БНХАУ-ын Засгийн газар өсвөр үеийнхний компьютер тоглоом тоглох хугацаанд хязгаарлалт тавьж буй талаараа мэдэгджээ.
Оройн 10.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд тавьж буй “хөл хорио”-ны хугацаанд насанд хүрээгүй хүмүүст компьютер тоглоом тоглохыг хориглосноос гадна оройн цагаар хагас цаг, амралтын өдрүүдэд гурваас дээшгүй цаг тоглох хязгаарлалт тавьжээ.
Тус улсын Засгийн газар өсвөр насныхны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэн, хүн амын ихэнх хэсэг, ялангуяа өсвөр насныхны дунд өргөн тархаад буй видео тоглоомд донтох эмгэгийн эсрэг энэхүү арга хэмжээг авч байна. Түүнчлэн 16 хүртэлх насны хүүхдүүд компьютер тоглоомд сард 200 хүртэл юань, 16-18 насныхан 400 хүртэл юань зарцуулж болох гэнэ.
Видео тоглоомын хоёр дахь том зах зээл болох Хятад улс энэ жил шинэ видео тоглоом гаргахыг хориглолоо. Энэ зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн компани энэхүү санаачилгыг дэмжжээ. Дэлхийн хамгийн том видео тоглоом үйлдвэрлэгч “Tencent” компани 12 нас хүрээгүй хэрэглэгчдээ өдөрт нэг цагаас илүү хугацаанд тоглохыг хориглосон бол 12-18 насныхан хоногт хоёр хүртэл цаг тоглох эрхтэй. Тус компани хэрэглэгчдийнхээ насыг бүртгэн авч, улсын бүртгэлээр давхар шалгадаг аж. Энэ систем зарим тохиолдолд үр дүнтэй бус тул тус улс нэгдсэн систем боловсруулж байгаа гэнэ.
2018 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага видео тоглоомоор хэт их тоглох нь сэтгэцийн эмгэг гэж хүлээн зөвшөөрчээ. Гэвч видео тоглоомын дэлхийн хамгийн том зах зээл болох АНУ-ын сэтгэл судлаачид энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ асуудлыг илүү нарийн судлах ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )