Алдарт зохиолчид онгодоо яаж оруулдаг вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 09

Түүхэнд үлдсэн агуу зохиолууд яаж бүтсэн юм бол? Набоков “Лолита”-гаа яаж бичсэн бэ? Агата Кристи яаж уран бүтээлээ туурвив? Хемингуй зохиолчийн өдрийн дэглэм ямар байв?

Ном зохиол туурвихын тулд онгод орох хэрэгтэй. Гэхдээ хэчнээн агуу зохиолч байлаа ч онгод гэдэг байнга ороод байдаг эд биш. Алдарт зохиолчид онгод нь орохгүй байсан ч зохиолоо бичих гэж янз бүрийн арга хэрэглэдэг байжээ.
 

1. Агата Кристи (1890–1976)


Хэдэн арван ном бичсэн хойноо ч тэр анкет бөглөхдөө Гэрийн эзэгтэй гэж бичдэг байлаа. Агатад тусгай өрөө байтугай бичгийн ширээ ч байсангүй. Унтлагын өрөөндөө, хүмүүс хоол идэж байхад гал тогоондоо зохиолоо бичдэг байв. Энэ үедээ тэр эргэн тойрон дахь бүх юмаа мартдаг байжээ.

2. Фрэнсис Скотт Фицжеральд (1896–1940)


Анхны романаа тэр цэргийн албанд байхдаа бичсэн. Халагдаад харьсан хойноо харин архи ууж, онгодоо дууддаг болжээ. Үд болтол унтаад босон, ажлаа хийж, шөнө нь цэнгээний газраар хэснэ. Онгод нь орохоор нэг удаадаа 8000 үг бичих тохиолдол ч байв. 8000 үг том өгүүллэгт элбэг хүрэх ч туужид арай багадна. Өдөрт 3-4 цаг эрүүл байхад хэцүү хүнд зохиол туурвих амаргүй байсан нь лавтай. Өөрөө ч архи уран бүтээлд нь их саад болсон гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

3. Гюстав Флобер (1821–1880)


“Мадам Бовари” зохиолоо бүтэн таван жил бичсэн. Ажил нь урагшлахгүй, долоо хоногт хоёр хуудас л гараасаа гаргана. Өглөө 10 цагт сэрээд орондоо захиа, сонин уншиж, тамхи татна. Дараа нь усанд орж, өглөө өдрийн хоолоо хамтад нь идээд зугаалгад гарна. Хамаатны охиндоо газар зүй, түүхийн хичээл заагаад оройны 7 цаг хүртэл ном уншина. Оройны хоол идсэнийхээ дараа шөнө номоо бичдэг байв.

4. Эрнест Хемингуэй (1899–1961)


Тэр бүхэл амьдралынхаа турш өглөө эрт босдог байсан. Шөнөжин уусан ч өглөө 6 цагт босоод үд хүртэл туурвидаг байв. Номын тавиурын дэргэд зогсоод бичгийн машинаа тачигнуулна. Өдөр бүр бичсэн үгээ тоолж, дараагийн төлөвлөгөөгөө гаргадаг байлаа.

5. Харүки Мүраками (1949)


Өглөө 4 цагт босон, зургаан цаг тасралтгүй ажилладаг. Дараа нь гүйж, усанд сэлэн, ном уншиж, хөгжим сонсдог. Орой 9 цагт унтана. Энэ дэглэмийн ачаар тэр уран бүтээл туурвихад хэрэгтэй транс байдалд орж чаддаг гэж ярьдаг байв. Нэг хэсэг тэр байнга суудлын ажил хийсээр таргалж, өдөрт 3 хайрцаг тамхи татдаг болсон байлаа. Хөдөө тосгонд нүүж очоод тамхиа хаяж, загас, ногоогоор хооллодог болон, спортоор хичээллэсэн юм. Дэглэмээ сахихын тулд Мүраками ирсэн бүх урилгад татгалзсан хариу өгдөг. Найз нөхөд нь гомдох нь мэдээж. “Уншигчдад миний ямар дэглэм барьдаг сонирхолтой биш. Тэд миний дараагийн бүтээл урьдхаасаа улам сайн байгаасай гэж л хүсдэг” гэж хэлж байв.

