УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг батлах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал "Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ мартагнаад байна. Ялангуяа харилцаа холбооны салбар. Энэ салбар 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Таван жилийн хугацаанд 700 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Гэтэл бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн есдүгээр зүйлийн 9.3-т татвар авна, цэвэр ашгийн гурван хувьтай тэнцүү хэмжээтэй орлогыг бүрдүүлнэ гэдэг заалт орчихсон байна. Уг нь, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд 25 хувийн татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл 25 хувийн татвараа төлнө, дээр нь цэвэр ашгаасаа дахин гурван хувийг өгнө гэдэг нь хэр зөв юм. Үүнийг ямар үндэслэлээр оруулж ирэв. Энэ бол шууд хувийн өмч рүү халдаж байгаа хэрэг шүү. Энэ салбарыг хайрлах хэрэгтэй шүү" хэмээн зарчмын байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Б.Учрал гишүүний ярьж байгаа асуудалд шүүмжлэл бий. Өнөөдрийг хүртэл татван ногдох орлогын хоёр хувийг төвлөрүүлж ирсэн. Харин 2020 оноос татварт ногдох орлогоос биш татварын дараах ашгаас гурван хувь авахаар тооцож байна. Сангийн яам болон холбогдох байгууллагын гаргаж өгсөн судалгаагаар татварт ногдох орлогоос нь тооцоход толгой дөрвөн аж ахуйн нэгжийг авч үзэхэд улсын төсөвт 2.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан. Харин татварын дараах ашгаас нь авахаар 1.7 тэрбум төгрөг болж буурч байгаа юм. Ийм тооцоог танилцуулж байсан. Өнөөдөр байдлаар 11 сум шилэн кабельд холбогдоогүй. Энэ сумдыг холбоход 9.8 тэрбум төгрөг шаардлагатай. Шилэн кабельд холбосны дараа ийм орчин бүрдэх юм билээ" хэмээн хариуллаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Н.Учрал гишүүн ээ, одоо байгаа хуулиараа орлогын хоёр хувь. Үндсэндээ сангийн мөнгө хоёр дахин багасна. Тэр хэмжээгээр үүрэн телефоны үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн ачаалал хоёр дахин буурна гэсэн үг. Засгийн газраас оруулж ирж байгаа санал нь ачааллыг бууруулж байгаа юм. Бүр мөсөн зогсоох гэхээр болохгүй байна. Учир нь, Монгол Улсын нийт баг, сумдын 48 хувь нь хоёр жи хэвээрээ л байна. Үүнийг сайжруулах ёстой. Гар утасны сүлжээ хүрээгүй газарт дахин дамжуулалт тавих шаардлагатай. Гэхдээ үүрэн телефонуудад очдог ачааллыг хуулийн өөрчлөлтөөр буулгаж өгч байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилдээ тааламжтай шийдвэр гаргаж өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Тэг болгож арай чадахгүй байна. Учир нь, бодитой шаардлага байгаад байна" гэж нэмэлт мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )