Халтирч унаад гэмтсэн бол хохирлоо ИНГЭЖ барагдуулна

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Цас орж, хүйтний эрч чангарч буйтай зэрэгцэн халтиргаа гулгаа нэмэгдэж, халтирч унаснаас гэмтэж бэртэх иргэдийн тоо өссөөр байна. Тиймээс аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд өөрийн байгууллагын ойр орчмын 50 метр зам талбайн цас, мөсийг арилгах үүрэг хүлээдэг, арилгаагүйгээс халтирч бэртсэн бол хохирлоо барагдуулах эрхтэй байдгийг иргэн танд сануулж байна.


Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан журамд "Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн баталгаажсан 50 метр эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх үүрэгтэй" хэмээн заасан байдаг. Уг тогтоолын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, цас мөсөө цэвэрлээгүй иргэнийг 50 нэгж, байгууллагыг 500 нэгжтэй тэнцэх мөнгөн торгуулиар торгох заалттай. 

Мөн цас мөсөө цэвэрлээгүйн буруугаас иргэн халтирч бэртсэн, автомашин мөргөлдсөн бол Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу "Бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан" хэмээн үзэж, гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг.

Тиймээс иргэн та цас мөсөө цэвэрлээгүй, халтиргаа гулгаагүй байх орчныг бүрдүүлээгүй албан байгууллагын ойр орчимд халтирч бэртсэн харьяа дүүргийнхээ Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар хохирлоо барагдуулах боломжтой юм. Харин ингэхийн тулд байгууллагын буруугаас халтирсан тохиолдлоо баримтуулж авах шаардлагатай гэдгийг сануулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top