УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар болж байна. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг нь болсон, болоогүй гэдэг зүйл их яригддаг. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Үндсэн хууль бол манай эрх зүйт төрийн хамгийн том тулгуур бичиг баримт. Үүндээ бид төрийн эрх мэдлийн хуваарилалт, аливаа нэг онцгой субьектийн эрх, үүрэг гээд бүх зарчмаа тусгаж явдаг. Тийм болохоор үүнд өөрчлөлт оруулахын тулд бүх талын саналыг авч, зөвшилцөх ёстой. Энэ утгаараа сөрөг хүчин болоод Ерөнхийлөгчийн байр суурийг сонсох нь зөв. Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг өнөөдөр ярилцаад маргааш хийдэг зүйл биш. Монгол Улс шинэ нийгэмд шилжээд 30-аад жилийн нүүрийг үзэж байна шүү дээ. Тэгэхээр 1992 оны Үндсэн хуульд цаг үеэ дагаад өөрчлөлт хийх ёстой юу гэвэл тийм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан. Өргөн барьсан хүрээнд нэлээд асуудал тусгагдсан гэж үзэж байгаа. Нийгмийн баялаг, эрх мэдлийн хуваарилалтийн асуудал байна. Дээр нь УИХ-ыг чадавхижуулах, УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах, шүүхийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх гэх мэт олон зүйл эерэгээр туссан.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд дууссан. Хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа бидэнд хоёр зам байсан. Гуравдугаар хэлэлцүүлэгт орох уу, Ард нийтийн санал асуулга явуулах гэдэг ийм л зүйл. Ингээд Ард нийтийн санал асуулга явуулахаар болсон боловч Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хориг тавьсан. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүд хүлээж аваагүй бол Ард нийтийн санал асуулга явуулах байлаа. Миний хувьд Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв гэсэн байр суурьтай байсан. Гэвч парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор одоо гуравдугаар хэлэлцүүлгээр 57 гишүүн санал өгснөөр батлах, баталсан тохиолдолд Ерөнхийлөгч ёсчлох гэсэн ийм л арга зам бидэнд үлдээд байна. Ерөнхийлөгч ёсчлохгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжихгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиараа тийм юм.
-Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдад өөрөө танхимаа бүрдүүлэх эрхийг өгөх, УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэсэн гурван санал оруулсан. Үүнийг дэмжвэл хэлэлцүүлэгт оролцоод явна гээд байгаа?
-Энэ асуудал хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд ч яригдаж л байсан. Бидний хувьд бол байнга л саналаа өгөөч гэдгээ илэрхийлж байсан шүү дээ. Гуравдугаар хэлэлцүүлгийн шатанд АН-ынхан гурван санал нэмж оруулах бодолтой байсан юм шиг байна лээ. Гэхдээ хэрэв хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтээс асуугаад дэмжлэг авсан бол санал нэмж оруулах боломжгүй болох байсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар АН санал өгөх боломж, гарц нээгдэж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг өөрөө томилдог, чөлөөлдөг, огцруулдаг энэ саналыг авъя гэж тохирсон. Ардчилсан парламентат ёс тогтсон, парламентын засаглалтай улс оронд амин чухал асуудал бол энэ өөрөө мөнөөс мөн. Гэхдээ бидэнд бас болгоомжлол байсан. Ямар Ерөнхий сайдтай болох вэ гэдэг. Ерөнхий сайд гэдэг чинь хувь хүн. Улс орны эрх ашиг ярьж байгаа болохоор хувь хүний асуудал чухал шүү дээ.
-Одоо бол Засгийн газрын гишүүнийг УИХ-аар томилдог. Ингэхээр дагаад улс төрийн элдэв бүлэг, фракцын хүн “шахах” байдал анзаарагдах юм?
-Сайн, сөрөг олон л тал байна. Ер нь бол Монгол Улс парламентын засаглалтай гэж явдаг. Парламентын тогтолцоотой улс оронд парламентынхаа эрх мэдлийг хэтэрхий хумиад байдаг асуудал бас байж болохгүй л дээ. Энэ асуудал УИХ-ын хэлэлцүүлгээр шийдэгдэх байх. Дараагийн асуудал бол Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох. Судлаачдын байр суурь, олон улсын жишгийг хараад байхад бол ийм практик байдаг. УИХ-ын 76 гишүүн ард түмнийг төлөөлөөд тойргоос сонгогдсон болохоор Ерөнхийлөгчийг сонгож болох эрх мэдэл л дээ. Зарим нэг судлаачид жишээ нь, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар орсон нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр Ерөнхийлөгчийг сонговол яасан юм бэ гэсэн санал хэлж байгаа. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлэг дээр хэлэлцээд хүлээж аваагүй. Дээр нь одоогийн Ерөнхийлөгч маань эсрэг байр суурьтай байгаа юм байна лээ. Тэгэхээр энэ асуудал орохгүй байх.
-Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ёсчлох болохоор болгоомжлоод байна уу?
-Ер нь бол бид одоогийн Ерөнхийлөгчийн байр сууринаас эсрэг байр суурьтай санал оруулна гэдэг их төвөгтэй. Яагаад гэхээр хуулиараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ёсчилж, хэрэгжүүлэх хамгийн том субьект нь Ерөнхийлөгч шүү дээ. Яахав, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудал хөндөгдөх юм бол нэг удаа боломж олгодог олон улсын практик байдаг юм билээ. Жишээ нь, Ерөнхийлөгчийг парламентаас сонголоо гэдэг асуудал орох юм бол бид 2025 оноос хуулийг хэрэгжүүлнэ. Нэг удаа дахин сонгогдох боломжийг нээж өгч байгаа хэрэг. Сонгуулийн холимог тогтолцоо юм уу УИХ-ын гишүүдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудал байх юм бол 2024 оноос хэрэгжүүлнэ гэсэн ийм зүйл орно. Гэхдээ нэг удаа боломж олголоо гэж бодоод явцуу эрх ашгаар хандаж болохгүй. Үндсэн хууль гэдэг чинь хэдэн зуун жил хэрэглэгдээд явдаг зүйл. 1992 оны Үндсэн хуулийг муу хууль гэж хэн ч хэлэхгүй. Бид дахиад сайжруулъя. Эцсийн эцэст энэ ард түмэнд үйлчилдэг, ард түмний ажил амьдралыг сайжруулдаг хууль байгаасай л гэж бодож байгаа шүү дээ.
-Хэрвээ Ард нийтийн санал асуулга явуулаад дэмжүүлчихсэн байсан бол Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц нөлөөлж чадахгүй байсан байх?
-Тэгсэн бол Ерөнхийлөгчөөс хамааралгүй шахуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаад явах байсан. Ер нь ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчөөр Үндсэн хуулиа батлуулах уу эсвэл Ерөнхийлөгчийг сонгодог ард түмнээр сонгуулах уу гэсэн сонголт байсан шүү дээ. Гэхдээ чуулганаар гуравдугаар хэлэлцүүлэг явж эцсийн шийдвэр гараагүй байна. Гуравдахь асуудал бол сонгуулийн холимог тогтолцоо буюу мажоритар, пропорционал байвал яасан юм бэ гэж байгаа. Энэ өөрөө бас их төвөгтэй. 2012 оны сонгуулиар жагсаалтаар УИХ-ын гишүүд гарч ирж байсан. Харин сонгуулийн тэр хэлбэрийг иргэдийн сонгох эрхэнд халдсан байна гээд Үндсэн хуулийн цэц хүчингүй болгочихсон байгаа. Ийм учраас 2016 оны сонгууль мажоритар хэлбэрээр явсан. Миний хувьд энэ холимог тогтолцоог дэмждэггүй. Намын нэрээр сонгогдож гарч ирнэ гэсэн асуудлыг дэмжихгүй. Дээр нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байгаа.
-Үндсэн хуульд оруулах саналуудыг УИХ-ын 57 гишүүний саналаар дэмжих ёстой. Тантай адил зарим саналыг дэмжихгүй хэдэн хүн байхад л АН-ын саналууд унах нь байна шүү дээ?
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэг дөрөвний гурваар буюу 57 гишүүн санал өгч байж дэмжинэ гэсэн үг.
-УИХ Үндсэн хуулийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь батлахаар болж байна шүү дээ. Тэгэхээр гадуур нэг нам үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуулийг батлах нь буруу гэсэн бас гараад ирлээ?
-Одоогийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийг бол би шүүх засаглал дээр нь түлхүү дэмжиж байсан. Монгол Улсад өнөөдөр ус, агаар мэт дутагдаж байгаа зүйл бол шударга ёс. Бид “саарал жагсаалт”-д орлоо гээд ярьж байна. Энэ сахилга хариуцлагын асуудал хаана очиж гацаад байна гэвэл хуулийн байгууллага дээр л гацаж байгаа шүү дээ. Ялангуяа шүүх, прокурор ажлаа сайн хийх хэрэгтэй. Өнчин ишиг авсан хүний асуудлыг 10 цагийн дотор шийддэг, хэдэн их наядаар нь хохирол учруулсан албан тушаалтны асуудлыг 10 жил хэлэлцдэг байж болохгүй. Ийм учраас би бол шүүх засаглал дээр таван санал оруулсан. Зарим санал нь дэмжигдээгүй.
