Сонгууль бүрийн өмнө сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг ч зуршил болж дээ. Сүүлийн хэдэн УИХ-ын сонгуулиас харахад хуулиа өөрчилсөн талдаа ашиггүй тусаад байгаа. Ойрхон жишээ гэвэл 2012 онд анх удаа холимог буюу пропорционал хэлбэрээр сонгууль хийсэн. Ингээд 48 нь тойрогт 28 нь намын жагсаалтаар парламентад орж байв. Сонгогчид тойрогт нэр дэвшигчээс гадна давхар намын нэр дугуйлсан. Намд өгсөн саналд хувь тооцох зарчмаар намуудын жагсаалтын эхэнд байсан хүмүүс УИХ-д орсныг бүгдээрээ санаж байгаа байх. Яг л үүний нөлөөгөөр МАХН-аас О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар УИХ-ын хаалгыг татаж байсан юм. Сүүлд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж О.Баасанхүүг “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж орж ирсэн” гэж хэлсэн нь үүнтэй холбоотой. АН, МАН-ын хувьд яг ийм байдлаар сонгууль хийвэл жагсаалтын эхний 10-т байгаа улсууд шууд гишүүн болох боломжтой нь тэр сонгуулиар харагдсан. Тиймээс ч сая Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын сонгуулийн холимог хэлбэрийг оруулах тухай яриа өрнөхөд “Намын жагсаалтын ард нуугдаж орох гэсэн хүмүүс ингэж байна” гэх хэл үг гарч байсан хэрэг.
Ер нь бол 2012 оны сонгуулийн дараа пропорционалын аливаа хэлбэрийг Үндсэн хуулийн цэцээс “Иргэний сонгох эрхийг зөрчсөн” гэдэг үндэслэлээр хүчингүй болгочихсон. Тиймээс ч 2016 оны сонгууль тойрогт дэвших буюу мажоритар хэлбэрээр явахаас өөр аргагүй байлаа. Гэхдээ улс нэг, бүсчилсэн, аймаг нэг, жижиг зэрэг мажоритарын хувилбарууд бий. Үүнээс жижиг мажоритар хувилбарыг сонгосноос үүдсэн олон зөв, буруу явдлууд өнөөдөр биднийг энд хүргээд байна.
Ерөнхийдөө МАН төрийн эрх авснаасаа хойш Сонгуулийн тухай хуулийг задалж гурав хуваах, сонгуулийн хэлбэрийг өөрчлөх талаар ярьж байгаа. Өнгөрсөн хавар гэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар улс нэг тойрог байж болох тухай хувилбар дэвшүүлж байв. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт Сонгуулийн тухай хууль орсон. Ирэх оны улсын төсөв, төсөвтэй холбоотой хуулиуд, Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажил шувтарлаа. Ингээд Сонгуулийн тухай хуулийг ярих цаг ойртохтой зэрэгцээд “Том мажоритар хэлбэрээр явуулахаар зэхсэн хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон” гэдэг яриа Төрийн ордонд тарсан. Өнөөгийн эрх баригчдын нүдээр харах юм бол жижиг тойрогт үзсэнээс илүүтэй томсгосон тойрогт өрсөлдөх нь өлзийтэй байж мэднэ. Үнэмлэхүй ялагдаж гудамжинд гарсан АН-ынхан өнгөрсөн жилүүдэд жижиг тойрогт өрсөлдөхөөр мөлхөө сурталчилгаа нэлээд хийсэн байх. Дээр нь тойрог томорчихвол олны танил болсон хүн сонгогдох магадлал ихэснэ. Ганц асуудал нь ийм хэлбэрээр сонгууль явуулахад өрсөлдөгч намынхан гэхээсээ илүүтэй өөрийнх нь мөр зэрэгцсэн журмын нөхөр санал хуваах магадлал илүү байдаг. Өмнө нь ийм хэлбэрээр сонгууль хийсний дараа нэг нэгнээ үзэж чадахаа байсан хүмүүс мөн ч олон гарсан даа. Харин давуу тал гэвэл тойрог томровол “царцааны нүүдэл” зогсох, ийм арга хэмжээ авсан ч үр дүн багатай байх давуу тал бий.
Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталснаас үүдэн хувилбарт ч өөрчлөлт орсон тухай яригдаад эхэлжээ. УИХ-аар батлагдаж өдгөө Ерөнхийлөгч ёсчлох л үлдээд байгаа төслийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэнэ. Уг төсөлд “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж байгаа. Тэгэхээр одоо сонгуулийн хуулийг өөрчилчихвөл ирэх тавдугаар сард тэр нь хүчин төгөлдөр хэлбэртэй болчих боломж байгаа юм уу даа.
Сая Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байхад АН-ын хувьд холимог хэлбэрийг оруулах санал гаргасан боловч хэлэлцүүлэг дээр дэмжигдээгүй. Гэхдээ АН гэлтгүй МАН-ын гишүүдийн дотор ч сонгуулийн холимог хувилбарт таатай ханддаг гишүүн олон. Пропорционал хувилбар ч дотроо олон янз. 2012 онд нам дугуйлах хэлбэрийг сонгож байсан. Эндээс намд өгсөн саналд хувь тооцож цаад жагсаалтад байгаа хүмүүсийг УИХ-д оруулсан нь шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл одоо Төрийн ордонд албан бусаар яригдаад эхэлсэн хувилбарт УИХ-ын 76 гишүүний 50 нь тойрогт, 26 нь хүн дугуйлах пропорционал хэлбэрээр сонгогдох боломжтой гэнэ. Тухай нь нам бүр пропорционал хэлбэрээр сонгогдох 26 хүнийхээ нэрийг сонгуулийн хуудас дээр байршуулах аж. Заавал тойрогт очиж өрсөлдөх шаардлагагүй олон нийтээс хангалттай оноо цуглуулж чадах капитануудаа урдаа гаргана гэсэн үг. Ингэвэл жагсаалтын ард нуугдаж УИХ-д орох гэлээ гэдэг хардлага буурна гэж тооцсон бололтой.
