгүй байна гэж үзээд “Саарал жагсаалт”-д оруулж анхааруулга өгч байгаа. 2017 оны долоодугаар сард тус байгууллагаас Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох нөхцөл үүссэн тухай мэдээлэл ирүүлж байсан. Үүнтэй холбогдуулж, сүүлийн хэдэн жил дотоодын банк санхүүгийн байгууллага болон бүх шатны байгууллагад олон ажил хийгдсэн. Парламентын түвшинд ч гэсэн олон хуульд өөрчлөлт оруулсан. Тухайн үед үнэлгээ хийхэд манай улсад өгсөн 40 зөвлөмжийн 20-ыг нь биелүүлсэн байсан бол өнөөдөр 35-ыг нь биелүүлсэн байдалтай байгаа. Тэгэхээр 2017 оноос хойш хийсэн ажлын үр дүнд чиглэл чиглэлд ахиц дэвшил нэлээд гарсан байна. Гэхдээ олон улсын байгууллагаас “Саарал жагсаалт”-д оруулж цаашдаа хэд хэдэн асуудалд гол анхаарлаа хандуулах ёстой гэсэн чиглэл өглөө.
Үүний дагуу холбогдох хүмүүст хариуцлага тооцох асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргаас тавьсан. УИХ-ын даргын тавьж байгаа саналтай холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооны дарга өөрөө өргөдлөө өгч, ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад нээлттэй захидал илгээж сонгосон байгууллага буюу парламент хэрхэн шийдвэрлэх нь үү түүгээр асуудлаа шийдүүлье гэдэг байр сууриа илэрхийлсэн гэж ойлгосон. Ер нь бол бид энэ асуудалд хандахдаа хэд хэдэн чиглэлд гол анхаарах ёстой гэж харж байгаа. Нэгдүгээрт, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцохыг иргэд шаардаж байна. “Монголд хариуцлагагүйн зуд болж байна, хариуцлага тооцогдохгүй байна. Тийм учраас хариуцлага алдаж байгаа бол тодорхой хэмжээнд хариуцлага тооцдог байгаач” гэсэн их хэмжээний хүсэлт ард иргэдээс ирж байгаа. Хоёрдугаарт, энэ үйл явдалтай холбоотойгоор эрх зүйн болон зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг тодорхойлж тэр чиглэлээр ажиллах ёстой.
-Энэ хүмүүсээс гадна Засгийн газарт хариуцлага тооцохгүй юм уу гэдэг асуулт сөрөг хүчин болоод УИХ-ын танай намын зарим гишүүдээс гарсан?
-Цаашдаа “Саарал жагсаалт” болон энэ явагдаж байгаа үйл явдлуудтай холбогдуулж авах арга хэмжээний талаар тодорхой саналууд холбогдох байгууллагууд нь гаргаад явж байгаа. Хариуцлага тооцох асуудал үүгээр дуусахгүй байх гэж бодож байна.
-Яриа хариуцлагын асуудал руу орсных нэг зүйл асууя. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцоор зорчихдоо солонгос үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн дуулиан дэгдээд байна. Хэрэв үнэн бол үүнд хариуцлага тооцох ёстой юу?
-Цэцийн даргатай холбоотой асуудлаар нийгэмд нэлээд өндөр авч шуугиж байна. Бид ч гэсэн хэвлэлийн мэдээлэлтэй л байгаа. Тийм учраас өөрөө Монгол Улсдаа ирээд холбогдох асуудлаа шалгуулаад үнэхээр буруутай үйл ажиллагаа хийгдсэн бол энэ хүнтэй хариуцлага тооцох ёстой. Өөрийнх нь хэвлэлээр өгч байгаа мэдээллийг харахад андуурагдсан мөн буруу ойлгосон зүйл байгаа гэсэн. Хэрэв буруугүй бол үүнийгээ өөрөө нэг талд нь гаргах ёстой гэсэн ийм л байр суурьтай байна даа.
-Та төсвийн ажлын хэсэгт орсон уу?
-Тийм.