-Жишээ нь?
-Анхан шатны шүүхийн шүүгчийг ард түмнээс сонгочихъё гэсэн. Хэн шударга байна тэр хүнийг шүүгчээр томилно. Давах шатны шүүгчийг анхан шатны шүүгчээр олон жил ажилласан хүмүүсээс ажлын туршлагыг нь харгалзаад сонгоё. Хяналтын шатны шүүхийн шүүгчийг бол давахаасаа сонгогдоод явдаг ийм шатлан дэвшдэг зарчимтай байя. Олон жил ажилласан практик туршлагатай хүмүүсээр хууль шүүхийн байгууллагыг бэхжүүлэх ёстой гэсэн саналтай байсан.
-Энэ санал дэмжигдсэн бил үү?
-Зарим нь дэмжигдсэн. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд аливаа нэгэн албан тушаалтан эрх ашгаа хамгаалсан нэг ширхэг ч заалт байхгүй. Жишээ нь, УИХ-ын гишүүний гэм буруутай гэсэн шүүхийн эцсийн шийдвэр гарвал шууд эргүүлэн татдаг. Энэ заалт байгаа. Дээр нь нэмээд Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэх юм бол эргүүлэн татах заалтыг оруулж байгаа. Хууль батлах үйл ажиллагааг жишээ нь харъя л даа. Одоо бол 76 гишүүний 39-өөр ирц бүрдээд 20 гишүүний олонхоор хууль батлах боломж байна шүү дээ. Иргэд ч чанаргүй хууль гарч байна, 20 гишүүн хууль баталчихлаа гэж шүүмжилдэг. Энэ асуудлыг байхгүй болгоно. Одоо хэлэлцэж байгаа төсөлд УИХ-ын нийт гишүүдийн олонхоор буюу 39 гишүүн зөвшөөрвөл хууль батлах заалт орсон. 39 буюу түүнээс дээш гэж ойлгох хэрэгтэй. Дээр нь УИХ-ын ээлжит чуулган 50 хоног хуралддаг байсныг 75 хоног болгож байгаа. Мөн байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гээд бид ярьдаг. Одоо гэхэд л Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр бөөн асуудал ярьж байна. Тэгэхээр байгалийн баялаг ард түмний мэдэлд байна уу, үгүй юу гэдгийг энэ процессуудаас харах хэрэгтэй. Нэмэлт, өөрчлөлтөөр юу орж байгаа вэ гэхээр Баялгийн сан байгуулъя л гэж байгаа. Бид байгалийн баялагтай гэж 30-аад жил ярилаа. Яг байгалийн баялгаас ямар өгөөж хүртээд, улс орон маань яаж хөгжсөн юм гэдгийг хэн бүхнээс асуухаар юм хэлдэггүй шүү дээ. Байгалийн баялагтай, ашиглаж байгаа л гэдэг. Тэгэхээр Баялгийн сан байгуулна. Ялангуяа дэлхийд томд тооцогдож байгаа ордуудын өгөөжийг баялгийн сандаа хуримтлуулъя л даа. Бидний ирээдүй болсон үр, хүүхдүүддээ мөнгөн хуримтлал босгож өгье л гэж байгаа юм. Ийм зүйлүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орсон учраас би бол ямарваа нэг албан тушаалтны эрх ашгийг хамгаалсан өөрчлөлт гэж огтхон ч харахгүй байгаа. Явцуу байдлаар энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандсан УИХ-ын гишүүн байхгүй гэж бодож байна. Яагаад гэхээр бид нийгмийн тулгуур бичиг баримтыг гаргаж байгаа учраас энд хувь гишүүний санал, үзэл бодол, явцуу эрх ашиг гэж байхгүй шүү дээ.
-УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Тэгэхээр зарим УИХ-ын гишүүд төсөв хуваарилахдаа аймаг, дүүргүүдэд ялгавартай хандлаа гээд байгаа. Та төсвийг ерөнхий дүнгээр нь ямар болсон гэж харж байна?