Дээр нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно” гэж оруулсан. Насанд хүрсэн иргэдийн нэг хувь гэдэг 20 мянга орчим болно. Өнөөдөр 20 мянгаас дээш гишүүнтэй нам гэвэл МАН, АН, МАХН байгаа. Дээр нь ХҮН хүчээ зузаалбал энэ тоонд хүрэх боломж байгаа байх. Тэгэхээр сонгуулийн хуудсан дээр арван хэдэн намын нэр дэвшигчдийн баахан нэрс байх эрсдэл буурчихаж байгаа юм.
Хэрэв ийм хувилбараар сонгууль болно гэж тооцвол пропорционалаас үлдсэн 50 тойрог өнөөгийнхөөс томрох нь ойлгомжтой. Хүн ам багатай аймгууд нэг, томоохон аймгууд хоёр тойрогтой болох байх. Мөн Эрдэнэт, Дархан хотуудыг аймгийн түвшинд биш улсын хэмжээний хот гэсэн ангилалд оруулахаар болсон. Тэгвэл эдгээр хүн ам ихтэй хотуудад хэдэн тойрог гарах нь ойлгомжтой. УИХ-д анх удаагаа сонгогдсон гишүүдийн хувьд хуучин 76 жижиг тойргоор сонгуульдах хүсэлтэй байгаа тухай ч дуулдаж байна. Чухам ямар хувилбар сонгохыг эрх баригчид шийдэх билээ.
Сэтгэгдэл ( 4 )
ҮХ-ийнхаа залтыг сайтар уншаасай билээ. Ямар ч хувилбарт сайн, муу тал бий л дээ. Гэхдээ ҮХ-д ”УИХ-ын гишүүнийг шууд сонгох эрхийн үндсэн дээр...” гээд нэг тоон дээр бичигдсэн байгаа нь сонгогчид нэг л хүнийг сонгох эрх олгогдсон байна. Угтаа бол сонгогч /иргэн/ саналаа пропорционалиар өгөх ямар ч боломжгүйл дээ. Харин саналаа шууд эсвэл шууд бусаар л өгөхөөс өөр арга байхгүй /одоогоор өөр арга гараагүй/. Пропорциональ, мажоритор гэдэг нь төлөөллийн хэлбэрийг л илэрхийлдэг болохоос сонгогчийн сонгох эрхийг илэрхийлдэггүй, илэрхийлэхч боломжгүй гэдгийг ойлгоосой, анхаараасай билээ.
Zi kharaalgadag shig Khurelsukh daraa n yamar h khelberiig songoson adilkhan buruudana duu.30 namaas khumuus orj irne.
ЯМАР Ч СОНГУУЛЬ ХИЙСЭН ЭНЭ 76-Г СОНГОЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД МИНЬ БҮҮ МАРТААРАЙ ЭД НАРТ АРД ТҮМНЭЭ ГЭСЭН ӨЧҮҮХЭН ТАРХИ ЗҮРХ БАЙХГҮЙ УЛС МОНГОЛ БАНК ,\nХУУЛЬЗҮЙН ЯАМ ТУС БҮР ОФФИСЫН 8-16ДАВХАР БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА ТЭХЭД МОНГОЛЧУУД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ Л ХЭРЭГТЭЙ БАЙХАД ӨӨРСДИЙНХӨӨ ИДЭХ СОНИРХОЛД ХӨТЛӨГДӨН КОНТОРЫН БАЙШИН БАРИУЛЖ БАЙНА ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ БҮХ ТАВИЛГАА ШИНЭЭР ТАВЬЖ БАЙНА ТӨРИЙН МӨНГӨӨР ТУУЛЬЖ БАЙХАД АРД ТҮМЭН ЭМНЭЛЭГИЙН ОЧЕР ХҮЛЭЭЖ ЯДАРЧ ЯВНА ТЭР ХАВДАРЫН ЭМНЭЛЭГИЙН БАРЬЧИХСАН БАЙШИНГ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АВАХ СЭТГЭЛ АЛГАА
ЯМАР Ч СОНГУУЛЬ ХИЙСЭН ЭНЭ 76-Г СОНГОЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД МИНЬ БҮҮ МАРТААРАЙ ЭД НАРТ АРД ТҮМНЭЭ ГЭСЭН ӨЧҮҮХЭН ТАРХИ ЗҮРХ БАЙХГҮЙ УЛС МОНГОЛ БАНК ,\nХУУЛЬЗҮЙН ЯАМ ТУС БҮР ОФФИСЫН 8-16ДАВХАР БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА ТЭХЭД МОНГОЛЧУУД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ Л ХЭРЭГТЭЙ БАЙХАД ӨӨРСДИЙНХӨӨ ИДЭХ СОНИРХОЛД ХӨТЛӨГДӨН КОНТОРЫН БАЙШИН БАРИУЛЖ БАЙНА ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ БҮХ ТАВИЛГАА ШИНЭЭР ТАВЬЖ БАЙНА ТӨРИЙН МӨНГӨӨР ТУУЛЬЖ БАЙХАД АРД ТҮМЭН ЭМНЭЛЭГИЙН ОЧЕР ХҮЛЭЭЖ ЯДАРЧ ЯВНА ТЭР ХАВДАРЫН ЭМНЭЛЭГИЙН БАРЬЧИХСАН БАЙШИНГ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АВАХ СЭТГЭЛ АЛГАА