Үндсэн хуулийн өөрчлөлтийг 100 хувийн саналаар БАТАЛЛАА

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон 63 гишүүнээс 63 гишүүний буюу 100 хувийн саналаар баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь баталъя гэсэн саналаар илээр гар өргөж, санал хураалт явуулан санал өгсөн гишүүдийн нэрсийг УИХ-ын дарга Г.Занданшатар дуудан зарласан юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах санал хураалтад МАН-ын гишүүдээс гадна бие даагч С.Жавхлан, ШИНЭ намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ 2019 оны наймдугаар сарын 28, 29, есдүгээр сарын 4, 5, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, хэлэлцүүлгийг амжилттай хийж дуусгасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Улмаар 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс УИХ-ын 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 2019 оны аравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авах нь зүйтэй гэж үзэж хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн 19 зүйл, 35 заалт бүхий төслийг 3 дахь хэлэлцүүлэгт оруулах хууль зүйн үр дагавар үүссэн. Ингэснээр УИХ төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж, АН-аас ирүүлсэн “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зэрэг саналыг зөвшилцөн оруулж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад өрнөсөн сонирхолтой заалтаас тоймлон хүргэе. Тухайлбал, АН-аас санал болгосон "УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө" гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 59.4 хувийн саналаар дэмжигдсэнгүй санал дэмжигдсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид ард түмнийхээ сонгох эрхэд халдаж байна. Сонгуульд 30 нам өрсөлдөнө гэж бодъё. 600 хүний нэртэй саналын хуудас гэж байх уу гэх зэргээр олон юм гарч ирнэ. Олон түмнээрээ шүүлгэсэн нь дээр. Дураараа дургидаг нөхөд намын жагсаалтаар ороод ирнэ. Мань мэтэд намын жагсаалтаар орж ирэх боломж гарах байх. Гэхдээ би хүсэхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Х.Баделхан “УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл мөн. Үндсэн хуулийн энэ заалт хөндөгдөөгүй гэж ойлголоо. Тэгэхээр манай аймгаас гурван гишүүн сонгогддог. 1924 онд гурван төлөөлөл сууж байсан. 2012 онд сонгуулийг холимог тогтолцоогоор явахад хоёр гишүүн сонгогдож байсан. Өөрөөр хэлбэл, үндэсний цөөнхийн төлөөлөл бид холимог тогтолцоог дэмжихгүй” гэв. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш олонхын түрэмгийллээр явж ирсэн. Яг одоо бол олонхынхоо хүслээр Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өндөрлөх гэж байгаа нь харамсалтай. Улс төрийн бусад намтай зөвшилцөнө гэснээ үгүйсгэлээ. Үндэсний хэмжээний ийм том намынхан “ар хударгаар хуурдаг”-ийг харлаа. Өнөөдөр бид зөвшилцөнө гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Сонгогчдын саналыг авахын тулд ирэх оны төсвийг баталсан. Өнөөдрийг хүртэл хамт байсан зөвшилцлийн ажлын хэсгийнхэнд. Бидэнд хийх ажил үлдээгүй учраас хуралдааныг орхилоо” хэмээснээр АН-ын зөвлөлийн гишүүд хуралдааныг орхисон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ub irged(66.181.161.126) 2019 оны 11 сарын 14

okay

1  |  0
zochin(202.126.89.40) 2019 оны 11 сарын 14

Uyn gochigdorj ve yrdah hugshchvvlee yay gej bj

0  |  0
Top