БНСУ осолд орсон монгол иргэдэд 127 сая вонын нөхөн олговор олгожээ

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн хурлын танхимд “Амжилттай юу” мэдээллийн өдөрлөг энэ сарын 10-нд боллоо.

Өдөрлөгт БНСУ дахь “Yoksam Global Village” төвийн дарга Нихат, БНСУ-ын Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын зөвлөх гишүүн Аман Уллах, ХНХЯ-ны БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төвийн мэргэжилтэн Д.Үнэнбат, Сөүлийн их сургууль төгсөгч Б.Бодьгаль, М.Ёндонжамц, Б.Ариунзаяа нар оролцож  “БНСУ дахь визний төрөл болон визтэй холбоотой түгээмэл асуудал”, “Ажлын байранд гарсан осол эндэлтэй үед авах арга хэмжээ” /гэрээт болон хууль бус оршин суугч хамаардаг/.”Сургуулиас гадуурх гадны оюутнуудад олгодог тэтгэлгийн талаарх мэдээлэл, ажил хайх арга”, “ЕБС-ийн хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийн талаархи мэдээлэл, “Campus-ын амьдрал /кредит цуглууулах, хугацаандаа сургуулиа төгсөхийн тулд яах вэ”, Start Up” гарааны бизнесийн талаар тус тус илтгэл тавьж, туршлага мэдээллээ хуваалцаж өдөрлөгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Иргэдийн зүгээс хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудал нэн ялангуяа оюутнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, цагийн ажил хийж буй иргэд үйлдвэрийн осолд өртөн гэмтэж бэртэн улмаар хөдөлмөрийн чадвараа алдах, тахир дутуу болох харамсалтай тохиолдол үүсдэг ч визгүйн улмаас, даатгалд хэрхэн хандах арга замаа мэдэхгүй, өөрсдийн зардлаар эмнэлгийн төлбөрөө төлж ихээхэн хохирол амсдаг тухай дурьдаж байв. Тэгвэл визний ангиллаас үл хамааран хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаад үйлдвэрийн осолд өртвөл эмчилгээний G1 виз олгон, эмчилгээ дуусгавар болтол үйлдвэрийн ослын даатгалын газраас эмнэлгийн төлбөр зардлыг хариуцан нөхөн олговор авч болдог журмын талаар иргэд мэдэж авлаа.

Өдөрлөгт  хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ТББ-ынхан, D-10 визтэй сургууль төгсөгчид ч оролцов. Хэрэв үйлдвэрийн осол гэмтэлд орсон тохиолдолд хамгийн түрүүнд ХНХ-ын Үйлчилгээний төвдөө өргөдөл бичиж асуудлаа шийдвэрлүүлэх, даатгалд хамрах заалт мөн, бишийг тогтоолгох ангиллын талаар  дэлгэрэнгүй тайлбар хийв.

ХНХЯ-ны БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төвийн мэргэжилтэн Д.Үнэнбат "Тус улсад хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн хэн ч болов визтэй визгүйгээс үл шалтгаалан хөдөлмөрийн харилцаанд орж 1 цаг болоод гэмтсэн ч Ажил олгогч 100 хувь эрүүл мэндийн эмчилгээний даатгалыг төлдөг журамтай. Хэрэв Ажил олгогч ажилтнаа хохироож нөхөн олговрыг олон сараар төлөхгүй хуримтлуулах, эсвэл бүр төлөөгүй тохиолдолд БНСУ-ын Засгийн газрын байгууллага болон Хөдөлмөр Хамгааллын төвийн Үйлдвэрийн ослын даатгалын төвөөс албадан төлүүлдэг. Төлөх хувь хэмжээ нь тухайн үйлдвэрийн орчноос хамаарч 0,33-0,7 хувь байдаг байна. Хөдөлмөр Хамгааллын Төв байгууллага нь ажилтны эрх ашгийг 100 хувь хамгаалдаг байгууллага болохоос биш Цагаачлалын газарт хүмүүсийг барьж өгдөг газар биш. Тийм учраас та бүхэн Солонгосын Хөдөлмөр хамгааллын төвд хандах боломжтой. Манай байгууллагын эрхэм зорилго бол “Хөдөлмөр эрхлэгчийг аз жаргалтайгаар хөдөлмөрлөхөд нь тусална” гэсэн байдаг. Хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа бол Монгол Улсаас БНСУ-д ажиллаж буй Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйчилгээний төвд  хандах хэрэгтэй" гэж байлаа.

Иргэд  суугаа орны талаарх хууль тогтоомж, эрх үүргийн талаар үр өгөөжтэй мэдээллээр хангасанд талархал илэрхийлж байв. Мэргэжилтэн Д.Үнэнбат "Иргэдэд нэлээн сайн мэдээлэл өгсөн өдөрлөг боллоо. Сүүлийн хоёр жилийн түүвэр судалгаагаар гэнэтийн осол, үйлдвэрийн осолд өртсөн 205 өргөдөл гомдол манай төвд ирсэн. Манай төвийн мэргэжилтнүүд үйлдвэрийн осол мөн эсэхийг нотлох баримтыг үндэслэж тогтоодог. Samsung даатгалаас хянаж нөхөн олговорыг олгодог. Гэрээт болон хууль буусаар БНСУ-д ажиллаж буй иргэдийн гомдол өргөдлийг шийдвэрлүүлж хоёр жилийн хугацаанд гэхэд 127 сая гаруй вон олгуулсан. Визгүй буюу хууль бус оршин суугч иргэдэд 93 сая гаруй вонын нөхөн олговрыг нь олгуулжээ.  Ер нь ажилдаа ирж яваад, эсвэл ажил тарж яваад гэрийн зүг хүрэх маршрут,  хүүхдээ цэцэрлэг, сургуулиас авч байхдаа, эрүүл мэндийн байгууллагаар үйллүүлэхээр явахдаа  дугуй, машин болон зам тээврийн осол аваарьт өртсөн тохиолдолд ч  Үйлдвэрийн ослын даатгалыг заатыг нотолж  нөхөн олговор хүртэх болмж бий” гэлээ.

Мэдээллийг бэлтгэсэн Д.Догсом

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top