Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг баталсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг бүхэлд нь баталлаа. Ирэх оны төсвийн төсөлд Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс 1.3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоолсон ч Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарснаар татварыг зогсоогоод байна. Дээрх орлогыг хэрхэн, яаж бүрдүүлэх асуудалд тайлбар өгнө үү?
-Ашигт малтмалын тухай хуулиа дараа нь хэлэлцье гээд орхичихсон. Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийн орлогыг хэрхэн бүрдүүлэхийг тодорхой болгосны дараа төсвөө батлах хэрэгтэй гэж удаа дараа хэлсэн ч төсвөө баталчихлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд энэ хуулийн хэлэлцүүлгийг хийчихсэн. Тэгэхээр эцсийн хэлэлцүүлгээр нэг талд нь гаргах байх гэж бодож байна.
-Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийн тухай хуулийг өөрчлөх асуудалд санал нэгдэж чадаагүй болохоор гацсан гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Засгийн газрын байр суурь зөрсөн зүйл байхгүй. Засгийн газрын хуралдааны үеэр ч энэ талаар ярьсан. Энэ байр сууриа би чуулганы танхимд албан ёсоор илэрхийлсэн. УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарвал Засгийн газар байр сууриа албан бичгээр өгнө гэсэн заалт байхгүй. Тиймээс чуулганы хуралдаанд албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Өмнөх хуралдаанд ч албан ёсны тайлбараа өгсөн.
-Цаашид ямар нэгэн сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй биш гэж үү?
-Улсын төсвийн орлого тодорхой байх ёстой. Хууль, эрх зүйн орчин нь тодорхой байх учиртай ч УИХ үүнийг хийсэнгүй, орхиод баталчихлаа. Гэхдээ төсвөө энэ чигээр нь батлахаас өөр аргагүй. Хэрэв өөрөөр баталсан бол УИХ хууль зөрчих байлаа.
-Тэгэхээр ямар ч сонголтгүй болоод л энэ хэвээр нь батлахаас өөр аргагүй байсан гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, сонголтгүй байсан учраас төсвөө хуулийн хугацаандаа баталсан гэж ойлгож болно. Би хувьдаа бүх тоо баримтыг үнэнээр нь хэлж байгаа. Зарим хүн шиг бууруулж хэлээгүй. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарснаас хойш Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийн төлбөр энэ сарын 1-нээс орохоо больчихсон. Ирэх жил ч орж ирэхгүй гэсэн үг.
Гэтэл Монгол Улсын 2020 оны төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийн орлогоор 1.3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоолсон байсан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс болоод энэ мөнгө орохооргүй болсон. Ер нь, Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр чинь өөрөө татвар шүү дээ. УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн хүртэл борлуулалтын орлого мэтээр мэдэн будилж яриад байна. Гэтэл Татварын ерөнхий хуульд татвар гэж юу болохыг бүрэн дүүрэн тодорхойлчихсон байдаг.
-Парламент Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг 15 хоногийн дотор хэлэлцэх хуультай. Хуулийн хугацаа дуусахаас өмнө ямар нэгэн шийдэлд хүрч чадах эсэхэд ямар байр суурьтай байна вэ?
-Ямар ч байсан төсвөө батлахаас өмнө хуулиа тодорхой болгох ёстой байсан. Үүнийг би олон удаа хэлсэн. Цаашид Ашигт малтмалын тухай хуулиа Засгийн газраас оруулж ирсэн хувилбараар ойрын үед батлахаас өөр гарцгүй.
-Ингэхэд ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмнэ. Иргэд цалингийнхаа бараг 30 хувийг татварт өгөхөөр болоод байна. Үүнд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна шүү дээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүйгээр өөр ямар нэгэн гарц, гаргалгаа байгаагаа хэрэг үү?
-Тэтгэврийн даатгалын сан хуримтлалаар бий болдог. Өнөөдрийн байдлаар иргэд өөрсдийн авч буй цалингийнхаа 25 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл төлдөг. Гэтэл тэтгэвэрт гарахдаа авч байсан цалингийнхаа бараг 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авдаг. Энэ дундаас зөрүү гараад байгаа биз. Энэ нь Тэтгэврийн даатгалын сан дутагдалтай байна л гэсэн үг.
Нөгөө талаас 10 жилийн өмнөх цалингийн дундаж хэмжээ өнөөгийнхөөс тэс өөр болсон. Тэтгэврийн дундаж хэмжээг өнөөдрийнхтэй харьцуулахад хамаагүй өндөр болчихсон. Үүнээс ч зөрүү гарна. Тиймээс цаашдаа энэ санг ямар байдлаар бүрдүүлэх вэ гэдгийг олон талаас нь ярьж тооцох шаардлагатай болоод байгаа юм. Гэсэн ч улсын төсвийн орлого, зарлагад нөлөөлөх замаар Нийгмийн даатгалын санг өөрчилнө гэсэн ойлголт байхгүй.
Тиймээс эдгээр сан өөрөө өөрийгөө бүрэн даагаад явдаг байх ёстой. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар Тэтгэврийн даатгалын сан 605 тэрбумын алдагдалтай байна. Үүний зөрүүг улсын төсвөөс олгодог. Тиймээс цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн энэ салбарт маш сайн судалгаа тооцооны үндсэн дээр гаргаж ирээсэй гэж хүсэж байна.
-Гэхдээ зарим гишүүн хуулиа өөрчлөх боломжтой гэж тайлбарлаж байна. Нийгмийн даатгалын тухай хуулиа өөрчлөөд нийгмийн даатгалын шимтгэлээ нэмэгдүүлэхийг болиулчихвал ОУВС-аас аливаа сөрөг дайралт ирэх эрсдэл бий юу?
-Өнгөрсөн 2017 онд бид төлөх ёстой бондуудын өр төлбөрөө барагдуулж чадахгүй, улс орон даяар хандив цуглуулж байлаа. Ийм хүнд хэцүү үедээ туслаач гэж ОУВС-аас хүссэн. Тэдний зүгээс бидэнд “Ийм бодлогын арга хэмжээ авах шаардлагатай, тохирвол хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой” гэж хэлсэн. Түүнийг нь хүлээн зөвшөөрөөд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингэж хүнтэй тохирчхоод буцах муухай биз дээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайд шууд утгаар нь 25 хувь төлөөд 55 хувь тэтгэвэр авдаг гэж хэлж болохгүй дээ.эрчүүд 25_35 жил даатгал төлөөд 6 жил л тэтгэвэр авч байгаа ш дээ.Тэгэхээр даатгалын мөнгийг зөв зарцуулах дээр анхаарах ёстой
Тэтгэвэр нэмэх хэрэгтэй авдаг татвараа авч чадахгуй байж татвар нэмэх хэрэггуй