Сүүлийн жилүүдэд юм л бол хүчирхийлэл хийхээ зарладаг улайрсан тэмцэгчидтэй болчихоод байгаа. Зорилго нь нэг хүний засаг захиргааг тогтоох юм уу даа. Тэднийг өөгшүүлээд, зөөлрүүлж хэлбэл өхөөрдөж байлгасаар байх л ёстой зүйл мэт дасгачихжээ. Хууль хэрэггүй, хулгайч дээрэмчдийн өмчийг хураая (зарим нь бүр ална, тална) гэх. Ийм уриатай хувь хүн, хөдөлгөөн, нам хүртэл бий болсон.
Хуульгүй бол тэгээд хэний үзэмжээр хүнийг шүүх юм. Нударган, шар хувалз, феодал гэсэн түүхийн хар дурсамж сэдрээсэн сэтгэгдэл төрүүлдэг. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд хүний хэрэгцээнд хамгийн нөлөөтэй зүйлсэд “Эргэн тойрондоо хүлээн зөвшөөрөгдөх” хэрэгцээг оруулсан байдаг юм. Энэ хэрэгцээгээ нөхөхийн тулд “тэмцэгч” болчихсон жишээ ганц манай улсад ч байдаг юм биш.
Ухаандаа, улстөрчид хийгээд бизнесмэнүүдийнхээ хөрөнгийг хурааж ард түмэндээ өгсөн “энхрий хайрт” удирдагчид саяхны түүхэнд ч ганц, хоёроор тогтохгүй олон төрсөн байдаг юм. Венесуэлийн Уго Чавес дэлхийд алдартай байлаа. Хоёр жилийн өмнө нэг Гарлес хэмээх Венесуэл залуутай сургалтад хамт суусан юм. Уго Чавесаар яриа өдлөө.
Харин тэр “Бид Уго Чавесыг үзэн яддаг. Тэр улс орныг сөхрүүлсэн чөтгөр байсан юм” гэж билээ. Хойч үеийнхээ залууст ингэж дүгнүүлж байна. Хар тамхичдаа дийлэхээ байсан филиппинчүүд Дутерте гэх сайн эрийг сонгосон. Өнөөдөр түүний хар тамхины эсрэг үйл ажиллагаанд 29 мянга гаруй хүн амиа өгчихөөд байгаа. Парламент нь Ерөнхийлөгчөө насаар нь сонгох өөрчлөлтийг Үндсэн хуульдаа хийх гээд хэлэлцэж байх жишээтэй. Сонгохдоо айгаагүй хүмүүс одоо шүүмжлэхдээ айж сууна. Манай урд, хойд хоёр хөршид ч улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө алга. Харин бидэнд бол бий. Байгаа болохоор л телевизийн тоймч, үндэсний фронт гэх хөдөлгөөний тэргүүн Ш.Гантулга гэдэг хүн “Хэрвээ төрийн эрхэнд гарах юм бол хөрөнгө хурааж ядуу ардад олгох юм”, “Хангалттай олон тооны хүн хүрч ирээд талбай дээр гараа өргөөд бидэнтэй нэгдэх юм бол, эв санаагаа илэрхийлбэл бид ялах болно. Учир нь, бид олон таван үггүй шууд давших бодолтой байгаа (Төрийн ордон руу бололтой)” гэж яриад байж байна. Эрх чөлөөний солиоролд орчихсон учраас Төрийн соёрхолт инженер Н.Нацагням “Төрийн ордон руу дайрч ороод ардын намын 15 гишүүний эрүүг нь хуга цохино, хавиргыг нь хугалъя” гэж ярьж болоод байгаа юм л даа.