-Өнгөрсөн хоёр долоо хоногт өдөр бүр л дуулиантай байлаа. Үндсэн хуулийн Цэц дээр АМНАТ-ыг хууль зөрчсөн тухай шийдвэр гаргаснаас эхлээд 800 хятад иргэн хууль бус үйл ажиллагаа явуулсан хүртэл. Уг нь өдийд улсын төсвийг л ярьж байдаг үе. Одоо ирэх оны төсвийг батлахад хуулиараа арван өдөр л үлдэж байна. Анх Засгийн газрын төсвийн төслийг өргөн барихад нэлээд шүүмжлэл гарч байсан. Ажлын хэсэг дээрээ хэр өөрчлөгдсөн юм бол?
-Төсвийн тухай хуульд ноднин өөрчлөлт оруулаад зарлагыг парламент сайн дураараа нэмэгдүүлэхгүй, хэрвээ өөрчлөлт хийвэл орлого, зарлагын хооронд гүйлгэх байдлаар өөрчлөлт хийхээр болгосон. Тэр ерөнхий чигийг төсөв дээр барьж байгаа. Тиймээс ерөнхийдөө төсөв дээр бид орлого, зарлага талдаа 250 орчим тэрбум төгрөгийн хөдөлгөөн хийж байна. Гадаад зээлийн эргэн төлөлт, концесс, зарим хөрөнгө оруулалт дээр тавьсан 2020 оны санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хасах байдлаар таналт хийж байна. Нөгөө талдаа төсвийг өргөн барих үетэй зэрэгцэж гарч ирсэн хэд хэдэн хуулийн хэрэгжилттэй холбоотой зохицуулалт хийсэн. Тухайлбал, эрүүл мэндийн салбар түүн дотроо хавдрын чиглэлд, боловсролын салбар түүн дотроо соён гэгээрүүлэх, боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлд зарим хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн.
-Хэнтий, Увс аймгуудад олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа тухай шүүмжлэл гарч байсан. Тэр яасан бэ?
-Зарим аймгуудад төсвийн хөрөнгө оруулалтыг ялгавартай тавьсан байна гэдэг асуудал гарсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан 23 хүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид ажлын хэсэг дээр яриад тойргууд дээр тавигдаж байгаа хөрөнгө оруулалтуудыг нэг бүрчлэн гаргаж үзсэн. Хэнтий болон зарим аймгуудтай холбоотой асуудал бол өмнөх жилүүдийн концессын эргэн төлөлттэй холбоотойгоор нэмэгдсэн байдал байна. Мөн тэр аймаг, бүс нутгуудад явж байгаа улсын чанартай бодлогын асуудлуудыг дэмжихтэй холбоотойгоор дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд тавигдсан нь харилцан адилгүй мэт харагдах нөхцөл үүсгэсэн байна гэдэг дүгнэлт гарч байгаа. Тухайлбал, Увс аймагт тавьсан хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь 2014, 2015, 2016 онд ашиглалтад орсон, тэр үеийн Засгийн газар нь шийдсэн концессын эргэн төлөлт байгаа юм. Сонгино-Хяргасын замаар өнөөдөр иргэд зорчоод явж байгаа шүү дээ. Мөнгөн төлөлт нь ирэх онд таарч байгаа учраас их өндөр хөрөнгө оруулалт хийж байгаа мэт харагдаж байгаа хэрэг. Тэр бол өмнө хийгдсэн ажлын нөхөн төлбөрийг концессын хуулийн дагуу өгч байгаа зүйл гэсэн үг. Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл Засгийн газраас гарсан. Үүний дагуу Хэнтий аймаг руу аялал жуулчлалын шинэ маршрут гаргах, ялангуяа Чингис хааны төрсөн нутаг руу автозам тавихтай холбоотой зардал гарч байгаа. Мөн Ерөнхий сайд, Засгийн газар Хэнтий аймагт ажиллахдаа зарим нэг дэд бүтцийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэнтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудлууд яригдсан. Түүнээс биш гишүүд албан тушаалаа урвуулан ашиглаж тойрогтоо илүү хөрөнгө оруулалт тавьж байгаа нөхцөл бага байна гэж үзсэн. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг бол зөвхөн тойргийг төлөөлөхөөс гадна бүх ард иргэдийг төлөөлөн ажилладаг. Энэ утгаараа УИХ-ын гишүүд төрийн нэгдсэн бодлогын асуудлуудыг дэмжиж явах учиртай. Жишээ нь, Дорноговь аймагт газрын тосны үйлдвэр байгуулахтай холбоотой томоохон хөрөнгө оруулалт орж байна. Манай өмнөд бүсийн ашигт малтмалыг хоёр дахь гарцтай болгохтой холбоотойгоор төмөр замын томоохон бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Замын-Үүдийн болон гаалийн шинэчлэлтэй холбоотой их хэмжээний хөрөнгө оруулалт орж байгаа. Үүнийг зөвхөн Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүний лоббигоор орж байгаа хөрөнгө оруулалт гэж үзэхээсээ илүү тэнд улсын бодлогын чанартай орж байгаа томоохон хөрөнгө оруулалтуудтай холбож ойлгох хэрэгтэй. Түүнээс биш харилцан адилгүй байна гэж хэлж болохгүй л дээ.
-Гэхдээ уурхайн музей байгуулна гээд хөрөнгө оруулалт тусгасан юм ч байсан. Нөгөө талаас Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар Хэнтийнх бол Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны дарга нь Увсынх болохоор хардалт дагуулж байгаа юм л даа?
-Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийн явцад бол хэд хэдэн зүйл дээр бол гишүүд, ажлын хэсгийн зүгээс шүүмжлэлтэй хандсан. Нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлд тодорхой саналууд гарсан. Хоёрдугаарт, ард иргэдийн өмнө тулгамдсан хавдрын асуудал, гуравдахь шатлалын эмнэлгүүдийн техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, сүүлийн 30 жил хийгдээгүй соёл урлагийн байгууллагуудыг шинэчлэх, хил гаалийг боловсронгуй болгох өргөтгөхтэй холбоотой хөрөнгө оруулалтуудын бодлогын асуудал дээр бид нэлээд төвлөрч хөрөнгө мөнгөө тавих хэрэгтэй байна. Гэхдээ хөрөнгө мөнгө хязгаарлагдмал шүү дээ. Тэгэхээр хязгаарлагдмал хөрөнгө оруулалтаа иргэдийн амьдрал, улс орны эдийн засагт бодитой хүрэх чиглэл рүү илүү анхаарах ёстой. Энэ өнцгөөс Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийн заримыг нь танах, заримыг нь нэмэгдүүлэх, тодорхой бодлогын асуудал руу хөрөнгө мөнгийг тавих чиглэлээр ажлын хэсэг ярьсан. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад зарчмын хувьд төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд явах нь зүйтэй гэсэн байр сууринд хүрсэн.
-Нөгөө талаар төсвийн орлогыг өөдрөг тооцоолсон байна. Манай ихэнх орлого уул уурхайгаас хамааралтай байдаг байхад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхаар төсөөлсөн байна гэдэг ярилцлагыг зарим УИХ-ын гишүүд өгч байсан. Бас хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байхаар орлоготой үедээ хуримтлал үүсгэхгүй бол ирэх жилүүдэд бондын эргэн төлөлтийг хийнэ гэх хүн байна. Ерөнхийдөө сонгуульд чиглэсэн төсөв болчих вий гэсэн болгоомжлол л доо?