-Төсөв дээр хүмүүсийн шүүмжлээд байгаа зүйлд үнэн ч юм бий, худлаа ч юм байгаа. Улсын төсөв гэдэг бол орж ирж байгаа мөнгөн хуримтлал шүү дээ. Түүнийгээ буцаагаад зарлагадаж байгаа юм. Ер нь макро түвшинд улсын төсвийг төсөвлөх нь зүйтэй гээд ард түмний хэлээд байгаатай санал нэгтэй байгаа. Гэхдээ үнэхээр сум орон нутгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас бас болохгүй байна. Сум, багт бидний ах дүүс, найз нөхөд амьдарч байгаа шүү дээ. Тэр хүн амьдарч байгаа газарт нийгмийн асуудлыг нь шийдэж өгөхгүй гэх эрх байхгүй. Жишээ нь, хазайгаад нурах гэж байгаа хүүхдүүдийн сурч боловсрох, аюулгүй байдал нь хангагдаагүй тийм сургуульд та сурах ёстой, нурсан хойно нь сургууль барьж өгнө гэж болохгүй биз дээ. Ийм л зүйл. Тухайлбал, 2500 хүүхэдтэй хоёр сургууль байна. Спортын заалгүй л байж байгаа шүү дээ.
-Танай тойрог дээр үү?
-Тийм. Тэгэхээр чинь бид нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ёстой, хүүхэд эрүүл өсч бойжих ёстой гэж ярьдаг мөртлөө спортын заалгүй сургуулийн хүүхдүүд өвөл хаана биеийн тамираар хичээллэх вэ. Мөн эмнэлэг байна. Тааз нь нураад уначихсан, өвөлдөө эсгий гутал, үстэй дээлтэй хэвтдэг эмнэлэгтэй сумын эмнэлгийг барьж өгөхгүй гээд яах юм. Ийм л төвөгтэй асуудал байгаа учраас иргэд рүү чиглэсэн төсөв боллоо гэж ойлгож болно.
-Төсвийн алдагдлыг хоёр их наядаар тооцсон байна лээ?
-Нийт төсөв маань 12.9 их наяд. Ер нь бид арваад их наядын төсөвтэй байсан. Төсөв тэлж байна гэдэг чинь нөгөө талаараа эдийн засаг тэлээд байгаа юм. Дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их олон бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Энэ бүтээн байгуулалтуудыг нийгмийн хөгжлийг л бодож хийж байгаа шүү дээ. Хоёр их наядын алдагдлыг бууруулах тал дээр цаашдаа УИХ, Засгийн газар ажиллах нь зүйтэй. Мөн гадаад өр нэмэхгүй байх тал дээр ажиллах хэрэгтэй.
-АН-ынхан “сонгуулийн төсөв” боллоо гээд шүүмжлээд байгаа. Харахад цалин, тэтгэвэр нэмэх, МСҮТ-д суралцагчдын тэтгэмжийг сарын 200 мянга болгоно гэх мэт нэлээд юм байгаад байна?
-Иргэдийнхээ нийгмийн байдлыг дээрдүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр бид ажиллахгүй байж болохгүй шүү дээ. МСҮТ-ийн суралцагчдад өгдөг 100 мянган төгрөгийг 200 мянга болгож байгааг хүмүүс эсэргүүцэхгүй байх. Өнөөдөр бараг бүгд бакалаврийн дипломтой болсон шүү дээ. Бакалавртай хүн тоосго өрж өгөхгүй байна шүү дээ. Монголд ус, агаар шиг дутагдаж байгаа зүйл нэгдүгээрт, шударга ёс байдаг байх. Хоёрдугаарт, мэргэжилтэй хөдөлмөрийн талбар дээр ажилладаг боловсон хүчин юм. МСҮТ-ийг цаашдаа бүр чадавхижуулах хэрэгтэй. Жишээ нь, Германд бол Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөөд гарсан хүн өндөр цалинтай ажил хийдэг. Харин бид орхигдуулснаас болоод өнөөдөр хаалга засчих мужаан ч үгүй болсон байна. Дээд боловсрол хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ бас мэргэжилтэй ажилчин Монгол Улсын хөгжлийг чирч явна шүү дээ. Энэ дээр хөрөнгө оруулалт хийж байгааг буруутгах арга байхгүй. Боловсон хүчний зохистой харьцааг бид тэнцвэржүүлж өгөхгүй бол нэг талд баахан дарга байдаг, нөгөө талдаа алх, хүрз барьдаг ажилчинтай байхгүй бол улс хөгжихгүй шүү дээ.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913
Төрийн байгууллагын энгийн албан хаагчтай зандарч харьцдаг, дээрэлхүү, ёс зүйгүй бүдүүлэг хүн байна лээ.
holimog togtoltsoogoor ene nohor garahguigee medej bgaa l daa
xolimog togtoltsoog demjij boloxgui yagaad gevel naaduul chin jagsaaltaar ergej orj irex gej bna tegeed JDU-geej mongoo osgox ni...