1906 оны арваннэгдүгээр сарын 17-ны энэ өдөр Монголчуудын оюун санааны бэлгэ тэмдэг, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд мэндэлжээ.
Их зохиолч Д.Нацагдорж нь тухайн үедээ бичгийн өндөр боловсролтой байсан учир Оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг орос, герман хэлнээс анх орчуулж байв.
Түүний яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолууд өдгөө уншигчид дунд ихээхэн түгэн дэлгэрч, ямагт зайлшгүй унших ёстой сонгодог бүтээлүүдийн дунд багтсаар байгаа юм.
ЯНАГ
Уул ус нь тэгш бол
Жигүүртэн донгодох нь яруу
Уг сэтгэл нэг бол
Үг хэл найрамдуу
Сэтгэлийн амраг гэгч нь
Шижир алтнаас үнэтэй юм
Шилж түүнийг авах нь
Хямдгүй хэрэг дээ
Үнэн сэтгэл гэгч
Энэхүү ертөнцөд ховор юм
Учирч түүнийг олох нь
Орчлон дээр чухаг юм
Нийлсэн хоёр сэтгэл нь
Мянган лан алт шиг
Зайгүй хатуу нягтад нь
Зүүний үзүүр орохгүй
Янаг амраг гэгч нь
Эмзэг гэдэг нь яах аргагүй
Яльгүй бяцхан хөндвөл
Эмтэрч эвдрэх нь хялбархан
ОД
Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаа оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв.
Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?
Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм.
Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?
Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна.
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи.
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов.
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )