Хүний амьдралд хэн нэгнийг санаж, бэтгэрэхийн зовлон даанч хэцүү. Ялангуяа эцэг, эх нь үр хүүхдээ, үр хүүхэд нь эцэг, эхийгээ. Амьдралын энэ хэцүү зовлонг сэтгэлдээ 33 жил тээсэн аав, охин хоёрын уулзалт олон хүний сэтгэлийн утсыг хөндлөө.
Хэсэг хугацаанд түр завсарласан "ТВ8" телевизийн "ТАВИЛАН" нэвтрүүлэг шинэхэн дугаараараа үзэгчидтэйгээ уулзав. Тус нэвтрүүлгийн уран бүтээлчид энэ удаагийн дугаараа Төв аймгийн Эрдэнэсант сумаас бэлтгэн хүргэжээ. Тэд амьдын хагацал үзсэн аав, охин хоёрыг 33 жилийн дараа уулзуулсан юм.
Ж.Хоролгарав гэх эмэгтэй аавыгаа хайж "ТАВИЛАН" нэвтрүүлэгт ханджээ.
Тэр амьдралынхаа туршид хэн бүхнээс илүү ааваа гэж дуудахыг, энгэрт нь наалдаж үнэрлүүлэхийн жаргалыг мэдрэхийг хүссэн нь лавтай. Тиймдээ ч 33 жилийн турш аавыгаа хүлээж, бас хайжээ. Нэвтрүүлэг эхнээсээ дуусан дуустлаа сэтгэлийн утсыг хөндсөн. Олон хүний нулимсыг барсан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Бүтэн 33 жилийн дараа аавтайгаа уулзаж байгаа охин, охинтойгоо уулзаж байгаа эцгийн тэр дүр төрх одоо ч сэтгэлээс гарахгүй л явна.
Магадгүй долоохон настайдаа аавыгаа алдсан надад дэндүү ойр сэдэв болохоор тэр биз. Ааваа гэж дуудалгүй, аавгүйгээр ижий бид хоёр 22 жил амьдарчээ. Хэн хэнд нь "эмзэг" сэдэв болохоор хааяа нэг аавын тухай ярина.
Харин "ТАВИЛАН" нэвтрүүлгийг үзэж суухдаа хэн, хэн нь нулимстай дуусгасан юмдаг.
Ижийгээсээ би юу ч асуусангүй, ижий минь надад юу ч хэлсэнгүй. Гэхдээ ижий, бид хоёр харцаараа ярилцсан, ойлголцсон. Би аавыгаа, тэр ханиа санасан. Баярлалаа, "ТВ8"-ынхаан, талархлаа "ТАВИЛАН" нэвтрүүлгийн уран бүтээлчдэдээ. Та бүхний ачаар гунигтай ч хорвоогийн хамгийн сайхан мэдрэмжийг дахин авлаа. Одоо харин "ААВ АА" гэж хорвоог дүүртэл хашгирмаар байна.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
Оросын телевизийн ”Жди меня” билүү нэг иймэрхүү нэвтрүүлэг байдаг.
Үзэх дуртай нэвтрүүлэг. Гэхдээ энэ удаагийн дугаарт ярилцахдаа сэдвээсээ хэт хазайж, зочдынхоо амьдралд шууд оролцох, цалин мөнгийг нь тулгаж асуух бүдүүлэг байдал анзаарагдсан шүү. Түүнийг сонирхож байвал өөр өнцгөөс, хүндэтгэж ярилцаж болно. Нэвтрүүлгийн жанр нь - нийтлэл, уран сайхны нэвтрүүлэг гэж ойлгож байна. Амжилт.