Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр товлоод байсан билээ.
Хорих ангид амь насаа алдсан шүүгч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрхуяг уг хуралд хохирогчоор оролцох ёстой байсан ч өөрийнхөө өмнөөс хууль ёсны төлөөлөгч болгон өмгөөлөгчөө оролцуулахаар болсон байдаг. Гэвч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орсон учир хурлыг хойшлуулах хүсэлт шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүх хурлыг тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулаад байсан юм. Хурал товлосон хугацаа өнгөрсөн бөгөөд өнөөдрийг хүртэл хөл хорионы дэглэм үргэлжилж байгаа тул шүүхээс өчигдөр хурлын товыг сунгах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, уг товлогдсон шүүх хуралдаанд оролцох өмгөөлөгч гадаадаас ирээгүй байгаа, хохирогч С.Төмөрхуяг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт дахин гаргасан зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 1-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Хэргийг сануулбал, өнгөрөгч 2019 оны хоёрдугаар сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг хорих ангиас гаргахаар очих үед Л.Бямбаа амиа алдсан байсан юм.
Энэхүү хэргээр тус хорих ангийн Г.Сүхболд нарын алба хаагчдыг эрүүгийн хэрэгт татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа ч ийнхүү онцгой дэглэмийн үе таарсан учир хойшлоод байгаа юм. Харин дээрх хуралд хохирогчоор оролцох ёстой С.Төмөрхуяг нь хэрэг шалгагдаж байх хугацаанд гэр бүлийн хамт Монгол Улсаас гарч, АНУ-ын хил дээр их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр саатуулагдсан байдаг. Улмаар түүнийг албадан авч ирэх ажиллагааг хуулийн байгууллагаас явуулж байгаа гэх мэдээлэл бий.
Ийнхүү гавьяат шүүгчийн амь насаа алдсан явдал, Салхитын мөнгөний ордын эзэмшигч нарын хэрэгтэй холбогддог. Энэ хэрэгт Л.Бямбаа агснаас гадна хамжигч, хамтрагчаар оролцсон гэх Н.Мөнгөншагай нарыг шүүх хурал өнгөрөгч долоо хоногт дуусаж, хоёр шүүгчийг цагаатган, хоёр шүүгчийн хэргийг тусгаарлаж, бусад шүүгдэгч нарт 2-5 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл ( 7 )
Нэрийг нь 2 янзаар өөрчилж бичсэн байх юм. Зориуд бичдэг юм болов уу эсвэл ийм хайхрамжгүй бичдэг юмуу.Төмөрбат биздээ. Юм бичих гэж байгаа бол зөв бичиж баймаар юм.
дээд шүүхэд байхдаа авилгал авдаг байсан нь үнэн шүү дээ
ТӨМӨРБАТ гэж зөв бичннч
Neg bolohoor Tomorhuyag,neg bolohoor Tomorbaatar ( garchig zorood bn uu) bi buruu haraad bn uu?
Ухэх мереерее ухэхгуй олон хунийг ажил амьдралгуй болгосон уг амиа хорлолгуй хэргээ хулээж гавьяатаа буцаан егч ялаа эдлэх байсан юм даа
Tomorbat bizdee ner ni andyyrch Dee
EH CHINI CHAMAIG AVARSAN BH AA.NOVSH MINI.