Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгаж эхэлсэн билээ. Тэдгээр шүүгчийн зургаа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогдсон гэдгийг өмнө нь бид мэдээлж байсан. Хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлээд байна.
Сануулахад, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн юм.
Түүнчлэн Салхитын мөнгөний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа дээрх шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн Гавьяат хуульч, Шүүхийн ерөнхий Зөвлөлийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ зарим эх сурвалж одоогоор хуульч Б.Сарантуяа болон түүний хүү нарыг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой гэх баримт байхгүй, нотлогдоогүй хэмээж байгаа билээ.
Нэмж тодруулахад, АТГ-т шалгагдаж буй шүүгчдийн хоёр нь хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож, шүүгчийн эрхийг нь эргэн сэргээхээр болсон тухай мэдээлэл бий. Харин үлдсэн шүүгч нарын тухайд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгагдаж байгаа тухай албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )