Эмэгтэй тамирчдын жендэрийн эрх зөрчигдөж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

-Судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь "Спортын салбарт ажлын байрны бэлгийн дарамт байгаа" гэж хариулжээ-

Дэлхий ертөнц даяарчлагдаж байгаа энэ үед аливаа юмс төдийгүй хүний мөн чанар хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс ч хүний эрх, жендэрийн тэгш байдлын тухай сүүлийн 100 жил идэвхтэй ярих боллоо. Монгол Улсын хувьд 2015-2018 онд ажлын байрны дарамтад өртсөн тухай нийт 139 гомдол Хүний эрхийн үндэсний комисст иржээ. Үүнээс ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн 13 гомдлыг шалгаж, шийдвэрлэсэн байна. Үндэсний хэмжээнд нөхцөл байдал энэ төвшинд байгаа бол спортын салбарт, ялангуяа тус салбарт ажиллаж байгаа эмэгтэй ажилчин, тамирчдын хувьд эрэгтэйчүүдтэй адил тэгш боломжоор хангагдаж чадаж байна уу гэдгийг энэ удаад хөндөж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар гэхэд 42 байгууллага, холбоодыг харьяалалдаа багтаасан 700 гаруй ажилчинтай. Гэтэл тэдний 30 гаруй хувь нь эмэгтэй ажилчид байгаа бол удирдах албан тушаалтнаар эмэгтэй хүн ажилладаггүй гэсэн сонирхолтой тоог дэлгэе. Мөн тамирчид, дасгалжуулагч, мэргэжилтэн, албан хаагчдын дунд цомхон явуулсан “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” сэдэвт судалгаанд хамрагдсан хүмүүсийн талаас илүү хувь нь ажлын байрны бэлгийн дарамт спортын салбарт үйлдэгдэж байгаа гэж хариулжээ. Бэлгийн дарамтад өртсөнөө нуудаг болон өөрөө өртөөгүй ч өөр эмэгтэй тамирчин өртсөн гэдгийг сонссон  тамирчид судалгаанд оролцогчдын талаас илүү хувийг эзэлж байна. Нөхцөл байдал хэрхэн өдийг хүрсэн тухайд эхнээс нь асуудлыг сөхье.

ЭМЭГТЭЙ ТАМИРЧДАД ЭМЭГТЭЙ ДАСГАЛЖУУЛАГЧ ХЭРЭГТЭЙ

Юун түрүүнд эмэгтэй тамирчид нь эрэгтэй дасгалжуулагчаар жингээ хэмжүүлэхээс эхлээд хувийн хувцас солих өрөөний асуудал, эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс тусдаа ариун цэврийн өрөөтэй байх гэх мэт орчны асуудлыг эхнээс нь зөв төлөвлөж шийдээгүй байна. Дараачийн асуудал нь эмэгтэй дасгалжуулагч хангалтгүй, боломжит хүний нөөц нь шийдвэр гаргах төвшинд оролцдоггүй юм байна. Их, дээд сургуулиудад ихэвчлэн биеийн тамирын багш мэргэжлээр хүний нөөц бэлддэг. Харин мэргэжлийн дасгалжуулагч бэлдэхэд төдийлөн анхаардаггүй байна. Гэтэл биеийн тамирын багш, мэргэжлийн дасгалжуулагчийн хооронд ур чадварын ихээхэн зөрүү гардаг болохыг мэргэжлийн холбоодын төлөөлөл хэлэв. Жишээлбэл, манай улсад байт харвааны дасгалжуулагч бэлддэггүй. Багадаа 15 оюутантайгаар нэг анги бүрддэг учраас суралцах хүсэлтэй оюутны тоо хүрэлцдэггүй гэнэ. Бусад мэргэжлийн адилаар спортын салбарт ч бас сагс, гар бөмбөг гэх мэт түгээмэл мэргэжлүүдийг сонгох нь их байдгаас нарийн мэргэших хүний нөөц хомстолтой байна. Түүнчлэн удирдах ажилтнууд бүгдээрээ салбарынхаа талаар мэдлэг, туршлагатай хүмүүс байдаггүй нь тамирчдыг ойлгохгүй байх талтай гэнэ.

Тамирчид, тэр дундаа эмэгтэй тамирчдын жендэрийн эрх зөрчигдөхөд нөлөөлөх өөр нэг хүчин зүйл нь жендэрийн үзэл баримтлал, хандлагын талаар ойлголт сул байна. Жендэрийн үзэл баримтлал гэдгийг энгийнээр тайлбарлавал, эрэгтэй болон эмэгтэй хүний онцлог хэрэгцээг нь ажиллаж байгаа салбарын онцлог мөн чанарт нийцүүлэхийг хэлнэ. Үүгээр бол манай улсад жендэрийн үзэл баримтлал дээд хэмжээнд хөгжсөн, төгс ёс суртахуунтай салбарын жишээ алга.

 АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТАД ӨРТСӨН БОЛ НУУЦЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ

 Ажлын байрны дарамт, тэр дундаа бэлгийн дарамт учруулахад нөлөөлж байгаа далд хирнээ хамгийн том хүчин зүйл нь асуудлыг нууцалдаг байдал. Монгол хүний бүрэг, ичимхий зангаар тэр үү эсвэл “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх ардын үгэндээ ч байна уу. Асуудлыг ил гаргаж тавина гэдэг тун бэрх. Ил гаргаад, хохирогч тамирчин нь шүүхэд хандлаа ч эцсийн байдлаар шийдэгдэхгүй байсаар цаг хугацаа алдаж, сэтгэлийн дарамтад орох жишээний. 2011 онд хүндийн өргөлтийн тамирчин, 2012, 2015 онд буудлага, боксын эмэгтэй тамирчдаас бэлгийн дарамтад өртсөн. Сүүлийн тохиолдол одоо хүртэл шийдэгдээгүй гэдгийг спортын салбарын нэрээ нууцалсан удирдах ажилтан хэлж байна. Тэгвэл асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Үндэсний үйл ажиллагааны стратегид тусгагдсан бодлогын дөрвөн тэргүүлэх чиглэл бий. Нэгдүгээрт, хууль, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох. Хоёрдугаарт, сургалт, сурталчилгаа явуулах. Гуравдугаарт, хүний нөөцөөр хангах. Дөрөвдүгээрт, олон улсын байгууллагуудын гэрээ, конвенцтой ажлаа уялдуулах хэрэгтэй гэдгийг Биеийн тамир спортын газрын хэлтсийн дарга Н.Оюунбат хэлж байна. Мэдээж спортын салбарын бүх байгууллагын хамтын ажиллагаа болон бодит мэдээлэл шийдвэр гаргалтад нөлөөлөх нь тодорхой.

Бодит судалгааны үр дүнд гарсан зөвлөмжүүдийг ч хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Жишээлбэл, дасгалжуулагч, тамирчидтай гэрээ байгуулахдаа ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заалт оруулж өгөх хэрэгтэй гэдгийг холбогдох төрийн байгууллага, спортын холбоодын зүгээс дэмжиж байгаа юм. Олон жил ярьж шийдэгдэхгүй удсан дарамт, шахалтын асуудлаа шийдчихвэл тамирчдын хөгжил, дэвшлийн нэг тушаа алдуурахад ойрхон байна.

Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэгийн хэлж буйгаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдэд ч жендэрийн үзэл баримтлалын тухай боловсрол хэрэгтэй гэнэ. Тиймээс улсын хэмжээн дэх 8000 гаруй цэцэрлэгийн бүлгийн 100 орчим мянган хүүхэд болон эцэг, эхэд нь боловсрол олгох ажлыг зохион байгуулаад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Монголын эмэгтэйчүүдийн сан нь эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор жилд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт босгодог байна. Гэхдээ санхүүжилтийн 94 хувийг нь олон улсын байгууллагуудын төслийн шалгаруулалт болон хандиваар цуглуулдаг ажээ.

Спортын салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал ганц манай улсад яригдаж байгаа сэдэв биш юм.  Олон улсын байгууллагаас “Токио-2020” олимпод оролцох тамирчдын хүйсийн харьцааг тэнцүү буюу 50x50 байлгахыг дэлхийн улсуудад зөвлөж байгаа билээ. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, дарамтгүй ажлын байрны орчинг бүрдүүлэхийн тулд Биеийн тамир, спортын газар, Монголын эмэгтэйчүүдийн сан, Эмэгтэй удирдагч сан, спортын холбоодын хамтын ажиллагаанаас хамаарах юм. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top