-Энэ удаагийн УИХ-д Засгийн газраас өргөн барьсан төсөвт сайшаалтай гэж болох хоёр, гурван зүйл харагдаж байгаа. Нэгдүгээрт, Монгол төр өөрийн гэсэн хуримтлал бий болгох чиглэлд нэлээд анхаарсан байна. Ирээдүйн өв сангийн мөнгийг нэмэгдүүлэх, түүнийг зарцуулахгүй байх чиглэлд Засгийн газар төсөв өргөн барихдаа тодорхой оруулсан байсан. Монгол Улс анх удаа өөрийн гэсэн зуу, зуун тэрбумаар тоологдох хуримтлалтай болж байгаа нь бол энэ Засгийн газар, парламентын өнгөн дээр гарч байгаа сайн үзүүлэлт. Хоёрдугаарт, харин ч төсвийг хийхдээ нэлээд өөдрөг бусаар авч үзсэн байна лээ. Уул уурхайн бүтээгдэхүүнүүд бол манай орлогын эх үүсвэр болдог. Ирэх жил уул уурхайн гол таван бүтээгдэхүүний үнэ ханшийн нэгээс бусдыг нь дандаа үнэ унана гэдэг тооцооллоор хийсэн байсан. Ингээд харахад сонгуулийн жилийн эрсдэлийг нэлээд сайн тооцсон юм шиг байна. Сонгуулийн жил улс төр нэлээд халуурдаг, түүнийгээ дагаад эдийн засагт сөрөг нөлөөлөх янз бүрийн шийдвэр, хэлцэл, хэлэлцүүлгүүд өрнөдөг. Засаг төрийн хөдөлгөөн нь тодорхойгүй байдалд оруулдаг, энэ эргээд хөрөнгө оруулагчдыг хүлээзнэх байдал руу хандуулдаг. Үүнийг дагаад валютын ханш өсөх, инфляц өсөх гэх мэтчилэн сөрөг үр дагаврууд сонгуулийн жил гардаг нийтлэг жишиг бий. Харин Засгийн газрын оруулж ирсэн төсөвт ийм зүйлийг нэлээд сайн тооцжээ гэж бодсон. Ерөнхийдөө Засгийн газар анх төсөв боловсруулж байхдаа хэвийн, өөдрөг, эрсдэлтэй байх гээд хэд хэдэн хувилбараар боловсруулдаг л даа. Энэ бол харин өөдрөг бусаар боловсруулсан төсвөө өргөн барьсан байна гэж ойлгож байгаа. Бүх л сонгуулийн жилд сонгууль чиглэсэн амлалтууд нэлээд явдаг онцлогтой. Тухайлбал, 2016 оны сонгуулийн өмнө яг сонгууль руу чиглэсэн “Сайн” нэртэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж байлаа. Сонгууль руу чиглэсэн тодорхой мөнгөн амлалтууд амладаг зүйл ч байдаг. Энэ удаагийн өргөн төсвийн төсөл дээрээс ийм зүйлүүд харагдсангүй. Харин ч өмнөх жилийнхээ эхлүүлчихсэн байгаа бүх барилга байгууламжуудыг дуусгах чиглэлийг барьсан нь их зөв гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол сонгуулийн жилд баахан шав тавьсан ажил болчихдог. Тэр нь өөрөө баахан балгас болчихдог. Сонгуулийн үеэр амалсан баахан зурагтай, зураггүй мөрөөдлийн жагсаалт баталчихдаг ийм талтай байсан. Энэ жил бол тийм байдал хумигдсан байна. Миний хувьд сонгуулийн биш төсөв өргөн барьсан байна гэж үзэж байгаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь батлах УИХ-ын тогтоол гарсан. Үндсэн хуульд өөрчлөлт хийх ажлын эхнээс оролцоод явсан хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн хаврын чуулганаас эхлээд Үндсэн хуулийн асуудлыг парламент авч хэлэлцэж байна. Үндсэн хуулийн асуудал дээр бид аль болох олон талын оролцоог хангаж, тэдний саналыг авч нэгтгэх байдлыг чухалчилж байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудалд анхнаасаа хүч түрж, нэг талын хатуу байр сууринаас хандаагүй. Өнөөдөр ч энэ байр суурь дээрээ байгаа. Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлаад явна гэсэн бол бидэнд ард иргэдээс өгсөн эрх байна. Гэхдээ Үндсэн хууль өөрөө нийгмийн зөвшилцлийн баримт бичиг учраас бид Ерөнхийлөгчийн институцээс эхлээд парламентад суудалтай, суудалгүй бүх улс төрийн хүчин, иргэдийн саналыг авах чиглэл рүү олон талт ажил хийж байгаа.