Энэ дунд сонирхуулахад, инженер Н.Нацагням Төрийн соёрхолт болсон тухайд би багахан мэддэг юм. АН-аас УИХ-д суусан Лу.Гантөмөр 2012 онд БСШУ-ны сайд болов. “Боловсролыг дэмжигч сэтгүүлчдийн клуб” ч гэж байгуулагдаж байлаа. Нэгэн удаа “Ерөөсөө манайд од гэхээр л улстөрчид, урлаг соёлынхон болчихоод байна. Шинжлэх ухааны одтой болъё” гэсэн яриа өрнөлөө. Ингээд баахан л гүйлдэж судалсан байх. Тухайн үедээ гадаадад сурсан, бас нэг цахилгаан хэмнэх ч бил үү дээ (одоо тэр зохиосон юмыг нь санаж байгаа хүн байна уу) бүтээлтэй болчихсон царайлаг, залуу олдов. Түүнд салбарын сайдын хүсэлтээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол олгосныхоо дараа “Н.Нацагнямд Төрийн соёрхол хүртээж буй нь онцлогтой. Учир нь, шинэ техник технологи нэвтрүүлэх ажил Монголд үнэхээр чухал байгаа. Манайд шинэ техник технологи, компьютерийн програм хангамжийг зөвхөн гадаадад хийдэг, монголчууд чадахгүй гэсэн ойлголт байдаг. Монголчууд үүнийг хийж чадна. Оюуны бүтээлийг шударга, зөв зүйтэй үнэлдэг болсон цагт Монгол Улсын хөгжил эрчимжиж, зөв чигт урагшлах учиртай. Иймээс юм хийж бүтээж буй техник сэтгэлгээтэй залуусыг төлөөлүүлэн Н.Нацагнямыг шагнаж байгаа юм. Энэ салбарт ажиллаж буй нийт залуусаа урамшуулж энэхүү шагналыг олголоо” гэж байлаа. Дараа нь, сэтгүүлчид тосч аваад олны дунд алдаршуулах ажлыг хийж байв. Одоо юу бүтээснээ бүгдээрээ харж байгаа байх. Ямар ч байсан техник, технологи хөгжүүлэхэд түүчээлж ажилласан эсэхийг нь би санахгүй байна.
Эргээд тоймч, төрийн соёрхолт хоёрын хэлсэн үгний араас тасалдсан бичвэрээ үргэлжлүүлэхэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.2.1-д “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 19.3.1-д “Монгол Улсын төр, засгийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн өндөр албан тушаалтны эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг юм. Хууль хэрэгжүүлэх байгууллага нь байдаггүй шүү. Гэр хорооллын иргэд гал түлэхдээ нүүрс хэрэглэж байна уу, үгүй юу гээд овгор товгор болгон дээрээс дурандаад зогсохыг цагдаа нарт даалгаж байгаа хэр нь төрийн институцийг заналхийлж байгаа хүмүүст халдаж чаддаггүй чинь өрөвдмөөр үү, хардмаар уу.
Хардах нь илүү амар. Учир нь ийм хачин экстремист үзлийг дэлхийн бусад улс оронд зүгээр хараад суудаггүй. Улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хариуцсан тагнуул, хуулийн байгууллагынхан нь харж, хянадаг. Бүр хуулийн хариуцлагыг нь хүлээлгэдэг юм. Харин манайд болохоор улс, орон мөхөж сөнөхөөс аврахын тулд гэсэн нэрээр аллага, хүчирхийлэлд уриалаад байгаа хүмүүс нь улам алдарших боллоо. Тэднийг даган дуурайсан, алга ташдаг бүтэн армитай болчихоод “фронт нээсэн” тухай зарлаад сууж байна. Улс төрийн сонгуулиар эрх мэдэлд хүрвэл бүгдийг үнэгүй болгож, баячуудын хөрөнгийг хурааж аваад тараана гэж байгаа нам хүртэл байгаа шүү дээ. Ингэж тонгочуулаад байгаа нь цаанаа зорилготой байвал яах вэ. Монгол Улс бүс нутагтаа ардчилсан замаар явж байгаа цор ганц орон. Тэгвэл нэг хүний дектатур тогтсон хоёр супер хөрш маань бидний зам мөрийг зүгээр хараад сууж байгаа гэхэд итгэж болох уу. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид агсан тэртээ жил “Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал хэзээ ч тохирохгүй. Муу ч, сайн ч энэ 76 хүн хэрэлдэж, уралцаж байгаад шийдвэрээ гаргадаг байх нь Монголын эрх ашигт бүрнээ нийцнэ. Яагаад гэвэл нэг хүнийг өөрийнхөө талд татаж авах, 76 хүнийг татаж авах хоёрын хооронд асар их ялгаа бий” гэсэн байдаг. Байгалийн баялагтай тусмаа, түүнийгээ ашиглах шаардлага хэрэгцээ байх тусмаа бидэнд одоо нэг биш олон толгой хэрэгтэй. Харин гадна талд бол хэрэггүй. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг оруулж чадсан гэх тодотголтой улстөрчид, Ерөнхий сайдууд ээлж дараалан хуулийн байгууллагын хаалга татаж яваа нь ч хар төрүүлдэг л юм.
Манай ардчилал залуу байна. Сэтгүүл зүй ч адил. Төлөвшлийнхөө замыг тохирох хэмжээнд нь туулаагүй байхдаа бид технологийн хөгжилтэй тулчихсан. Хүн алсан гэж худлаа ярьсан ч шууд дамжуулдаг, түүнийг нь хүлээж аваад итгэдэг масстай зовлонгийн тойрогт орчихлоо. Улс орны өмнө тулгамдсан асуудлын уг углуурга, гарц шийдлээс илүүтэй мэдээлэлд хүний анхаарлыг татаж байхуйц хачин сонин байх шаардлага тавигддаг болов. Энэ гүтгэлэгтэй холбоотой зүйлс тусдаа сэдэв болохоор орхиё. Гол нь үүнээс үүдээд болохгүй, бүтэхгүйг засах ганц баатар хүлээх байдал руу орж байна. Үүнийг ч гадаадаас элдвийн юм бичиж эх орноо өдөр бүр хөөрхийлдөг, хараадаг өөр нэг “арми” хангалттай тэжээж байгаа. Цахимд идэвхтэй байдаг хүмүүс бүгдээрээ л мэдэх зүйл. Үүнийг бичсэний дараа ч сүргээрээ гараад ирэх байх. Бас зарим нэг явдал ч хардлага төрүүлдэг л юм. Манай нэг сурвалжлагч Оросын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүний Путины бодлогыг эсэргүүцсэн ярилцлагыг орчуулаад сайтад тавихад доор нь 300 гаруй комментоор харааж зүхэж билээ. Сонгуулиар МАН, АН хоёр ч ингэж тэмцдэггүй. Мөн 10 мянга гаруй лайктай пэйж дээр Хонконгийн асуудлыг бичихэд фэйсбүүк рүү мянга гаруй хүсэлт очсоны дагуу блоклож байлаа. Тийм тооны Хятадыг “аврах бүлэг” байна гэсэн үг. Саяхан баригдаад вагоны цуваагаар буцсан “800 гаруй хятад хакерчдийн фронт” ч сэжиг төрүүлэм шүү. Ийм хөрсийг өнөөдөр харахад сонирхолтой, магадгүй инээдтэй. Гэхдээ хэдэн жилийн дараа хэн юу хийх гээд бэлтгээд байна вэ гэдгийг бас анхаарахгүй орхих аргагүй юм даа.
Амьдрал хүнд байна. Төрд шургасан хүнд суртал, хахууль иргэдийг сөхрүүлж гүйцлээ. Энэ Засгийн газрыг анх байгуулагдахад иргэдийн хүссэн “шударга ёс” бол төрийн хүнд суртал, хулгай зэлгийг арилгах байлаа. Үүнийг засахаар элдвийн л юм хийж байгаа харагддаг. Улам илүү ч хийх ёстой. Гол нь улс орныхоо чиг баримжааг олон нийтэд яаж ухааруулах вэ. Чөлөөт сонгуулиар санал авах гээд хамаг амьдралаа, хийсэн бүтээсэнтэйгээ дэлгээд зогсож байгаа нэгэн бол тамд шатахдаа таарсан муу хүн байдаггүй. Байдаг юм гэхэд дараагийн сонгуулиар элдэв дуулиангүй сольж болдог нь ардчилсан нийгмийн давуу тал юм. Харин чөлөөт сонгуулиар хэзээ ч цухуйхгүй хүмүүсийн хийрхэлд нь алга ташиж, дээрээ залаад баларсан жишээ дэлхий дээр олон. Үүнийг иргэддээ сурталчлахыг төр засгаасаа эхэлж анхаарах цаг нь болжээ. Цус нөж, чулуу мод, Модун шаньюу хүссэн талбайн тэмцэгчдээ “өхөөрдсөөр” суутал чинь хойно, урдаас чоно нохой гүйгээд, хотон дотор ханиад томуу үгдрэх гээд байгаа юм биш үү.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Ер нь бол Гантулга гуайг дэмжиж багаа. .........хулгайн гараар орсон омчийг хурааж авах нь зохистой санагддаг. ....