6. Владимир Набоков (1899–1977)


Жижигхэн карт дээр роман бичдэг байсан хүн. Үзэгдэл, үйл явдлаа жижиг картан дээр бичээд дараа нь нийлүүлж, ном болгодог байв. “Лолита” ч ингэж бүтсэн. Набоков шөнө машины арын суудал дээр бичих дуртай байлаа. Нас ахисан хойноо тэр үдээс хойш ажил хийхээ больж, зугаалдаг болсон юм.

7. Жейн Остин (1775–1817)


Остин ээж, эгч, найз бүсгүй, 3 зарцтайгаа хамт амьдардаг байв. Ганцаараа тайван байх үе түүнд бараг байсангүй. Зочныхоо өрөөнд жижигхэн цаасан дээр бичнэ. Хүн ирэх чимээ гарангуут цаасаа нуудаг, тун стресстэй нөхцөлд бичдэг байлаа.

8. Жорж Санд (1804–1876)


Нэг шөнө 20 хуудас бичдэг өдрийн дэглэмтэй байжээ. Багадаа өвчтэй эмээгээ харж, шөнө  унтсан хойно нь дуртай зүйлээ хийдэг байсан тул ийнхүү шөнөөр ажиллаад дасчихсан хэрэг. Шөнө зүүрмэглэн бичсэн зүйлээ өглөө санахгүй байх үе гарна. Эрэгтэй хувцас өмдөг, эр, эм ямар ч хүнтэй дурлалцдаг өвөрмөц хүн байсан ч кофе, архи, хар тамхи хэрэглэдэггүй байв.

9. Марк Твен (1835–1910)


“Том Сойерийн адал явдал”-ыг бичихдээ хөдөө ферм дээр тусгай өрөөнд ажилласан юм. Цонхоо нээгээд цааснуудаа тоосгонд хавчуулаад ажиллана. Хэн ч түүний ажлын өрөөнд ойртох ёсгүй. Хэрэг гарвал гэрийнхэн нь чимээ өгч, дууддаг байлаа. Үдэш нь тэр бичсэн зүйлээ гэрийнхэндээ уншиж өгдөг. Тасралтгүй тамхи татдаг. Ажлын үеэр нойргүй болж, найзуудаа дурсан санан гуниглахаараа шөнө оргилуун дарс ууна. Дараа нь шар айраг уудаг болж, удалгүй вискинд шилжсэн.

10. Жан-Поль Сартр (1905–1980)


Өглөө 3, орой 3 цаг ажилладаг. Үлдсэн хугацааг нь хоол, уулт, хар тамхи эзэлнэ. Энэ дэглэмээс болоод тэр сэтгэлийн өвчинтэй болж эхэлсэн юм. Өвчнөө сайхан амраад эдгээхийн оронд тэр хүчтэй эм ууж эхэлсэн. Эмээ хар кофегоор даруулж уудаг байсан тул бие нь яаж тэсэх вэ. Сартра өдөрт 2 хайрцаг тамхи, литр гаруй архи, виски, 200 мг амфетамин, цай, кофе, өөх тостой хоол байнга хэрэглэдэг байжээ.

11. Жорж Сименон (1903–1989)


Өнгөрсөн зууны хамгийн олон ном бичсэн зохиолчоор тодорсон  Сименон нийт 425 ном бичсэн. Үүнийхээ 200-г нь нууц нэрээр хэвлүүлсэн юм. Түүнд ажлын дэглэм гэж байгаагүй. Нэг суухаараа 3 цагт л 80 хуудас биччихнэ. Дараа нь зугаалж, унтан, кофе ууж, телевизор үзнэ. Роман бичиж эхлэхдээ дуустал нь нэг л хувцас өмсдөг заншилтай хүн байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top