Парламент бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард иргэдийн санал асуулгаар хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрээ гаргасан. Харамсалтай нь, Ерөнхийлөгч хориг тавьсаныг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбогдуулаад яах вэ гэдэг гарц шийдэл рүү явж байна. Одоогоор бид ер нь гуравдугаар хэлэлцүүлгээр нь парламент бүрэн эрхийнхээ хүрээнд батлаад явбал яасан юм бэ гэдэг байр сууринд хүрч холбогдох тогтоолын төслийг баталлаа. Ойрын өдрүүдэд парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг дээрээ цэг тавина гэж ойлгож байгаа. Хэрвээ хуульд заасан тооны гишүүдийн дэмжлэгийг авч чадвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдаад явна. Чадахгүй бол энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлого зогсоно гэж ойлгож байгаа.
-АН-ын зүгээс шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг өгөх гэсэн заалтуудыг оруулах санал тавьчихаад байгаа. Үүнийг нь хүлээн зөвшөөрвөл хэлэлцүүлэгт оролцоод явах юм билээ?
-Ардчилсан намын зүгээс тавьж байгаа гурван саналыг бид ирэх долоо хоногийн УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар авч хэлэлцэх бодолтой байна. Тэр хүртэл УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан зөвшилцөх ажлын хэсэг ажиллаж байгаа. Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлээд явдаг асуудал бол анх 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд байсан. Хэлэлцүүлгийн явцад нэг хүний саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд орж чадаагүй. Тэгэхээр энэ асуудлыг ярихад УИХ-ын гишүүд дэмжих болов уу гэж бодож байна. Нөгөө хоёр асуудал хэлэлцүүлгийн явцад яригдсан боловч яг санал хураалтад ороогүй асуудлууд л даа. Сонгодог парламентын засаглалтай байх чиглэл рүүгээ бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж байгаа тохиолдолд уг нь хийгдэх ёстой өөрчлөлт. Цаашдаа Монгол Улс сонгодог парламентын засаглалтай байна гэвэл Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог, сонгуулийнхаа системийг сонгодог хэлбэр рүүгээ аваад явах алхмаа хийх ёстой. Гэхдээ өнөөдөр нийгмийн сэтгэлзүй, парламентын танхим дахь гишүүдийн сэтгэл зүй энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх түвшинд байна уу гэдгийг хараахан хэлж мэдэхгүй байна. Парламентаас гарч байгаа шийдвэр сонгогчдын сэтгэл зүй, итгэл үнэмшил дээр тулгуурлах ёстой. Энэ утгаараа парламентын түвшинд уг хоёр асуудлаар хараахан нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байгаа учраас зөвшилцөх, ойлголцох шатандаа явж байна гэж хэлж болно.
-Үндсэн хууль гурван жил гаруй яригдлаа. Хэрэв УИХ гуравдугаар хэлэлцүүлгээр бүрэн эрхийнхээ хүрээнд баталлаа гэхэд Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах, Ерөнхийлөгч хориг тавих ямар нэг эрсдэл бий юу?
-Гурван парламент дамжиж яригдаж байгаа зүйл шүү дээ. Сүүлийн гурван жил олон ажлын хэсгүүд гарч зөвлөлдөх санал асуулга явуулж, ард иргэдээс санал авч бүх шатны хэлэлцүүлгүүд хийгдсэн. Түүний дагуу УИХ-ын 62 гишүүн санал нэгдэж өргөн барьсан төсөл. Цаашдаа парламентын шийдвэр дээр Ерөнхийлөгч хэрхэн хандах вэ гэдэг бол Ерөнхийлөгчийн институцийн бүрэн эрхийн асуудал.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Am murui bsn odoo buurunhii blj yahav 20 ond havchuulagdah arga l bodoj suuna daa.
МУУ ЖДУЧИН ХОЛ ОЧИЖ ГУЦ